Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19884 articles
Browse latest View live

Н.Алгаа: Уул уурхайд Таван толгойгоос өөр хөрөнгө оруулалт татах төсөл алга

$
0
0

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, “ДАТ консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.

-УИХ Засгийн газарт Оюу толгойтой хэлэлцээр хийх эрхийг нь өгөөд удаагүй байна. Хоёр талын хийсэн гэрээг сайжруул, чадахгүй бол цуцал гэсэн утгатай чиглэл өгчихлөө. Гэрээ цуцлах асуудал яригдлаа гэхэд ямар нөхцөл байдал үүсэх вэ. Наад зах нь хөрөнгө оруулагч тал арбитрт хандаж таарна...?

-Наад захын энгийн жишээ гэхэд л энэ төсөл зогсвол бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Монголын 600 компани бизнесээ алдана. Монголын компаниуд дотор жижиг дунд компаниудаас гадна далд уурхайн нэвтрэлт, бүтээн байгуулалтад оролцож яваа компани ч бий. далд уурхайн нэвтрэлт дээр гадны компанитай хамтарч ажиллаж байгаа хэсгийн хувьд төсөл зогслоо гэхэд гадагшаа гараад ажиллах хэмжээний чадвар суучихсан. оюу толгойн монголчуудад өгч байгаа маш том давуу тал гэвэл энэ. Англи хэлээр, олон улсын стандартаар ажлаа явуулдаг учраас далд уурхайн бүтээн байгуулалтад оролцож яваа монголчууд дэлхийн хаана ч очоод ажиллаж чадна. Харин Монголын эдийн засагт юу ч үлдэхгүй гэсэн том эрсдэл бий. Гэрээ хэлцлийг цуцаллаа гэхэд хамгийн түрүүнд зарга эхэлнэ. Монголын Засгийн газрын тухайд Арбитрын шүүх дээр очоод унах нь тодорхой.

Арбитрын шүүхээс эцсийн шийд гарахад хугацаа орно. Тэр хооронд манай эдийн засаг элгээрээ хэвтэх нь бодитой үнэн. Заргалдаад явчихвал “Рио тинто” эргэж ирэхгүй нь ойлгомжтой. За тэгээд “Рио тинто” Монголын Засгийн газраас мөнгөө нэхэмжлээд заргаа авлаа гэж бодъё. Гэрээ нь цуцлагдлаа гэхэд лиценз нь цуцлагдахгүй. Гэрээ цуцлагдвал Оюу толгой оруулсан хөрөнгөө Арбитрын шүүхэд хандаж нэхэмжлээд авна. Тэгээд лицензтэйгээ үлдэнэ. Лиценз цуцлах асуудал яриагүй учраас лицензээ худалдаж таарна аа даа. Би танаас нэг зүйл асууя. Тэд лицензээ хэнд худалдах вэ?

-Хятад л хамгийн боломжит хувилбар байх даа.

-Харин тийм. Өрнөдийнхнөөс хэн ч авахгүй. Донр орнууд ямар үйл ажиллагаа явуулах юм бүү мэд. Бүгд нүүр буруулах байх. Тэгэхээр Орос, Хятад хоёр тунаж үлдэж таарна. Оюу толгойн зэсийн баяжмалын гол зах зээл нь Хятад. Тэгэхээр оросууд худалдаж авна гэдэг юу л бол. Оросууд авлаа гэхэд Хятадад зарах байлгүй дээ. Оросууд өөрсдөө хэрэгжүүллээ гэхэд баахан орос орж ирж ажиллах байх.

Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орох үед 90 хувь нь орос байсан юм. Арван жилийн дараа 70 хувь нь орос хэвээрээ л байсан. 2010-аад онд гучин хувь нь оросууд ажиллаж явсан санагдаж байна. Өөрөөр хэлбэл 30 жилийн дараа л сая нэг монголчууд дийлэнх боллоо. Гэтэл өнөөдөр Оюу толгойн нийт ажилчдын 95 хувь нь монголчууд. Орос, Хятад энэ төсөлд ороод ирвэл монголчуудыг ингэж их хувиар ажилд авахгүй. “Рио тинто”-гийн хувьд лицензээ Орост зарахгүй нь ойлгомжтой.

-Яагаад?

-Орос барууны хоригт байгаа шүү дээ. “Рио тинто”-гийн нэгтгэлд Австрали, Англи, Америк, Канад бий. Тэд зөвшөөрөхгүй. Тэгэхээр Хятадад зарах магадлал илүү өндөр.

-Хятадад лицензээ зарлаа гэхэд Оюу толгой төслийн хэрэгжилт цаашид яаж үргэлжлэх бол?

-Оюу толгойн лицензийг Хятадууд авлаа гэхэд менежмэнтийг нь “Рио тинто” хийх магадлал хамгийн бодитой хувилбар гэж бодож байна. Энэ тохиолдолд байдал өнөөдрийнхөөс нэг их өөрчлөгдөхгүй. Гэхдээ асуудал иймдээ тултлаа маш их хугацаа орно. Эцсийн шийд гарах хүртэл дөрөв, таван жил зарцуулбал Монголын эдийн засаг яах вэ гэдэг хамгийн том асуулт. Оюу толгойгүй дөрөв, таван жил болвол эдийн засаг элгээрээ хэвтэнэ.

-Таван толгойн IPO-г он гараад хийнэ гэж ярьж байгаа. Оюу толгойн асуудал он гарсаны дараа шийдлээ олохгүй удвал юун IPO болох байх, тийм үү?

