Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл дөрөвдүгээр сарын 29-нөөс, нэр дэвшигч тавдугаар сарын 26-наас хойш хандив авах эрх нь нээгдэнэ гэж заасан. Хуулийн энэ заалт өчигдрөөс хэрэгжиж, гишүүний бүрэн эрх горилогчид өөр өөрийн цахим хуудсаараа дансаа ил болгож эхэллээ. Энэ үйл явдлын эхэнд нэгэн чухал асуудлыг нийтлэл болгон зангидъя. 2008 онд МАН нэр дэвшигчдийнхээ хандивын босгыг 20 сая, АН 50 сая төгрөгөөр тогтоож байсан санагдана. Тухайн үед АН-ын дарга байсан хүн “50 сая төгрөг өгч чадахгүй хүн нэр дэвшээд хэрэггүй” гэж шулуухан зарлаж байв. Тэгвэл өдгөө энэ тоо өссөөр 500 сая хүрснийг та бид харж буй. Намдаа 500 сая төгрөгийн хандив өгч, сонгуульд нэр дэвших эрхээ халааслаад амжсан бэлтэй нөхдөөс эхлээд амьдардаг орон гэрээ зараад сонгуулийн босго давсан нь ч бий. Хэн нэгний гар, хөл, халаасны хүн болж нэрээ дэвшүүлсэн нэгэн байхад, улс төр дэх ураг төрлийн хэлхээг залгамжлан санал хуваах, эвсэх, нэг тал болж нөгөөгөө хадарч унагах санаа, зорилготой хүн ч байгаа. Энэ мэт түмэн шалтгаантай, мянган зорилготой, үхрийн бөөр шиг алаг горилогчтой сонгуулийг бид үзэх гэж байна.
Сонгууль тойрсон яриа гол сэдэв болж, зардал ихтэй, өртөг өндөртэй, дэмжигч олонтой “дэвжээ”-нд хүч үзэж байгаа төр түшилцэхээр зорьж буй хүн бүхэн сонгогч, дэмжигчдээсээ хандив, тусламж гуйж, олсон мөнгөөрөө сурталчилгаагаа хийх боломжтой болсон энэ өдрүүдэд нам, нэр дэвшигчийн хандивын дансыг шилэн болгоё. Хэдийгээр Монгол Улс төсвийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн таатай шийдэл олж, Шилэн дансны тухай хуулийг баталсан ч төгс хэрэгжихгүй, “мартагдахад” хүрч байна. Шилэн дансны тухай хуулиар тууштай шоудаад, өөрийн санаархсан албан тушаалдаа очоод ам нь нээгдэхээ больсон цөөн хэдэн хүний шантаажны “зэвсэг” болдог Шилэн дансны тухай хуулийн заалтуудыг нам, нэр дэвшигчийн хандивын аян өрнөж байгаа энэ өдрүүдэд нээлттэй байлгая.
Иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөг хандивлаж болно хэмээн зөвшөөрсөн энэ хэмжээг дагах нь уу, давуулах нь уу гэдгийг нээлттэй хяная. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй гэдэг. Хандив, мөнгөний сав нь олон амсартай, далдын далдаас халаасны хүнээ дэмжигчид хуульд заасан хэм хэмжээнээс халтирч, халгиж, цалгиулах магадлалтай учраас нам, эвслээс гадна нэр дэвшигчийн дансны мэдээллийг нийтэд зарлая. Ингэж чадвал, гарааны зурхайгаас яг нэг цагт, ижил боломж, тэгш оролцоотойгоор өрсөлдөх боломж нээгдэхээс гадна төр гэх хаалгаар орох гэж байгаа хэн боловч шууд үсэрчихдэггүй, алхаад ордог гэдгийг санаж байх хэрэгтэй биз.
Мөн хэний дансанд ямар хэмжээний мөнгө оров, төгрөг үү, валют уу гэдэг нь тодорхой харагдана. Хандивын дансыг шилэн болгох ёстой ч хэн ч, юу ч хараагүй мэт олны өргөл, барьц, тусламж, дэмжлэгийг авчихаад чимээгүй хав дараад өнгөрүүлчихвэл өнөөх л далд эрх ашиг томрохоос гадна, авлигын ард ямар нэгэн “бялуу” хүртэх, хүртээх гэсэн өр даамжирна.
НЭР ДЭВШИГЧИД ХАНДИВАА ЗАРЛАЯ
Төсөв мөнгөний зарцуулалт шилэн болсон гэхээсээ авлига шилэн болсон цаг шүү гэдгийг энд онцлохыг хүслээ. Үүнийг сануулан, болгоомжлуулахын учир нь, түмэн хүний дундаас мянган зовлон туулан байж намаасаа дэмжлэг авч, парламентын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхээ авсан суудал горилогчид сурталчилгаандаа бялуурдаг муу талтай. Ил, далд, ард, урдуур “Дарга аа, даамал аа” гэж гүйдэг нөхөд биш ноход олширдгийг мартаж болохгүйг сануулъя. Яг энэ өдрүүдэд УИХ-ын сонгуульд ялалт байгуулчихсан мэт авирлах горилогчдын дэргэд сүүдэр мэт дагадаг хоёр төрлийн дайсан бий болдог.
Эхнийх нь “Би ялах ёстой” гэх муйхар үзэлтэй, өрсөлдөгч хүчний, багийн довтолгоо бол нөгөө нь “Та л ялах ёстой шүү” гэж хоосон хөөргөдөж, эрсдлийг тооцохгүйгээр бүхнийг балладаг мэдрэмжгүй пиарчид. Ийм хоёр төрлийн буруу тахилчнаас болж нэр дэвшигчдийн рейтинг шавар, шавхайтай хутгалддаг тохиолдол бишгүй. Малгай өмсгөж, магтаал урсгасан долдой нарт хүлүүлчихдэг эгзэгтэй цагт зарим нь алдрын тавцан дээрээс буухгүй гэж байдгаа бардаг бол ихэнх нь дүрээсээ гарахгүй явсаар буруу гараар орж ирсэн буцалтгүй тусламжийн мөнгөнд даруулах нь бий. Сонголт хийх өдөр ойртох тусам ихэнх горилогчдийн дотор адын гэмээр бодол, хүсэл ургадаг нь “Ямар ч аргаар хамаагүй ялалтын бамбарыг гартаа атгах юм шүү” гэх улайрал. Ийм шунахайрлаас мөнгө тараая, санал хуваая, эрх ашгаа томруулъя, албан тушаалд очъё, байр сууриа бэхжүүлье гэх мэт башир санаа төрдөг.
Нэгэнт ийм санаа зүрх, сэтгэлийг эзэмдчихсэн үед бие нь хаашаа одох билээ. Ингээд л шударга өрсөлдөөн, цэвэр ялалт, иргэний эрх ашиг ярьж явсан ардын баатар зүсээ хувиргаад эхэлдэг. Нэгэнт өөр сонирхол үүсээд бурууг бодчихсон хүний тархинд өнөөх сонгуулийн тухай хуулийн заалт, түүнийг дагаж мөрдөх журмууд ямар ч хамаагүй болж, “мартагддаг”. Ой санамж нь арилснаас болоод орой, үдшийн цагаар гэр орондоо сууж байгаад зүс, хэл нь үл мэдэгдэх нөхдөөс их хэмжээний бэлэн мөнгө, валют авсан үйлдэл нь бичлэгээр задардаг хар түүх бий шүү гэдгийг сануулъя. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж үг бий. Тиймээс хандив, мөнгөө хуулийн хүрээнд цуглуулаад, дансаа шилэн болгочих. Тэгж чадвал сонгогдож, дэвших нь яах вэ, ядаж л нэр бүтэн юм даа.