-Оюу толгой гол индикатор болох нь ойлгомжтой. Таван толгойн IPO-гийн хувьд Хонконг хамгийн бололцоотой хувилбар. Хонконгт гарахын тулд хийх ёстой хэдэн алхам бий. Нягтлан бодох бүртгэл тунгалаг байх ёстой. Компанийн засаглал сайжрах учиртай. Улс төрөөс хараат бус, мерит зарчим дээр үндэслэсэн уул уурхайн менежмэнт явагдах ёстой болчихож байгаа юм. Хонконгийн зах зээл дээр очлоо гэхэд хувьцааны үнэ гэж чухал зүйл байна. Дэлхийн улсуудад мөрддөг стандарт жишгээр Таван толгойн хувьцааг үнэлбэл маш бага тоо гарна. Бүх эрсдэлийг тооцсоны эцэст гарсан үнийн дүн нь хувьцааны ханш болно. Засгийн газрын тогтоосон 50 цент тэг зууны, тэг мянганы төчнөөн цент гэж буурч үнэлэгдэх өндөр эрсдэлтэй.

-Таван толгойн хувьцаа олон улсын зах зээл дээр дэлхийн жишгээр үнэлэгдвэл тун бага ханшаар арилжаалагдана гэж та сая ярилаа. Ашигт малтмалыг үл хөдлөх хөрөнгө шиг яг таг үнэлдэг жишиг лав л Австралид байдаг гэж сонссон. Дэлхий даяар хэрэглэдэг жишиг үү, эсвэл ганц Австралид хэрэгжиж байна уу?

-Үнэлгээний хувьд гэж яривал бизнесийг үнэлдэг, үл хөдлөх хөрөнгийг үнэлдэг. Ашигт малтмалын нөөц, ордыг яг хөрөнгө шиг үнэлдэг стандарт манайд өнөөхөндөө хэвшээгүй. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа газарт лиценз шилжүүлэхээс эхлээд татвар төлөх хүртэл маш олон харилцаа өрнөдөг. Ашигт малтмалын лиценз, ордын тухайд худалдаж авах ч юм уу үнэлүүлэх гэж байгаа, хэрэг маргааны шатанд яваа гэх мэт асуудал гардаг. Энэ тохиолдолд чөлөөт зах зээлийн бодит үнэд дөхүүлж үнэлдэг стандарт дэлхийд бий. Тэр нь таны асуусанчлан Австралид хэрэгждэг. Канад, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад ч хэрэгждэг. Сүүлд Америк бас ийм үнэлгээ хийж байгаа. Яг үүнтэй төстэй стандарт маягийн зүйл бусад улсад мөн бий.

-Манайд лиценз шилжүүлэлт их байдаг. Лиценз шилжихтэй холбоотойгоор татвараа бага төллөө гэх мэт маргаан бараг хэвшил болчихсон. Таны яриад байгаа үнэлгээг нэвтрүүлчихвэл энэ асуудал шийдэгдэх нь ээ?

-Тэгнэ. Лиценз шилжүүлсэн тохиолдолд татварынхан татвар авахын тулд хэдээр худалдсан бэ гэж мөрддөг л дөө. Өндөр үнээр худалдчихаад татвараа бага төлж байна гэх мэт асуудал үүсдэг. Үүнийг нь үнэлдэг арга, кодексийг дэлхийн улс орнууд бий болгочихсон гэсэн үг. Энэ кодексийг нэвтрүүлэх эрэлт манайд их бий. Наад зах нь хөрөнгийн бирж дээр геологи уул уурхайн компаниуд хувьцаат компани болж гарахад зайлшгүй хэрэгтэй. Нийтэд зориулж худалдах хувьцааны үнэ та бид хоёрын ярьж суугаа энэ үнэлгээгээр тогтоогдох юм. Урт нэртэй хууль гарсаны дараахь процесс байна. Нөхөн олговор олгож чадахгүй асуудал үүссэн. Компаниуд гаргасан зардлаа гээд баахан тоо бичээд өгчихсөн. Засгийн газар хариуд нь хэлэлцээрт орох ямар ч боломжгүй нөхцөлд орсон л доо.

-Компаниудын нэхсэн мөнгөний хэмжээг бодитоор үнэлж чадахгүй байсан болохоор уу?

-Яг тийм. Компаниудын нэхсэн мөнгөний хэмжээ хэр үнэн болох, бодит өртөг зардал нь яг хэд гэдгийг үнэлж мэдэхгүй байсан учраас асуудал үүссэн. “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааны үнэлгээ ч бодитой биш. Засгийн газар 1072 хувьцааг 900 гаруй төгрөгөөр үнэлээд компанийн балансад биччихсэн. Худлаа үнэ шүү дээ. Түүнийг нь үнэлдэг арга сая миний онцолж хэлсэн стандарт байх жишээний. Уул уурхайн салбарт 2000-2011 он хүртэл лицензийн шилжилт их хийгдсэн. Ялангуяа хайгуулын лиценз. Энэ тохиолдолд мэдээллээ худалдсан үнээс татвар авна гэдэг. Тэгэхээр мэдээлэл нь ямар үнэтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Гаргасан зардал, хүрсэн мэдээллээр нь хэмжиж таарна. Зардлыг нь тодорхой, бодитой гаргаж ирэх боломж мөн л сая ярьсан үнэлгээнд бий.

-Таны ярихыг сонсох нь ээ, манайд маш хэрэгтэй арга санагдлаа. Дэлхийд жишиг болсон энэ үнэлгээг манай улс хэр сонирхож байгаа юм бол?

-СЗХ, Монголын компаниуд 2012 оноос нэлээд судалсан юм билээ. Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоотой хамтраад дэлхийд жишиг болсон гурван стандартын дагуу кодекс бий болгох гэж оролдож байгаа. Гадны олон төслийн дэмжлэг ч орж ирэх байх.

-Хайгуулын анхан шатанд яваа ордыг үнэлж болох уу?

-Болно. Үйлдвэр ажиллах явцад, үйлдвэрлэл эхлэхээс өмнө ч үнэлэх боломжтой.

-Лицензийн маргаан гараад үнэлгээ хийлгэлээ гэж бодъё. Тооцож гаргаад ирсэн үнэ нь зохиомол байх эрсдэл бий юү?

-Тийм зүйл байхгүй. Жинхэнэ чөлөөт зах зээлийн үнээр үнэлгээг нь хийнэ. Нэг жишээ хэлье. “Сентерра” Монголоос гарахдаа Гацууртын ордыг Бороотой нь хамт бараг 35 сая ам.доллараар худалдчих шиг боллоо. 60 гаруй тонн алттай орд шүү дээ. 35 сая гэдэг нь зах зээлийн үнэ. Худалдаж авсан нөхөр “Бороо гоулд” шиг асуудал бэрхшээлийг туулна. Ашиглахад бэлэн болсон хэрнээ яг ашиглах хүртлээ зургаа, долоон жилийг алдах эрсдэл байна. Нэгдүгээрт гадаадын хөрөнгө оруулалттай, стратегийн ач холбогдолтой орд учраас Засгийн газарт хувиа тохирох хүндрэлтэй байсан болов уу. Хоёрдугаарт нь Ноён уул тойрсон иргэний хөдөлгөөний эсэргүүцэл байна. Өөрөөр хэлбэл энэ ордын хувьд зах зээлийн үнэ нь хөрсөн доорх алт биш. Тэр ордод хөрөнгө оруулаад борлуулахад хэр хэмжээний эрсдэл туулж, ямар цаг хугацаа зарж ашиглах чадахгүй удах вэ гэдэг л үнэлгээ буурах гол шалтгаан болдог.

-Тэгэхээр улс төрийн эрсдэл үнэлгээний том шалгуур болдог байх нь...?

-Тэгж ойлгож болно. Ер нь бүх нөхцөл байдлыг харгалзаж байж үнэлдэг. Таны хэлсэн улс төрийн нөхцөлөөс гадна уул геологийн нөхцөл, татварын орчин гэх мэт бүгдийг тооцож үздэг. Ашиглахад тээг болж мэдэх бүх нөхцөлийг судалж, тооцдог гэсэн үг. Тэр бүгдийг нь үнэлдэг стандарт л даа. Монгол 2011 оноос хойш хайгуулын лиценз бараг л олгохгүй, ер нь их удаан олгож байна.

Монголд хөрөнгө оруулалтыг хайгуулын салбар л татаж байсныг өнгөрсөн түүхээс харж болно. 100 хувь эрсдэлтэй мөнгийг гаднаас хайгуулын салбар босгосоор ирсэн нь бодитой үнэн. Австрали, Торонтогийн гэх мэт хөрөнгийн биржээс гадны хөрөнгө оруулагчдаас босгосон мөнгө Монголд зарцуулагдсан. Хайгуул хийх хэрээр мэдээлэл нь илүү тодорхой болж, нөөцийн боломж нь ихэсч, тэр хэрээр босгох мөнгө нь томорч байсан. Хайгуул ер нь ийм зарчмаар явдаг. Оюу толгойн хөрөнгө оруулалтаас бусад том мөнгө дан хайгуулаар дамжиж орж ирсэн. Хайгуулыг дагаад шатахуун нийлүүлэлт, хоолны үйлчилгээ гэх мэт олон салбарын бизнес цэцэглэдэг онцлогтой.

Монголд хайгуул идэвхжих үед эдийн засаг энэ мэтээр тэлж, тэтгэгдэж байсан. Харин одоо тийм зүйл байхгүй. Хөрөнгө оруулах боломжтой уул уурхайн төсөл гэвэл Таван толгой л байна. Таван толгойгоос өөр хөрөнгө татах төсөл өнөөхөндөө алга. Хайгуул байхгүй учраас тэр л дээ. Хайгуул хөгжиж байж л уул уурхайн дараагийн том төслүүд хэрэгжих үүд нээгдэнэ. Одоо хэрэгжиж яваа том төсөл гэвэл Оюу толгой л байна. Асгат гэж том төсөл бий гэж ярьж байна. Асгатын хувьд олборлох нөхцөл хүнд. Ордын эрсийн бүтэц нь маш нийлмэл. Алт, мөнгө, зэсийн алиных нь орд болох, яг юу ялгаж авах нь тодорхой бус.

-Асгат “Эрдэнэс Монгол”-д очсон. Ашиглана, том төсөл болгож хөдөлгөнө, ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулна гээд байгаа шүү дээ. Тийм боломж байхгүй хэрэг үү?

-Ямар ч боломж байхгүй. Хэн хөрөнгө оруулах юм бэ. Асгатын мөнгөний ордыг саяын үнэлгээний стандартаар үнэлбэл өчүүхэн тоо гарна. Бүх эрсдэлийг тооцоод үзвэл маш багаар үнэлэгдэнэ.

-Лиценз олголт ямархуу янзтай байна вэ?

-Энэ парламент бүрдсэн эхний жил буюу 2016 оны өвөл төсөв хэлэлцэж байхад өргөдлөөр өгдөг байсныг болиулчихсан. Одоо зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа. Сонгон шалгаруулалтаар олгож байгаа гэдэг ч лиценз олголт хэвийн үргэлжилж яваа гэхэд хэцүү. Жилд нэг хоёр удаа олгох гэж оролдож байна. Шалгаруулалт зарлана, зарлахаар нь орон нутгийн удирдлага нь татгалзана. Орон нутгаас санал авах гэхээр уул уурхайгүй аймаг болно гэх мэтээр гэдийчихдэг.