“ХАРАНХУЙ” ДАНСНЫ ГАЙ
Хэдийгээр энэ жишээ Ерөнхийлөгчийн сонгуулийнх ч гэлээ өдгөө ч давтагдах магадлалтай учраас тодруулж байгаа хэрэг. 2013 он. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох түүхэн цаг мөч байв. МАН-аас Б.Бат-Эрдэнэ нэрээ дэвшүүлж байсан бол АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэрээ дуудуулж байлаа. АН, МАН-ын дунд өрсөлдөөн бужигнаж, жинлүүрийн таваг эн тэнцээд байсан үе. Дэвшүүлсэн нам, сонгогдох магадлалаар нь тооцвол өрсөлдөөн хоёр хүний дунд л өрнөсөн. Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ. Ямар ч тохиолдолд энэ хоёрын нэг нь Ерөнхийлөгч болох байв.
Ялагч нь эхнээсээ тодорхой сонгуулиудыг бодвол сонгогчдын санал ч сурталчилгааны хугацаанд хоёр тийшээ савлаж байв. Энэ савлагаа хандивлагч компаниудад ч бас адилхан үйлчилж байсан бололтой. Хожмоо Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн намуудын санхүүгийн тайлангаас харахад, хандиваа тэнцүүлсэн компанийн нэг нь “Энержи ресурс” байсан. Эднийх нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нарт яг ижил хэмжээний хандив өгсөн байсан нь тогтоогдохоор барахгүй одоо ч СЕХ-ны “хавтас”-т хадгалаатай бий. Үүн шиг намуудад болон нэр дэвшигчдэд өгсөн компаниудын хандивыг сонгуулийн бус цагт ч нийтэд ил тод мэдээлж байя. Дансны мэдээллийг хав дарчихвал энэ мэт ээдрээтэй, эрх ашигтай компани, хувь хүн энэ цагт хэдэн зуугаараа тоологдохыг үгүйсгэх аргагүй.
Ийм өглөгийн лай нь данс эзэмшигч дээр буух бөгөөд өглөг, авлага нь төрийн ордонд орсных нь дараа буюу хууль санаачлагч болсных нь ард яригдах нь дамжиггүй. Хүний мөнгө авсан хүн хүний эрхээр “жаргадаг” нь хуульгүй үнэн.
ЖИЛЭЭС ЖИЛД ТОМОРСОН ХАНДИВЫН ДАНСНЫ БАГТААМЖ БУЮУ НАМД ДАГАН БАЯСАХУЙ
Монголчууд нийтээрээ улс төрждөг болсны шалтгаан нь хандив гэгч хар дансны хэмжээ жилээс жилд томорсон үеэс байж мэднэ. Тухайлбал, 2004 онд сонгуульд оролцсон намууд нийт тэрбум төгрөгийн хандив авч байжээ. Гэтэл энэ тоо 2012 онд 35 тэрбум төгрөг болж өсөв. Хандивын хэмжээ сонгуулиас сонгуулийн хооронд ийнхүү огцом өсдөг нь улс төрийн гол хоёр намаас үүдэлтэй. Хэн намын гишүүний гишгэх шат бүхнийг мөнгөөр “хучна” тэнд улс төржилт, авлига, албан тушаалын наймаа, ар өврийн хаалга, шударга бус тэмцэл өрнөв.
Ийм тэмцэл өрнөх тусам намуудын гишүүнчлэл олширч, тэр хэрээр хандивын данс томров. 200-180 мянган гишүүнтэй болтлоо үржсэн МАН, АН-ын гишүүд бялуу хуваах ажиллагаанд гар бие оролцохыг хүсэхээс гадна үртэс ч болов амандаа хийхийг хүсэх нь тодорхой. Гишүүдээ албан тушаал гэх “амттанд” алалцуулаад ар дээр нь дэнчин, хандиваа аваад суух нь намын дарга нарт ашигтай учраас өдгөө аль нэг хүчний харьяалалгүй хүн Монголд алга. Жалга довоороо бүү хэл, эхнэр нөхөр, ээж аав хэд хэд хуваагдаад намаа өмөөрч, ам мурийдаг гаж үзэгдэл Монголд л бэхэжсэн. Гэр бүлийг хүртэл талцуулсан гай нь мэдээж өнөөх хандивын данс, намжсан гишүүнчлэлийн харьяалал.
ХАНДИВ ХААНААС ЭХЭЛДЭГ ВЭ
Хэн ч мөнгөө зүгээр бэлэглэхгүй. Ард нь заавал давхар эрх ашиг бий. Мөнгөө бариад “Ах аа, намайг бодоорой. Хэрэв гишүүн болчихвол ийм хууль санаачлан батлаад, тийм тендер шийдээд өгөөч” гэсэн сайн дүү олширдог гээд хардчихъя. Учир нь тэднийхээр мөнгө бол эрх мэдэл. Энэ бол аль нам хэдэн суудалтай байхын хэмжүүр. Ингээд л намууд жил ирэх бүр мөнгөнөөс хараат болж, хандивлагчдын мөнгөө хэд дахин үржүүлж болох “хадгаламжийн данс” болж хувирдаг. “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “Сант марал” төв намуудын санхүүжилт, хандивтай холбоотой судалгаа хийсэн юм билээ.
Улаанбаатар, Говь-Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн 1200 хүнийг хамруулсан уг судалгаагаар 80 хувь нь хандив өгч, авч буй арга зам ил тод биш гэдгийг онцолсон байдаг. Үүний шалтгааныг 53 хувь нь намууд болон нэр дэвшигчид хандивлагчдаа зарлах хүсэлгүйтэй холбожээ. 52 хувь нь хариуцлага тооцдоггүй, тооцсон ч тэр нь нөлөөлөх хэмжээнд чанга биш гэсэн байх юм. Нээрээ л хэн хэдэн төгрөгийн хандивыг аль намд өгсөн тухай мэдээлэл ил тод биш. Энэ цэвэрхэн “авлига” дансны ард өрнөж, гараас гарт дамждаг.