Энэ тохиолдолд лиценз олгогдох боломжгүй. Товчхондоо манайх холбооны улс шиг болчихоод байна л даа. Гэтэл засгийн зарласан лицензийн талбай хуулиараа орон нутгийн иргэдийн өмч биш. Нийтийн өмч. Монголын нийт ард түмний өмч. Зүй нь нийтийн өмчийн нэг хэсгийг төр мэдэх ёстой. Холбооны улс биш учраас төр л мэдэж шийдвэр гаргах учиртай. Хоёрдугаарт сонгон шалгаруулалтаар олгодог журам нь мөнгөн дээр суурилсан байна. Аль өндөр үнэ өгсөн нь авч байна. Нэг үгээр хэлбэл лиценз олголт зогсоогүй ч маш удааширсан.

-Энэ янзаараа явбал хайгуулын лиценз гэсэн ойлголт байхгүй болж мэдэх нь ээ?

-Санал нэг байна. 2010-аад онд дөрөв, таван мянган хайгуулын лиценз, мянга гаруй ашиглалтын лиценз байсан юм. Гэтэл өнөөдөр 1200 хайгуулын лиценз, 1600 ашиглалтын лиценз байна. Дөрөв дахин их байсан хайгуулын лицензийн тоо ашиглалтын лицензээсээ доогуур орчихсон гэсэн үг. 1600 ашиглалтын лицензийн тухайд бүгдэд нь үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлэхэд хэцүү. Нүүрс, хайрга, дайрга, жонш гэх мэт бүх ашигт малтмалаа оруулаад тооцвол 400 хүрэхтэй үгүйтэй үйлдвэр байж магадгүй. Бодит байдал ийм л байна. 2006 оны хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хугацаа 12 жил болсон. Дахиж сонгогдохгүйгээр дуусгавар болно гэсэн үг. Ингээд тооцохоор 2004 оны лиценз хуулийн дагуу дуусгавар болчихсон. 2004 оноос хойших гээд харахаар гурав, дөрвөн жилийн дараа хайгуулын тусгай зөвшөөрлийн тал хувь нь алга болохоор байна.

Ц.Баасансүрэн   

Эх сурвалж: Өдрийн сонин


Б.Энх-Амгалан гишүүн ээ, ЖДҮ-чид бол дээрэмчид

$
0
0

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гэгч энэ эрхэм юмны учир байдлыг ойлгохоо байсан юм байх даа. Угаасаа ойлгодоггүй ч байсан юм уу. Хэнийг ямар нөхцөл байдлаас гаргах гэж муйхарлаад байна вэ. Саваагүй нохой саранд хуцна гэгчийн үлгэр болох вий дээ.

МАН-ыхан ЖДҮ-гийн асуудлыг үе үе авч хэлэлцээд энэ тухай  хуралдахдаа “Протокол хүртэл хөтөлдөг болсон. Тэрхүү протоколын 2 дахьд нь тэмдэглэснээр бол “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцсэн байдаг.

Энэ үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “…УИХ-ын тухай хуулийн 7.1.15-д зааснаар Их хурлын гишүүн аливаа албан байгууллага, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, шаардлагатай бол холбогдох байгууллага албан тушаалтанд уламжилж хариуг нь авч өгөх үүрэгтэй. Энд явж байгаа хүмүүсийн бичиг сачигийг нь харахаар ЖДҮХС-д дэмжиж өгөөч ээ гэж бичиг хийж өгсөн учраас “Чи холбоотой” гэдэг байдлаар хандаж болохгүй. Зээл шүү дээ” гэсэн байдаг.

Зээлийг хэн хэрхэн яаж авсныг, гишүүд зээл авах ёсгүйг ярьж байгаа болохоос  зээл үү үгүй юу гэдгийг асуугаагүй, яриагүй. Гэтэл ингэж элийрч байгаа хүн өнөөдөр УИХ-д сууж байна. Энэ нь нэг талаараа Б.Энх-Амгалан гэж хувь хүний дүр төрх харагдаж байгаа ч нөгөөтэйгүүр МАН-ын боловсон хүчний асуудал хэр зэрэг буйг харуулж байгаа юм.

Мөн МАН-ынхан өөрсдөдөө тааруулж хууль өөрчилсөн. Ингэхдээ ирэх сонгуульд нэр дэвшигч нь бүртгүүлэхээр ирэхдээ бүрдүүлэх материалдаа Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжилгээний “Эрүүл” гэсэн бичгийг  хавсаргасан байх ёстой гэж оруулсан. Энэ нь МАН Б.Энх-Амгалан мэтийн эрүүл юм шиг хэрнээ юм ойлгодоггүй, тэс хөндлөн юм ярьж суудаг, сэтгэцийн эмгэгтэй мэт гишүүдээсээ цэвэрхэн гэгч нь салах гэсэн нэг арга  гэдэг нь ч илт харагдаж байна.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

 

МАН-ынхан ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэхээр санал нэгдэв үү

$
0
0

Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Тэрбээр хориг тавьсан албан бичигтээ үндсэн гурван асуудлыг дурдсан. Тодруулбал, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлснийг, Ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөд тус тус хориг тавьсан.