Тэгэхээр хандив нэрээр 5-20 сая төгрөгийн авлига авч болох энэ аргыг сэдэж, хуулийн хүрээнд зөвшөөрсөн нь өдгөө монголчуудыг нийтээр нь улстөрждөг, талцаж, хуваагддаг үзэгдэл рүү түлхэж байгааг ухааръя. Нэгэнт Сонгуулийн тухай хуулиар зөвшөөрчихсөн хандивыг зогсоож чадахгүйгээс хойш нэр дэвшигчдийн дансыг л шилэн болгоё.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно
Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажиллах болон цахим орчны хяналтыг ШӨХТГ хариуцдаг. Тэгвэл тус байгууллагаас ээлжит сонгууль эхэлсэн буюу 2020 оны нэгдүгээр сараас хойш сонгуультай холбоотой мэдээлэлд хяналт тавьсан байна. Энэ удаад Сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөр хариуцлага тооцох хуулийн заалт илүү чангарсан. ШӨХТГ-аас Радио, телевиз нь хэвлэл мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг баримтлахгүй, хараат бус байх зарчмыг баримтлах ёстой. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглосон. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсвэл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, сурталчилгаа явуулахдаа тэнцвэртэй байдлыг хадгалж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм. Мөн сурталчилгааны явцад хэвлэл мэдээллийн байгууллагууд хаалтын гэрээ хийж байгаа эсэхийг хянах аж. Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэл “ШӨХТГ УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дээрх дөрвөн заалтын хэрэгжилтэд хяналт тавьдаг. Цахим орон зайд өөрөө болон бусдаар дамжуулж улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага аль нэг нам нэр дэвшигчийн талаарх мэдээ мэдээллийг дагнан гаргах, гаргахгүй байх амлалт авч гэрээ байгуулахыг хориглоно.
39.5. Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.
46.13. Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална.
48.1.7. Xэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.
48.7. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллага Сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайлангаа мэдээлнэ. Үүнтэй холбоотой журамд тайлангаа олон нийтэд мэдээлсэн даруйдаа ШӨХТГ-т нотлох баримтын хамт өгнө. Сонгуулийн жил эхэлснээс хойш бүх хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн 30 намд мэдээлэл зөвлөгөө өгсөн. Уулзалт сургалт хийж, цахим орчинд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байна. Энэ хугацаанд дөрвөн телевиз, нэг сайт зөрчил гаргасан. Цахим орон зайд санал асуулга явуулсан 43 вэб сайт, цахим хуудсыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Тухайлбал, “Иргэдийн дуу хоолой” групп дээр хувь хүмүүс болон бусап группүүдээс хууль бус постууд маш их постолж байна. Тиймээс группын админыг авчирч, хууль зөрчсөн ажиллагаануудыг таслан зогсоож админы зөвшөөрөлтэй нийтлэх арга хэмжээ авч ажиллах шаардлага өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, маш их зөрчил гарч байна. Энэ хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд цахим сайт болон фэйсбүүк хуудсын хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлана.
Мөн хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй. Тиймээс иргэд санаатай, болон санамсаргүй байдлаар энэ хуулийг зөрчсөн үйлдлийг цахим орчинд нийтлээд хариуцлагад унах вий гэдгийн тусгайлан анхааруулж байна. Үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх нь иргэдэд байгаа ч сонгуулийн үеэр ийм хууль үйлчилнэ” гэлээ.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээ авах юм.
Үргэлжүүлэн хуурамч шатахуун, цементийн үнэтэй холбоотой иргэдийн гомдол тайлбар хийлээ. “Тавдугаар сарын 5-наас эхлэн хяналт шалгалтыг хийж байгаа юм байна. Өдөрт 300 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор үйдвэрийн ажилчид Монгол Улсад ирж чадахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ эхлүүлж чадаагүй байна. Үүнийг нийлүүлэлт багасаж, үнэ өсөхөд нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн Мон Цемент, МАК ХХК тавдугаар сарын 11-14-ний хооронд нийт гурван өдөр цахилгааны хязгаарлалтад орж, үйлдвэрлэл доголдсон байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн эргэх зуух зэрэг тоног төхөөрөмж технологийн горим алдагдсан нь жигдрээгүй зэргээс шалтгаалаад хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Шатахууны чанар, түгээлтийн хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байгаа. Шалгалтыг зөвхөн ШӨХТГ бус АМГТГ хамтран явуулдаг бөгөөд шалгалтын нэгдсэн дүн мэдээлэл хуулийн дагуу 90 хоногт гарах ёстой байдаг. Иргэдийн зүгээс шатахууны чанар муугаас болж авто машин нь эвдэрсэн, дутуу шахаж байна гэх зэрэг гомдлууд ирсэн бөгөөд шалгалтын ажлын хэсэгт хувийн хэвшил төдийгүй төрийн албан хаагчид ч нөлөөлөх боломжгүй, давхар шалгуулдаг тул төрийн байгууллагын хяналт шалгалтын дүн гарах хүртэл хүлээцтэй хандахыг хүсч байна” гэж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хятад, Энэтхэг улсууд хилийн маргаантай бүс нутагт цэрэг хуримтлуулж эхэлжээ
Хятад, Энэтхэгийн талуудын хооронд болсон хэд хэдэн удаагийн яриа хэлэлцээр амжилтгүй болсны дараа Энэтхэг улс хойд хилийнхээ маргаантай бүс нутагт цэрэг нэмж байрлуулсныг эх сурвалж мэдээлжээ. Ладак нэртэй хилийн энэ бүс нутагт Хятадын талаас 5,000 орчим цэрэг, хуягт техник нэмж байрлуулаад байгаа юм. Сая Энэтхэгийн тал ойролцоо тооны цэргийн хүч нэмж байрлуулжээ. Тавдугаар сарын 5-нд Төвдийн өндөрлөгт оршдог Пангон Цо нуурын савд хоёр улсын хилийн цэргүүдийн дунд мөргөлдөөн болж, аль аль талаас цэргүүд бэртэж гэмтсэн байна. Энэ явдлын дараа Дели, Бээжингийн дипломатчид, цэргийнхэн тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд маргаан зөрчлөө арилгах зорилготой хэлэлцээ хийсэн нь үр дүнгүй болжээ.
Хоёр улсын дунд 3,488 км урт шийдэгдээгүй хилийн зурвас байдаг ба 1962 онд маргаанаа хүчээр шийдэхийн тулд хоорондоо дайтаж байсан юм. Үүнээс гол мөргөлдөөний талбар болдог хэсэг нь хойд хилийн Ладак болон зүүн хилийн Сикким нутаг ажээ. Хятад, Энэтхэгийн маргаан зөрчлийг арилгахад АНУ зуучлах боломжтойг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудсаараа мэдэгдсэн байна. Мягмар гарагт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал, батлан хамгаалахын сайд, генерал Бипин Рават нартай хилийн маргааны асуудлаар уулзжээ. Уулзалтын дараа хилийн хамгаалалтаа чангатгахын хажуугаар дипломат шугамаар Хятадын талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх шийдэлд хүрсэн байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Bloomberg
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 05 дугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи хугацаанд 18000 гаруй энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар 1100 гаруй цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Манай улсын хувьд Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг 2005 оноос тэмдэглэх болсон бөгөөд дэлхийн түүхэнд анх 1948 онд Араб Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. "Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй нийт Цэнхэр дуулгатан та бүхэндээ "Энхийг сахиулагчдын өдөр”-ийн гал халуун мэндийг хүргэе.
Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан цэргийн багийн анхны захирагч 2 боть номынхоо нээлтийг цахимаар хүргэж байна
Өрсөлдөгчөө намнах эрх баригчдын үйлдэлд иргэд дургүйцэж эхэллээ
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр СЕХ-ноос тогтоолоо гардан аваад байсан Н.Номтойбаярыг өчигдөр Хорих 461 дүрээг ангид саатууллаа. Өчигдөр болсон энэ үйл явдалд иргэд сошиал орчинд дургүйцлээ илэрхийлсээр байна. Н.Номтойбаярыг бие даан нэр дэвших гэж буйг Хан-Уул дүүргийн иргэд дэмжиж, 31 мянган хүн гарын үсгээ зурсан байдаг. Сонгуулийн албан ёсны ажиллагаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө болж буй энэ үйл явдал эрх баригчдын өрсөлдөгчөө намнах танил арга юм. Тэд сонгуульд ялалт байгуулах магадлал бүхий улстөрчдийг сонгуулийн өмнө барьж, шоронд хорьдог. Сонгуулийн дараа юу ч болоогүй мэт гаргаад явуулдаг. Хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулж, төрийн нэрээр далайлган шоронд хорьж байгаа энэ үйл явцад иргэд ясны дургүй нь хүрч байна. Тиймээс өнөөдөр Н.Номтойбаяр шоронд орсноороо нэр хүнд нь улам нэмэгдэж байна. Магадгүй, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа эрх баригчдийн нэр хүнд тэр хэрээр унаж байгаа биз.
Н.Номтойбаяр саатуулагдахаас өмнө өөрийн цахим хуудаснаа "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!" хэмээж бичиж амжсан байсан.
Өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг нь энгийнээр бол гэм буруугийн бус, харин хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын товыг гаргах үйл явц. Гэтэл шүүх хуралдааны төгсгөлд прокурорууд мэдээлэл гаргаж, Н.Номтойбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон. Үүнийгээ ч гүйцэлдүүлж, ачаад явсан. Түүнийг мөрдөн байцаагчтай утсаар ярьсан гэх үндэслэл гаргаж ирж байгаа. Үнэн хэрэгтээ энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчиж байгаа юм. Түүнд, “Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа” буюу зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно гэсэн байдаг.
Н.Номтойбаяр энэ заалтад хамаарагдах эрх нь үүсчихсэн, СЕХ-ноос “Бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолоо гардан аваад байсан. Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана" хэмээсэн. Тэгэхээр шүүхээс Н.Номтойбаярыг хорих шийдвэр гаргасан ч нэр дэвшигчээс хасах эрх зүйн үндэслэл үгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэр Хорих 461 дүгээр ангиас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах анхны хүн байх бололтой. Учир нь хүний эрх, шударга ёсыг хамгаалах үзэлтэй мянган мянган хүн Н.Номтойбаярын дэмжиж байгаа, дэмжигчид улам нэмэгдсээр байна.
Д.Сайхан
Эх сурвалж: Өдрийн сонин
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ
Гадаад харилцааны яамны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод өнгөрсөн дөрвөн жилийн парламентын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Мэдээж хэрэг дөрвөн жил тухайн парламент зүгээр сууна гэж байхгүй. Зөндөө зүйл хийсэн. Энэ парламентын хийсэн нэг чухал ажил нь Үндсэн хуульд өнөөгийн шаардлагад нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал. Үүнийг энэ парламентын чухал ололт гэж би хувьдаа үзэж байгаа. 1992 оноос хойш нийгмийн амьдралд олон өөрчлөлт гарсан. Угтаа бол Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх шаардлага гараагүй л дээ. Гэхдээ тодруулах, янзлах олон зүйлс байсан. Тэр бүхнийг овоо цэгцэлсэн. Бидний будлиад явдаг нэг зүйл бий. Гүйцэтгэх засаглал нь хоёр толгойтой юм шиг. Тэр байдлыг олигтой засч чадаагүй нь тиймэрхүү зүйл болсон. Яван суун учир нь олдох байх гэж бодъё. Товчдоо Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ирэх хэдэн арван жилд нийгмийн амьдралыг зохицуулахад их чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна хийж бүтээсэн томоохон үйл хэрэг энэ парламентад байна уу?
-Манайхан улс орноо хөгжүүлэх нэгдмэл бодлогыг нэг бус удаа боловсруулж ирсэн. Бараг гарын таван хуруунд багтахгүй байх. Тэр бүх туршлагад суурилсан Алсын хараа гэх бодлогын баримт бичгийг сая баталлаа. Үүнийг ширхэгчилж, нарийвчилж үзээгүй л дээ. Хар ухаанаар бодоход түрүүчийн хэдэн ном судрын ололтыг бататгаж, дутууг нь гүйцээж, овоо цэгцтэй бодлого гаргасан болов уу гэж найдаж байна. Ер нь өнгөрсөн 30 жилээс бидний хийх нэг дүгнэлт юу байсан гэхээр хуучин социалист үед улс орноо хөгжүүлэх бодлогыг тав таван жилээр төлөвлөж хэрэгжүүлдэг зарчмаа хаяад зах зээл гэгчийг задгай, зоргонд нь тавиад туучихсан. Үүнээс зохисгүй олон зүйл үүдсэн. Манайхан түүний уршгийг нүдээр үзэж биеэр туулж байна. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлт, Алсын хараа бодлого энэ тэр маний тэр зовлонг нимгэлж цаашид алга болгоход эрх зүйн чухал суурь болно гэж бодож байна.
Харин цэгцэлсэн бодлогоо хэрэгжүүлэх арга механизмаа зөв олох нь бодлого боловсруулахаасаа дутуугүй, бараг илүү ач холбогдолтой. Үүнтэй уялдуулж хэлэхэд Үндэсний хөгжлийн яам гэж хуучин төлөвлөгөөний комиссорхуу нэг тийм газар бий болгохоор шийдсэн нь их чухал. За ингээд Үндсэн хуулиа шинэчилчихлээ. Алс хэтийнхээ зорилгыг арай оновчтой болгочихлоо.
Үүнийг хэрэгжүүлэх арга зам механизм гэх үү, төрийн институци гэх үү тийм зүйлтэй болохоор шийдчихлээ. Энэ дөрвөн жилийн гол ололт энэ байх гэж бодож байна. Нарийн яривал өөр бишгүй л юм байгаа байх. Гэхдээ энэ бол дутагдал байгаагүй гэж хэлж байгаа юм биш.
-Өнгөрсөн 30 жилийг дандаа харлуулаад байх шиг санагддаг. Тэр тусмаа аль нэг намыг сонгохгүй байх нь зөв гэх зүйл нийгэмд яригдаж байна...