Харин үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ хууль 2017 он буюу 2.7 сарын өмнө баталсан. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжиж байгаа. ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагын нэг байсан. Хориг тавьж байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй” хэмээн мэдэгдсэн. Мөн зарим эдийн засагч, хуульчдын зүгээс НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэнд хориг тавих хууль зүйн үндэслэл байхгүй. 2017 онд батлагдсан хуулиар НДШ-ийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа хэмээн мэдэгдээд байна. 

Хуваарийн дагуу МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдав. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч 2020 оны төсөвтэй холбогдуулж дөрвөн асуудлаар хориг тавьсан. Төсвийн тухай хуультай холбоотой хоёр асуудал бий. 2020 онд обьект нь эхлээд, 2021-2022 онд дамжин хэрэгжиж байгаа төслийг улсын төсвөөс хасах тухай хоёр санал ирүүлсэн. Бүлэг хэлэлцээд төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй. Цаашлаад Төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан төсөлд бүхэлд нь хориг тавьсан. Энэ хоригийг бүлэг хэлэлцээд мөн хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Харин Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авах нь зөв гэдэгт санал нэгдлээ. Учир нь, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ өсч байгаатай холбоотой хориг учраас бүлгийн гишүүдийн олонх нь хүлээж авах нь зөв гэж үзсэн” гэв. Ийнхүү Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэнчлэн МАН-ын бүлгийнхэн ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэхээр санал нэгдлээ. Энэ нь ч шалтгаантай. Учир нь сонгуулийн өмнөх жил НДШ-ийг нэмэгдүүлэх нь МАН-ынханд эрсдэлтэй. Сонгогч түмний өмнө хийж буй уучлахгүй алдаа хэмээн тодотгох хэсэг байна. Иймээс тэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байхаар санал нэгджээ. Хоригийг хуваарийн дагуу холбогдох байнгын хороо, улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцсэнээр эцэслэх учиртай. Нэгэнт олонхын бүлэг хоригийг хүлээж авахаар шийдчихсэн учир эцсийн шийдвэр тодорхой. 

Гэвч энэ асуудал эргэлзээтэй хэвээр үлдэж байна. НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх хууль нь аль хэдийн батлагдчихсан. Тэр үед нь Ерөнхийлөгч хориг тавиагүй одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт. Хэрэгжиж буй хуулийн зохицуулалтаар орж ирэх орлогыг тооцоолж төсөвт тусгасанд нь хориг тавьж байгаа нь ойлгомжгүй хэвээр байна. 

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn  

Оюутолгойн ирээдүйд дайх дөрвөн “бодол”

$
0
0

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум орчим ам.доллароор өсөхөөр болсныг “Рио тинто” өнгөрсөн намар зарласан. Үргэлж ээдрээ, элдэв үл ойлголцол дагуулж байдаг уг төслийн хөрөнгө оруулалтын зардал дахин нэмэгдэхээр болсон нь нөхцөл байдлыг улам дордуулав. Монголын улстөрчид “Дубайн гэрээ”-г 2015 онд байгуулснаас хойш “Оюутолгой” төслийг хамтран хэрэгжүүлж буй “Рио тинто”-д давамгай байдал үүссэн гэж үзэж буй. Хэдэн жил хэлэлцэж, ярилцсаны эцэст УИХ-аас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг батлаад удаагүй байна. Төслөөс өнөөгийнхөөс илүү их үр ашиг хүртэхийг УИХ Засгийн газарт даалгасан хэрэг.

Олон нийт “Оюутолгой” төслийн талаар өөрийн ойлгох, мэдэх хэмжээгээрээ байр сууриа илэрхийлдэг. Энэ удаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Дубайн гэрээ”-г байгуулахад оролцож байсан залуу улстөрч, мэргэжилтнүүд хийгээд судлаачдын байр суурийг сонслоо. Тэдэнд “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг УИХ баталсан. Уг тогтоолын хүрээнд Засгийн газар “Рио тинто” групптэй хэлэлцээр хийх нь тодорхой боллоо. Монголын тал хэлэлцээрт ямар байр суурь, зарчим баримтлан оролцоосой гэж бодож байна вэ” гэсэн асуулт тавьсан юм.

ОЛОН АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХИЙГ ҮҮРЭГДСЭН ТОГТООЛ БАТАЛСАН

Г.ТЭМҮҮЛЭН (УИХ-ын гишүүн):

-“Оюутолгой” төсөлд Засгийн газрын болон УИХ-ын ажлын хэсгээс 2018 онд хийсэн шалгалтын дүнд үндэслэж, УИХ-ын тогтоолыг гаргасан. УИХ-ын зүгээс 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахтай холбогдуулан шийдвэр гаргаж байснаас хойш 10 жилийн дараа гаргаж байгаа анхны тогтоол шийдвэр гэдгээрээ энэ удаагийнх маш онцлогтой. Том төслөөс өнгөрсөн 10 жилийн хугацаанд бидний олж авсан сургамж, цаашид төрөөс баримтлах арга хэмжээний цогц бодлогыг маш тодорхой заасныг Засгийн газар заавал хэрэгжүүлэх хэрэгтэй болно.