-Өнгөрсөн хугацаанд бугшиж ирсэн муу зүйлсийн зарим нь энэ дөрвөн жилд тод томруун харагдаж, нүгэл буяны дэнсэн дээр олон зүйл тавигдсан. Биднийгээ хөтөлж яваа улс төрийн намуудыг буруушаах сэтгэл зүй олон түмний дунд нэлээд түгээмэл болсон. Үүн дээр үндэслэн төр барьдаг намаа шинэчилье ч гэх үзэл бодол газар авч байна. Ялангуяа “МАНАН” гэгч нэг юмнаас салах ёстой гэцгээх болсон. Үүний зэрэгцээ энэ нэр томьёонд хамааруулдаг хоёр нам ч, тухайлбал, өөрсдийн боловсон хүчний бодлогын тухайд дүгнэлт хийж, бугшсан муу юмнаасаа салахыг эрмэлзэж байх шиг. Энэ ажилд нь одоо сонгууль зохих дүн тавина.Энэ нэг талаас сайн хэрэг. Нөгөө талаас, ерөөсөө нам хэрэггүй гэх туйлширсан үзлийн давлагаан дээр 76 агуу хүн гараад ирвэл яах вэ. Арай тэгэхгүй биз. Гэхдээ баахан бие даагч олонх болоод гараад ирвэл, тэднийг эмхэлж, нэгдсэн бодлогын төлөө хамтран ажиллагсад болгоход нэн бэрх. Хэн нь манлайлахаас авахуулаад бөөн асуудал гарна, бид шинэ зовлон амсна. Би тэгэхгүй байх гэж найдаж байна. Эцсийн бүлэгт нам, эвсэл, бүлэглэл л улс орныг хөтөлнө. Бодлогыг нь барина. Сайн, муу нь жич асуудал. Ямар ч байсан нэгдсэн бүлэглэл байж улсыг авч явах ёстой. Одоогийн сонин сэтгэл зүй газар авч, манайхан туйлшрах дуртай юм чинь нэг мэдсэн чинь баахан бие даагчдыг сонгочихвол баларна аа гэж хувьдаа санаа зовж суугаа.
-Та Электорат хөдөлгөөний гишүүн. Энэ хөдөлгөөний зорилго нь юу юм бэ. Нам гэдэг зохион байгуулалттай бүтцийн өөдөөс хүч үзэхээр байгуулагдсан юм уу?
-Энэ хөдөлгөөн нүгэлгүй, ёс зүйтэй, мэдлэг чадвартай, дадлага туршлагатай, зөв хүмүүсийг сонгогдоход дөхөм үзүүлэх зорилготой. Түүний цаана жижиг намуудын болон бие даагчдыг дэмжих бодлогоос гадна сайн муу хэлэгдэж 30 жил эрх барьж байгаа хоёр намын боловсон хүчний бодлогод нөлөөлөх санаа бас байгаа. МАН-ын дарга ёс зүйтэй мэдлэг чадвартай, дадлага туршлагатай, хувийнхаа эрх ашгийг том эрх ашгийнхаа дээгүүр тавьдаггүй хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэсэн. Сая улсуудаа дэвшүүллээ. Нэлээд засал авсан байх гэж бодож байна. Ер нь МАН нэр дэвшигчдийнхээ 40-50 хувь, АН 70 хувь шинэчиллээ гэсэн. Тэр тоонууд нэг юм хэлж байгаа ч юм шиг. Гэхдээ нөгөө талаар тэр нэг их юм хэлэхгүй л дээ. Яагаад гэхээр тэд нь бүгд гарч ирнэ гэсэн үг биш, тэгж итгэхэд бэрх. Ямартаа ч нэр дэвших хүмүүсийн бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдлөө. Энэ нь Электорат хөдөлгөөний зорилттой нийцэж байгаа гэж хэлж болно.
-Электорат хөдөлгөөн ХҮН-ыг дэмжиж байгаа юм уу. Ер нь таныхаар УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх ёстой, УИХ-д ямар хүмүүс сонгогдох ёстой юм бэ?
-Бид нам биш, хөдөлгөөн. Бид ХҮН-ын юмуу түүнтэй нийлсэн намыг дэмжиж байгаа асуудал огт биш. Бид бас МАН, АН, МАХН-ыг ч эсрэг байгаа юм биш. ХҮН-ыг тойрсон, эвсэл Электорат гэдэг нэрийг авсан байна лээ. Энэ бол манай хөдөлгөөний ивээлд орсон гэсэн үг огт биш. Бид 76 хүн дэмжихээ илэрхийлнэ. Үүнд МАН, АН, бас бус намын ч нөхөд бий. Бие даагчид ч байгаа. ХҮН-ын цөөн хэдэн хүн байх болно. Бид бол нийгмийн дотор буй түгээмэл уур амьсгалыг илэрхийлэх тухайд санаа нийлсэн хэсэг хүмүүс. Тойрог бүрт бидний дэмжиж байгаа хүн нь энэ шүү гэсэн дохиог бид сонгогчдод өгнө. Тэр нэрсийг бид өөрсдөө зохиогоогүй, олон түмнээс гаргаж ирсэн нэрс. Сонгох эсэх нь мэдээж сонгогчдын эрхийн асуудал...
-Энэ жилийн хувьд 208 бие даагч нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Үүнд төр түшилцэж явсан эрхмүүд ч байна. Бие даагчдыг та хэрхэн харж байна?
-Баахан бие даагчид гарч ирээд олонх болчихгүй болов уу гэж бодож байгаагаа түрүүн хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэд бодлого тодорхойлох хүчний хэмжээнд хүрэхгүй биз. Бодлогод шинэ амьсгал, шинэ санаа оруулах бол жич асуудал. Үндсэн хуулийн шинэчлэл, Алсын хараа бодлого энэ тэрээс үүдээд ойрын хэдэн жилд энэ парламентын бодлогын залгамж чанарыг хангах явдал үндэсний хэмжээний чухал зорилт болох ёстой гэж би бодож байна. Тийм учраас шинэ парламентад муу нэртэй ч хамаг хариуцлагыг үүрч ирсэн хоёр намынхан зохих байр сууриа эзэлбэл сайнсан. Шинэ Үндсэн хуультай болно гэдэг улс төрийн хүчнүүд, тийм үзлийг дэмжигчид давамгайлахаар болбол бид сайнаа үзэхгүй.
-Коронавирус цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал дэлхийд төдийгүй манай улсад хүндхэн байна шүү дээ. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Өнөөдөр бид нэг зүйлийг онцолж ярихгүй бол болохгүй. Энэ цар тахал цаг зуурын юм огт биш бололтой. Энэ жилээр тогтохгүй уршиг нь үргэлжлэх юм яригдаад байна. Өнөөдөр гэхэд л эдийн засаг яаж хумигдаж байгааг бид харж байна. ДНБ-ий өсөлт энэ жил хасах ч гарч магадгүй. Бид 6,7 хувь өсгөнө гэж төлөвлөж байсан. Өнөөдөртөө нэг хувь гэсэн төлөг тавьж байгаа байх. Би бол нойлолчихож ч магадгүй гэж үзэж байна. Ийм зүйл болохгүй бол сайн хэрэг. Их тусгүй зүйлтэй учирчихлаа. Энэ тусгүй зүйлийн уршгийг арилгах үүднээс өнөөгийн Засгийн газар хоёр чиглэлд тодорхой арга хэмжээ авч байгаа. Нэг нь хүн ардаа харж үзэх, нөгөө нь эдийн засгийн суурийг нураачихгүйн тулд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих гэсэн хоёр чиглэлээр чадах ядахаараа арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүлийг хамгаалах талынх нь их ажлыг би ярихгүй байна.Энэ жил хоёр их наядын алдагдалтай төсөв баталсан. Одоо засаг их наядаар ярихаар илүү зардлыг арга буюу гаргаж байгаа. Цар тахлаас үүдэлтэй зовлон цаашид даамжирч магадгүй. Тэгэхээр өнөөгийн энэ “авралын” бодлого бас оновчтой үргэлжлэх учиртай. Шинэ төр засагт тийм том үүрэг ноогдох нь шиг байна. Энд бас бодлогын залгамж чанарын асуудал байна. Товчоор хэлбэл, энэ цар тахал бидэнд цоо шинэ улс төрийн нөхцөл байдлыг бий болгож байна. Олон нийт, сонгогч түмэнд энэ байдлыг сайтар ойлгуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Эцэст нь хэлэххэд улс төрийн тогтвортой байдал, ард түмний нэгдмэл санаа бодол хэзээ хэзээнээс илүү амин чухал учир холбогдолтой цаг үе тохиогоод байна. Өнөөгийн улстөрийн байдлын тухай үзэж харж байгаа төсөөлөл ердөө энэ.