Мэдээж тогтоолын хүрээнд Засгийн газрын зүгээс ойрын хугацаанд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж таарна. Хэлцлийн хүрсэн үр дүнг нь УИХ-д шуурхай танилцуулах ёстой. Мөн тогтоолын 1.3-т зааснаар нөгөө талтай хийх яриа хэлэлцээнд манай талын хүрэх үр дүнг маш тодорхой зааж өгсөн. Монголын тал одоогийн 34 хувь эзэмших нөхцөлөөр үргэлжлүүлэх үү, эсвэл бүтээгдэхүүн хуваах болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр 34 хувиа орлуулах уу гэдгийг сонгоно. Аль ч тохиолдолд “Оюутолгой” төслөөс Монголын талын хүртэх үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-д заасан эдийн засгийн суурь хэлцэл болох нэрлэсэн үнээр 53 хувиас хэзээ ч бууруулахгүй байхыг хатуу үүрэгдсэн. Энэ тоо, мөнгөн үр өгөөж бол төслийг эхлүүлэх үед хоёр талын хатуу тохиролцож ойлголцсон эдийн засгийн суурь тооцоолол учраас энэ сууриа бид хэзээ ч, аль ч Засгийн газрын үед хатуу баримтлахаас өөр аргагүй.

Дээр нь тогтоолын 1.6-д зааснаар Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгээс жил гаруй хугацаанд ажиллаж гаргасан нийт 87 санал, дүгнэлтийг заавал хэрэгжүүлэхийг Засгийн газарт маш тодорхой зааж өгсөн. УИХ-ын даргын 2018 оны захирамжаар ажилласан ажлын хэсгийн санал, дүгнэлтээр “Дубайн гэрээ”-г цуцлах арга хэмжээнээс авахуулаад хууль тогтоомжийн дагуу татвар, төлбөр, хураамжийн орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлэхэд анхаарах асуудал, үндэстэн дамнасан компаниудын татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бүрэн хаах хүртэлх гээд бидний бүхий л алдаа, оноо, түүнээс авах сургамж арга хэмжээнүүдийг бүрэн тусгасан.

Монголын төр цаашид уул уурхайн стратегийн төслүүдэд баримтлах зарчим, бодлогын асуудлуудаа тодорхойлж, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох асуудлыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд тодорхой зааж, Засгийн газарт хэрэгжүүлэхийг үүрэгдсэн. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 30 жилээр татварын орчныг тогтвортой байлгах нь зөв юм уу, эсвэл эхний 10 жилээр тогтворжуулах нь бизнесийн үйл ажиллагаа талаасаа нийцэх үү, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулахдаа тухайн төслийн эдийн засгийн үр өгөөжийг ямар эрх зүйн актаар баталгаажуулах вэ гэдгийг заасан. Мөн тооцооллыг төслийн ТЭЗҮ-д үндэслэх үү, гэрээг эцсийн хөрөнгө оруулагчтай байгуулах ёстой юу гээд эрх зүйн болон санхүүгийн үр дагавартай олон ойлголтыг цаашид тодорхой болгох арга замыг зааж өглөө. Төрийн зүгээс татвараа ядаж бүрэн төвлөрүүлэхэд өөрсдийгөө чадавхжуулах талаасаа юунд анхаарах вэ, цаашдаа бид татварын албаны дэргэд олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн албан хаагчидтай нэгж бий болгох, боловсон хүчнийг мэргэшүүлэх, цалин, урамшууллыг өрсөлдөхүйц тогтоох зэрэг бүхий л асуудлыг тусгасныг хэрэгжүүлэх шаардлагатай болно.

“ОЮУТОЛГОЙ”-Г ТОЙРСОН ХИЙРХЛИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

Ч.ОТГОЧУЛУУ (Эдийн засагч, судлаач):

-“Оюутолгой”-той холбоотой УИХ-ын тогтоолын албажсан хувилбарыг олж үзээгүй байна. Харин хэвлэлийн мэдээллээс харахад, энэ тогтоолын үндсэн чиглэл нь УИХ-аас 2008 онд баталж байсан 40 дүгээр тогтоолын анхны хувилбарууд руу буцах боломжийг судлах үүрэг өгсөн юм уу гэж таасан. Алдарт 40 дүгээр тогтоолоор “бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах”, “ордыг ашиглах компанийн хувьцааны 34 хувийг эзэмших”, ингэхдээ “роялти юм уу, зээлээр 34 хувиа орлуулах” гэсэн хувилбарыг судлах үүргийг Засгийн газарт өгсөн. Дараа нь буюу 2009 онд УИХ-аас 57 дугаар тогтоолоо баталж, ордыг ашиглах компанийн хувьцааны 34 хувийг эзэмшихийг даалгасан. Үүний дагуу тухайн үеийн Засгийн газар нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.

Харин 10 жилийнх нь ой дээр УИХ-аас дахин тогтоол гаргаж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард дахин суухаар болж байх шиг байна. Үүнийг сонгуулийн популизм бүү болгоосой, төрийн хүмүүсийн зангараг зааж, ул суурьтай, тооцоо судалгаатай хандаасай гэж хүсэж байгаа. Тогтоолд хөндлөнгийн хараат бус зөвлөх үйлчилгээ заавал аваарай гэсэн сайн заалт оруулсан байна билээ. Ашиг сонирхлын ямар ч зөрчилгүй зөвлөх авах хэрэгтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах зөвлөх авахдаа 2009 онд нэг алдаа гаргасан. Засгийн газар нь “Голдман сакс”-аас зөвлөгөө авчихсан. Гэтэл нөгөөх нь “Айвенхоу майнз”-ын хувьцааг эзэмшдэг байсан гэх яриа тасардаггүй. Мөн хуулийн зөвлөх үйлчилгээ сайн аваасай гэж бодож байна.

Ижил төстэй уурхайнуудтай харьцуулсан татвар, роялтийн судалгааг маш сайн хийгээсэй. Харин “Эрдэнэт үйлдвэр”-тэй шууд харьцуулах нь зохимжгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд бид ЗХУ-д маш их баялгаа үнэгүй шахам өгсөн. Хэд хэдэн Эрдэнэт хот барих мөнгөө “ах дүүгийн найрамдал” гэх нэрийн дор колони орны жишгээр коммунист ах нартаа “бэлэглэсэн”.

Мөн Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлтэд хэт автвал алдаа болно. Тэд мөнгөн урсгалаа маш буруу тооцсон харагдсан. Ингэхээр өгөөжийн тооцоолол ч буруу гарна. Дубайн төлөвлөгөөг шүүмжлэхийн зэрэгцээ түүхийг нь сайтар ойлгох хэрэгтэй. Үнэндээ бол нэг л үе шатны бүтээн байгуулалтыг хийх төлөвлөгөө. Дубайн төлөвлөгөөг байгууллаагүй байсан ч ногдол ашиг хойшлох л байсан. Учир нь зардал хэтэрсэн нь үнэн. Тэр хэтэрсэн зардлыг санхүүгийн тайлангаас хасах хуулийн боломжгүй гэдгийг тухайн үед Сангийн сайд байсан Ч.Улаан гуай тайлбарлаад өгөх байх.

Бас гуравдагч хөршийн бодлогоо тэнцвэртээ авч яваасай. Манай хоёр хөрш их гүрний амбицаа огт нуухгүй байгаа. ОХУ гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчилсэн. Бараг л ЗХУ-ын үеийн нөлөөний бүсээ эргүүлэн сэргээнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Хятад “Бүс ба зам” санаачилга гаргаж, нөлөөний бүсээ шинээр тогтоох гэж байна. Хятад зэс зэрэг түүхий эдийн импортыг эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд авч үзнэ гэдгээ зарласан. Тиймээс нөлөөний бүсийнхээ уурхайнуудад хяналтаа тогтоох гэж оролдоно. Ингэж байж хангамжаа найдвартай болгоно, түүхий эдийн үнийг бууруулах нөхцөлөө бүрдүүлнэ. Гэтэл манайхан бүтээгдэхүүнээ Япон, Өмнөд Солонгос руу борлуулах сонирхолтой байгаа нь Хятадын бодлоготой зөрчилдөнө.

Эдийн засгийн өгөөжийн хувьд харин тогтоолд заасан нэг хувилбарын дагуу 34 хувиасаа татгалзаад, оронд нь тусгай роялтигаар хүлээгдэж байсан ногдол ашгаа нөхөн авч болно. Эсрэгээр 34 хувьтайгаа үлдлээ гэхэд өрөө “цоожлох” ёстой гэж бодож байна.

Хамгийн гол нь гэрээг цуцалж, төслийг зогсоож болохгүй гэдэг дээр эрх баригч улс төрийн хүчний доторх бүлэглэлүүд санал нэгдсэн гэж харж байгаа. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт өссөн, өрөө дахин санхүүжүүлсэн нь “Оюутолгой”-н ач юм. “Оюутолгой” төслөөс улсын төсөвт жилд 300 сая ам.доллар төлж, цалинд 200 сая ам.доллар зарцуулж байна. Үүгээр зогсохгүй 700 сая ам.долларын худалдан авалт хийдэг. Энэ 1.2 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг зогсоочихвол эдийн засаг “цус алдана”. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвол жирийн иргэд л хохирно. Шийдвэр гаргагчид хоосон айдас, сошиал дахь бухимдалд автаад, бусдыг дагаж хийрхээд байвал дахиад л алдаа гаргана. Дээр нь хот байгуулаагүй, “Дубайн гэрээ” хууль зөрчсөн, баялгаа барьцаалсан, ард түмэн өрөнд орсон гэх мэт “Оюутолгой”-г тойрсон хийрхлийг зогсоомоор санагддаг.

АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ДАВУУ ТАЛ ХАРАГДАХГҮЙ БАЙНА

Ц.ЦОЛМОН (УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан, хуульч):

-“Оюутолгой” бол дэлхийд томоохонд орох уул уурхайн төсөл. Одоо төслийн талаар сэтгэлийн хөөрлөөр бус, нарийн тооцоо судалгааг үндэслэж ярих шаардлагатай. Ямар ч байсан хэнтэй, ямар нөхцөлөөр, ямар байдалд хэлэлцээр хийх гэж байгаа, ямар үр дагавар гарах юм гэдгийг манайхан сайн ойлгох ёстой. Миний санаж байгаагаар, 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын тал төслийн 53 хувийн үр өгөөжийг хүртэнэ, Монгол Улс 2020-2023 оноос ногдол ашгаа авч эхэлнэ гэсэн тооцоонд үндэслэн хийсэн. Яагаад 2015 онд “Дубайн гэрээ”-гээр 2009 онд өмнө нь тохирсон төслийн санхүүгийн загварыг бүхэлд нь өөрчилсөн, яагаад төслийн зардал хэд дахин өссөн, тэрийг нь яагаад тухайн үеийн манай албан тушаалтнууд хүлээн зөвшөөрчихсөн юм гэдгийг олон нийтэд ойлгомжтой тайлбарлах шаардлагатай. Сая гарсан УИХ тогтоол бол “Дубайн гэрээ”-г хүчингүй болгож, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны байдалд нь аваач, боломжтой бол түүнээс илүү сайжруул гэсэн агуулгатай юм байна гэж би хувьдаа ойлголоо.