Б.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Өдрийн сонин
Б.Дэлгэрмаа: Би эвслээс дэвших нь АН цүнх баригчдыг дэвшүүлэхээс илүү “хар дарсан зүүд” гэж үү
З.Энхтөр "Амэ трейд"-ээр дамжуулан ноолуур авч, Сүхбаатарчуудыг хулхидсан уу?

Ж.Флойдын үхэлд буруутгагдаж байгаа цагдааг чанга хатуу дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ
Африк гаралтай Америк иргэн Ж.Флойдын амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаж баривчлагдсан Миннеаполис хотын цагдаагийн ажилтан чанга дэглэмтэй хорих анги руу шилжжээ. Миннесота мужийн цагдаагийн газрын Зөрчлийн хэлтсийн мэдээлснээр Ж.Флойдыг баривчлах үеэр хүзүүн дээр нь наймаас илүү минут өвдөглөн суусан Дерек Човиныг ням гарагт Хеннепин дүүргийн чанга хатуу дэглэмтэй шоронд шилжүүлжээ.
Тус байгууллагын мэдэгдсэнээр энэхүү шоронд хоригдож байгаа ихэнх хүмүүс ялын дээд хэмжээ авсан, бүх насаараа хоригдох ялтай хүмүүс байдаг гэв. Шүүхийн шинжилгээний хариу Флойдын үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй гэж мэдэгджээ. АНУ даяар үүсээд буй эмх замбараагүй байдал даатгалын компаниудад хүнд цохилт болж байна. Түүнчлэн Африк гаралтай иргэд боолчлолын нөхөн төлбөр 31 триллион ам.доллар ЗГ-аасаа нэхэх санаачилга гаргаж, хэвлэлүүдээр бичүүлж байгаа аж.
Д.Трамп жагсагчдыг цэргийн хүчээр зогсоохыг мужийн захирагчдад уриаллаа АНУ-д "Би амьсгалж чадахгүй байна" эсэргүүцлийн жагсаал 75 хотод зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Зарим хотод тайван жагсаал болж буй бол заримд нь барилга байгууламжийг шатааж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж байгаа юм. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мужийн захирагч нартай видео хурал хийж захирагч нарыг “сул дорой хүмүүс”, “хатуу байж чадсангүй” гэх зэргээр шүүмжилж, үймээн самууныг хэрхэн зогсоох арга замыг хэлэлцсэн байна.
Доналд Трамп “Та нар хүмүүсийг мөрдөж, баривчилж, 10 жил шоронд суулгавал дахиад ийм явдал хэзээ ч тохиолдохгүй. Бид нийслэл Вашингтонд яг ингэж ажиллаж байна. Цэргийн хүч ашиглахгүй бол захирагч нар өөрсдийгөө тэнэг харагдуулж байна” гэж шүүмжилжээ. Хурлын үеэр Трамп нэлээд ууртай байсныг эх сурвалжууд мэдээлж байна.
Баасан гарагийн шөнө олон зуун тэмцэгчид Цагаан ордны хашаанд тулж ирэх үед тусгай албаныхан Трампыг газар доорх тусгай хонгилд нүүлгэн шилжүүлсэн байна. Нью Йорк Таймс сонины албан эх сурвалжийн мэдээллээр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгаалах зориулалттай уг хонгилд тэр нэг цаг орчим хугацаанд байсны дараа гарсан аж. Цагаан ордны гаднах жагсаал баасан гарагийн шөнө оргилдоо хүрсний дараа суларсан ч ням гарагаас дахин эрчимжиж эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Үрдээ зориулав...
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэж нэг мэргэн үг байдаг
Удахгүй болох сонгуулиар спорт, соёл урлагын алдартнууд УИХ-д нэр дэвшинэ гэж мэдэгдээд байгаа билээ. Албан ёсныхоо хууль журмаараа бол, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д 25-аас дээш насны Монгол улсын иргэн хэн ч байсан нэр дэвших боломжтой байдаг. Нэг үгээр хэлбэл сонгуулийн тухай хуулийнхаа дагуу иргэн бүрт нээлттэй байдаг нь ойлгомжтой. Гэхдээ Монгол улс бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш, парламентийн засаглалтай улс. Монгол улсын Үндсэн хуулиар Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэж заасан байдаг.
УИХ-аар дамжин Монгол улсын төрийн бодлого хэрэгждэг. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага болохынхоо хувьд ямарч иргэн хувь хүн, Ерөнхийлөгч болон эрх бүхий субьектийн зүгээс санаачилсан хуулийг авч хэлэлцэж шийддэг хууль тогтоох дээд байгууллага билээ. Өнөөгийн дэлхий ертөнцийн ардчилал хөгжсөн орнуудын түүхийг аваад үзвэл, бүгд баруун Европын улс орнуудаас гаралтай байдгийг бид бүхэн мэднэ. Тэдгээр орнуудын парламентууд нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай. Жишээ нь Их Британи гэхэд л дэлхий дээрхи хамгийн ардчилсан парламенттай улсын нэгэнд зүй ёсоор ордог.
Мэдээжийн хэрэг Монголын ардчилалыг Их Британийн ардчилалтай харьцуулж ярих нь утгагүй юм. Монгол оронд парламент ардчилсан ёс үүсээд дөнгөж гучин жилийн нүүр үзэж байгаа. Социализмын үед төрийн эрхийг дангаараа барьж байсан МАХН 90 оноос хойш төрөл арилжаж социал демократ үзэл рүү орсноо мэдэгдэн, социнтерний гишүүн болсноо зарласан билээ. Ардчилсан нам нь АНУ болон бусад барууний орнуудын адил ардчилалын үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэнэ гэдгээ мөн мэдэгдсэн юм. Ямар ч байсан өнөөгийн Монгол улсад үндэсний социалист гэдэг ч юмуу эсвэл коммунист большевик гэсэн нэр хаягтай нам байхгүй нь үнэн.
ОХУ-д Геннадий Зюгановийн тэргүүлдэг коммунист нам байдаг ч тэр нь ард түмнээсээ олигтой дэмжлэг авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл социализмын ууган эх орон ОХУ-д коммунист үзэл суртал өнөө үед дэмжлэг хүлээхээ больжээ гэж ойлгож болно. Ерөөсөө парламент ёс гэдэг бол ардчилсан нийгмийн төр барих сонгодог хэлбэр. Их Британий Ерөнхий сайд Уинстон Черчилль нэгэнтээ: Ардчилал бол төр барих маш муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтөн түүнээс дээр юм бодож олоогүй л байна шүү дээ гэж хэлсэн байдаг. Харин тэгвэл тэрхүү парламент гэдэг байгууллагад ямар хүмүүс сууж хууль гаргаж хэлэлцэн баталдаг юм бэ? Тэр тусмаа ардчилал дөнгөж байгуулж байгаа улс орнуудын хувьд.
Тэгэхээр бас л нөгөө өрнийн ардчилсан парламент бүхий орнуудын мэдлэг туршлагыг судлаж хуулбарлан дууриана гэсэн үг. Гэхдээ аажим аажимаар хөгжин дэвшиж байж ардчилсан институт руугаа ордог. Харин манайд бол одоогоор дөнгөж хөгжиж байгаа. Тэр утгаараа одоогоор бүрэн ардчилсан улс болчихсон гэж хэлэхэд хэцүү. Тийм болохоор үүнд мэдээж цаг хугацаа хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой юм. Ерөөсөө парламент гэдэг нь хууль тогтоох байгууллага болохынхоо хувьд асар өндөр мэдлэг мэргэжилтэй хүмүүс ажиллаж хууль боловсруулалцаж байх ёстой тийм газар. Нэг үгээр хэлбэл тийм хүмүүс байхыг шаарддаг газар. Түүнээс биш хэн нэгэн мафийн толгойлогч юмуу гэмт хэрэгтэн шоу бизнесчид тэнд очоод амаа ангалзуулан хэрүүл хийгээд сууж байдаг байгууллага биш. Дэлхийд хүчирхэг АНУ-ыг аваад үзье.
Энэ улс асар олон урлаг соёлын ододтой бас асар олон тооны гэмт хэрэгтнүүдтэй орон. Тэгэхдээ АНУ-ын Конгресст холливудын одод ч юмуу сагсан бөмбөгчид ороод хууль боловсруулан батлалцаж байдаг гэж сонсоогүй л юм байна. Тэр улсын иргэд хэн нь хаана очиж, юу хийх ямар ажил хийхээ мэддэг улс. Барууны бусад ардчилсан улс орнууд ч ялгаагүй. Улс төрчид нь улс төрөөрөө хөөцөлдөж, кино жүжигчид нь кинондоо тоглож спортын одод нь спортоо дагнадаг тийм улс. Харин Монголд бол хэн мөнгөтэй нь сонгуульд оролцож парламентад суудаг нэг сайхан жишиг тогтсон. Гэтэл одоо бүр байчихаад нөгөө хэдэн Монголдоо л од болсон дуучин, жүжигчин, бөхчүүд улс төрд орно гэж мэдрэлтэж байна. Ёстой л нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг гэдэг шиг хэн дуртай нь улс төрд ордог цаг болсон юмуудаа гэж бодогдхоор байна.
Тийм хүмүүс УИХ дээр очоод юу ярьж ямар хууль батлалцах юм болдоо. Одоо ч гэсэн УИХ-д урьд нь бөх байгаад гишүүн болсон хүмүүс сууж байгаа харагддаг. Хүмүүсийн ярилцах нь хөөрхий нэг суудал бөглөдөг л ухаантай юм байхдаа гэлцэх нь бий. УИХ-ын гишүүд нь ч гэсэн тэд нарийг тэгтлээ ойшоож үздэггүй гэсэн яриа байдаг. Түрүүчийн тэр хүмүүсийгээ яаяадаа гэж байхад одоо энэ шоучид ч бас юув. Арай УИХ-ын чуулганы танхимд хөх мөхөө гаргаж хууль батлах гэж байгаа юм биш биз дээ. Ингээд бодохоор УИХ болон бүх шатны сонгууль ямар инээдтэй ямар тэнэг харагдаж байнаа. Колумби улсад лав хар тамхины мафийн толгойлогч парламентад нь сууж байдаг гэж сонссон юм байна. Монголд одоогоор арай тийм болоогүй байгаа. Уул нь эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэсэн мэргэн үг байдаг даа. Цаашдаа ийм жишиг тогтчихвол улс үндэстэн мөхөхийн шинж.
Тийм хүмүүсээр төрөө удирдуулчихаад Монголын ард түмэн юу бодож суух вэ? Гэхдээ ард түмэн сохор биш болохоор хэнийг сонгох, хэнийг сонгохгүйгээ сайн мэдэж байгаа байх гэж итгэж найдаж байна. Эцэст нь хэлэхэд улс төр бол шоучдын байх газар биш шүү гэдгийг сануулж хэлмээр байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn
Германы прокуророос Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ
ХБНГУ-ын Дрезден хотын Прокурорын газраас хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилтан Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбаяр нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Дрезден хотын тойргийн шүүхэд тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн юм. Тэдэнд эхний удаад есөн жилийн хорих ял төлөвлөж байсан ч Герман улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсан, хууль бусаар хар тамхи тээвэрлэсэн зэрэг хэрэгт нь давхар ял төлөвлөжээ. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Улсын яллагчийн зүгээс 11 жилийн хорих ял төлөвлөсөн байна. Хэргийг сануулахад, 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу нэвтрэх А17 хурдны зам дээр Дрезден хотын нутагт дипломат албаны дугаартай автомашиныг шалгасан юм.
Шалгахад тус бүрийг нь 500 граммаар савласан 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи илрүүлсэн. Тухайн үед автомашинд Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар зорчиж явсан бөгөөд тэр даруй саатуулагдсан билээ. Цагдаагийн газраас дипломат дугаар уг автомашиныг шалгуулахад ХБНГУ-ын Гадаад харилцааны яаманд бүртгүүлээгүй гэдгийг нь тогтоосон юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон шүүх хуралдааны үеэр яллагдагч Б.Баттүшиг нь өөрийгөө “Монголын нууц ажилтан” гэж мэдээлсэн нь хэргийг хүндрүүлэх нэгэн хүчин зүйл болсон байна.
Б.Аззаяа
Эх сурвалж: Tag 24
УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт нэр дэвшигч Б.БАЯРМАГНАЙ СЕХ-ноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж авч байна
А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн
Р.Өсөхбаяр: Гаж тогтолцоонуудыг өөрчлөхийн тулд бид сонгуульд өрсөлдөж байна
Б.Баярмагнай: Бие даагчид эрх нь хязгаарлагдмал, юу ч хийж чаддаггүй, ганцаарддаг гэдэг худлаа
Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа.
Энэ удаагийн сонгууль хамгийн олон бие даагчид нэр дэвшиж буйгаараа онцлогтой. Тодруулбал, нийслэлийн 9, аймгийн 20 тойрогт 76 мандатын төлөө 14 нам, эвсэл 121 бие даагч буюу нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна. Иргэд сонгогчдын зүгээс ч энэ удаад бие даагчдыг, ялангуяа чадварлаг, мэргэжлийн, туршлагатай нэр дэвшигчдийг эрэлхийлж байгаа хандлага нэлээд ажиглагдаж байна. Ингээд бид БЗД-ийн 23-р тойрогт бие даан нэр дэвшигч Бямбасүрэнгийн Баярмагнайгийн сэтгэгдлийг сонслоо.
-Та дөнгөж сая 2020 оны сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Яг энэ мөчид танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Нийт Баянзүрхчүүдийнхээ итгэлийг хүлээж УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр шийдвэрлэсэн маань их онцлогтой. Би 2015 оны төгсгөлөөр 25 жил тасралтгүй ажилласан цэргийн жинхэнэ албанаасаа бэлтгэлээр халагдаж, Монголын ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулъя, Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө энэ алхмыг хийсэн. Генерал гэдэг хүн 62 нас хүртлээ төрдөө алба хаагаад зүтгэх эрх нь нээлттэй. Мөн НҮБ-ын төлөөгчийн газарт, Нью-Йорк хотод цэргийн зөвлөхөөр томилогдох байсан ч би үүнээс татгалзаад 25 жил төрд, Монгол Улсдаа үнэнчийн баталгаа болсон тангарагаа өргөөд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн энэ албаа цэвэр ариунаар нь хаая, цаашдаа улс орноо зөв замд нь оруулахад өөрийн хувь нэмрээ оруулъя гэж өнөөдрийн шийдвэрээ гаргаад явж байна.
-Таны хувьд тэр сайхан боломжийг орхиод өнөөдрийн энэ сонголтоо хийхэд хүргэсэн зүйл чухам юу байв?
-Монгол Улс маань төрийн тогтолцооны хямрал гажуудалд орж, төрийн алба ялзарч, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд эрх баригчдын гарт орсон цаг үед энэ бүгдийг би тэвчиж сууж чадаагүй юм. Ер нь үүнийг засах ёстой, мэргэжлийн хүний хувьд хууль тогтоох дээд байгууллагад орох ёстой юм байна, мэргэжлийн хүн л тухайн салбар чиглэлийнхээ хуулийг санаачилж байж алба хаагчдынхаа амь амьдралын төлөө зүтгэхгүй бол хэн нэгэн улс төрч, хэн нэгэн бизнесмэн бусдын төлөө зүтгэхгүй юм байна гэдгийг би олж харсан.
Мэргэжлийн засгийн газар, шинэчлэлийн засгийн газар, шийдлийн засгийн газар гэж байлаа. Нэг нь ч шийдээгүй, шинэчлээгүй, мэргэжлийн байгаагүй. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүн тангараг өргөөд, үг хэлэх эрх нь хязгаарлагдсан байдаг. Тийм учраас би тэдний дуу хоолой болох гэж өнөөдөр энд байгаа юм. Би бэлтгэл генерал офицер хүн.
Хоёрдугаарт би жинхэнэ албанаасаа чөлөөлөгдсөн жирийн л иргэн хүн, Монголын ард түмний төлөөлөл. Тэгэхээр би ард түмнийхээ дуу хоолой болохын тулд бие дааж байгаа юм. Хэрэв би аль нэг намд орвол тэр намын дуу хоолой болно. Өнөөдөр төрийн дээр нам гарчихсан. Зөвхөн намын даргынхаа шийдвэрийг дагадаг, намдаа баригдаад ард түмэндээ үйлчилдэггүй. Энэ байдлыг халъя, ард түмний үгийг дамжуулъя, ард түмэн өөрсдөдөө ээлтэй ямар хууль санаачилмаар байна, тэр төсөл, саналаа надад өг, би санаачилж ажиллая гэж байгаа юм. Өнөөдөр надад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын 20 орчим хуулийн төсөл бэлэн байна. Дээрээс нь ард түмэн ямар хуулийн төслүүд хүсч байна, түүнийг нь би эрхийнхээ дагуу санаачилж ажиллах болно.
-Бие даагчид УИХ-д ганцаардаж, хүчин мөхөсддөг гэх. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Бие даагчид эрх нь хязгаарлагдмал, юу ч хийж чаддаггүй, ганцаарддаг гэдэг худлаа. Энэ бол өмнө нь бие даан гарч ирсэн хүмүүсийн чадваргүйтэй холбоотой. Тэднээс болж бие даагчдын нэр хүнд унасан. УИХ-ын гишүүн гэдэг бол 27 эрхтэй. Хууль санаачлах эрх жирийн хүнд байдаггүй. Энэ эрх УИХ-д, Засгийн газар гэсэн бүхэл бүтэн институцид бий. Тэгэхээр бүх шатанд хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах эрхтэй. Мөн Их хурлын гишүүд ажлаа тасалдаг, хуралдаа суудаггүй, хуулиа санаачилдаггүй, энэ үлбэгэр, сулбагар, арчаагүй байдлаас болж УИХ-ын гишүүдийн нэр хүнд унасан. Бас гишүүд маш их хуулийн хамгаалалтанд орсон байна. Хамгийн сүүлд ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эгүүлэн татна гэсэн хуулийн төсөл санаачилж оруулсан, уналаа. Би дахиад санаачилна. Би зэвсэгт хүчинд 25 жил тасралтгүй зүтгэхдээ нэг ч өдөр ажил таслах байтугай, хоцорч үзээгүй. Тийм учраас би хэрэв энэ сонгуульд сонгогдвол үүргээ бүрэн биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа.
-Тантай мөр зэрэгцэн өрсөлдөж байгаа нэр дэвшигчдэд болон нийт сонгогчиддоо хандаж сонгуулийн сурталчилгааны хугацаанд ямар уриалгыг дэвшүүлмээр байна?
-Миний хувьд бодлогоор өрсөлдөхийг л уриалж байна. Хэн нэгнийгээ харлуулах, муулах байдлаар бүү өрсөлдөөсэй. Надаас бол тийм юм гарахгүй. Би тийм ажил хийж байгаагүй. Монголын төрдөө цэвэр ариунаар зүтгэж ирсэн хүн. Намуудаас гарч байгаа, манай монголын хар тактик дэлхийд байхгүй хар пиарууд байдаг. Мэдлэгээрээ, бодлогоороо, мөрийн хөтөлбөрөөрөө цэвэр өрсөлдөе гэж уриалах байна.
-Та мөрийн хөтөлбөрөө товч танилцуулж болох уу?
- БЗД бол цэргийн гэр бүлийн тойрог. Би Баянзүрхчүүдийнхээ амьдралыг сайн мэднэ. Би мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх 4 чиглэл, нийслэл хотынхоо хэмжээнд хэрэгжүүлэх 3 чиглэл, БЗД-ийн хэмжээнд хэрэгжүүлэх 3 чиглэл, 23-р тойрогт багтаж байгаа 17-н хороондоо хэрэгжүүлэх 3 асуудал, нийт 14 багц асуудлаар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Энэ 14 багц асуудал нь Монгол Улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай шийдвэрлэх ажлууд гэж ойлгож болно. Олон шинэ санаачлагуудыг оруулсан. Мэдээж би үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах чиглэлийн салбартай миний амьдрал холбоотой учраас энэ талын бодлогыг хэрэгжүүлэхэд түлхүү оролцоно гэсэн бодолтой явна даа.
Ингээд бэлтгэлд байгаа нийт офицер, ахлагч, зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад алба хаасан нийт бие бүрэлдэхүүнд хандан төрийн генералаа дэмжээрэй гэж уриалж байна. Генерал нь итгэл алдахгүй шүү. Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэе.
-Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Я.Хулан