Харин төслийн хөрөнгө оруулалтын 34 хувийг эзэмшихгүйгээр, АМНАТ-ийг нэмэгдүүлэх хувилбарын хувьд санхүүгийн тооцоог нь харж байж ярихгүй бол болохгүй биз ээ. Би худлаа санаагүй бол дээр 2009 оны гэрээгээр 2020-2023 онд манай тал ногдол ашгаа авч эхлэхээр тохирсон байсныг хэлсэн. 2020 он гарахад ердөө сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Нөгөө талаас аливаа гэрээг хоёр тал байгуулдаг. Гэрээ байгуулсан тал маань бидэнтэй хэлэлцээр хийх, эсэх талаар одоогоор мэдэгдсэн зүйл алга. “Оюутолгой”-н хувьд мега төсөл хэрэгжүүлж сурсан Англо-Австралийн компани АНУ-ын Нью-Йорк, Канадын Торонтогийн биржээс хөрөнгө босгоод “Оюутолгой” төслийг хариуцан ажиллаж байгаа. Энэ хөрөнгө оруулагч ер нь хэн бэ, доторх засаглал нь ямар вэ, яаж шийдвэр гаргадаг юм гэдгийг манайхан маш сайн ойлгож байх учиртай.

Нөгөө талаас “Рио тинто” дэлхийн эдийн засгийг атгаж байгаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө татаж төсөлд зарцуулсан. Энэ санхүүгийн байгууллагуудын ашиг сонирхол хөрөнгө оруулагч талд жин нэмэх нь тодорхой. Өнөөдрийн манай дотоод эдийн засгийн нөхцөл байдал, улсын өрийн хэмжээ, Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж дуусаж байгаа, томоохон хэмжээний бондын өрийг төлөх хугацаа ойртсон, УИХ-ын сонгууль дөхсөн зэрэг хүчин зүйлийг харгалзан үзвэл хэлэлцээрийг тийм хурдан, амжилттай хийх давуу байдал бидэнд харагдахгүй байна.

“Дубайн гэрээ”-нд гарын үсэг зурах эрх олгосон Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгосон шүүхийн болон УИХ-ын шийдвэр гарснаас хойш, “Financial times”, “New York times”, “Bloomberg”, “Australian financial review” гээд Англи, Америк, Авсрали, Канадын бүх л томоохон санхүү, уул уурхайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн өнцгөөр “Оюутолгой” төслийн талаар мэдээ гарч байна. “Рио тинто” Монголын Засгийн газартай асуудалгүй, хууль зүйн маргаан байхгүй гэж байгаа боловч нэлээд хүнд байдалд орж байх шиг. “Рио тинто” Монголын Засгийн газар хоёр нэг завин дээр сууж байгаа гэдгийг бид бодолцох л учиртай.

Ямар ч тохиолдолд УИХ-ын тогтоол Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох үндэслэл болохгүй байгаасай гэж найдаж байна. Хэрэв хөрөнгө оруулалт, гүний уурхайн бүтээн байгуулалт зогсвол аль аль тал нь улам их алдагдалд орж, цаг хугацаа алдана гэдгийг ойлгож байгаа болов уу.

34 ХУВИА ЗАРААД ТӨСЛӨӨС ГАРАХ ШААРДЛАГАТАЙ

Л.НАРАНБААТАР (Эрдэс баялгийн эдийн засагч):

-УИХ-аас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийн хангуулах тогтоол баталсныг би хувьдаа дэмжиж байгаа. Энэ бол “Оюутолгой” төсөлтэй холбоотой, маргаан, мэтгэлцээн, үл ойлголцолд цэг тавих боломж гэж харж байна. Тогтоолын төсөлд “Оюутолгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах гэсэн заалтыг дэмжих хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшсэнээр хэзээ, хэр хэмжээний өгөөж хүртэх нь тодорхойгүй боллоо. Тодорхойгүй зүйлийг хүлээж байхын оронд 34 хувиа ханасан үнэ хүргэж зараад гарах ёстой гэж боддог. Тэгээд хүртэх өгөөжөө роялтигаар аваад явах хэрэгтэй. Тэгвэл бид өгөөжийн эрт хүртэж эхэлнэ. “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголыг төлөөлж гурван хүн багтдаг. Тэд улсынхаа эрх ашгийг хангаж ажиллаж чаддаггүй. Ялсан намын нөлөө бүхий хүмүүсийн сард 40 мянган ам.долларын цалин авдаг зөөлөн суудал болж хувирсан. Ийм жишгээр удаан яваад сайнаа үзэхгүй гэж бодож байна.

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Асашёорюү Д.Дагвадорж төмс тарина

$
0
0

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат хоёр хоногийн өмнө "Хүнсний ногоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маань санхүүгийн хувьд байнгын алдагдал хүлээж, улмаар цаашид үргэлжлүүлэх боломжгүй хэмжээнд хүрлээ" хэмээн хүнсний ногооны бизнесээс гарч байгаагаа зарласан бол Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ирэх хавраас эхлэн төмс тариалж, энэ салбарт хөрөнгө оруулахаа мэдэгдлээ. Энэ тухайгаа Их аварга "Ирэх хавраас монгол төмс тарихаар шийдлээ. Монгол төмс бол гайхамшигтай эрдэнэ юм" хэмээжээ. Түүний хувьд таван жилийн өмнөөс эх орондоо гурвалжин будаа тариалж эхэлсэн ба гаднын улсаас хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний ногоо худалдан авахыг эсэргүүцдэг байр суурьтай байдаг. 
 

Ж.Сондор

Эх сурвалж: Zindaa.mn

Саид Моллаи иран биш азербайжан хүн

$
0
0

Монгол Улсын иргэн, жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллаи иран биш азербайжан хүн гэнэ. Саид 2018 онд Азербайжаны Баку хотод болсон ДАШТ-д түрүүлснийхээ дараа өөрөө ингэж хэлж байжээ. Тэрбээр “Би азербайжан үндэстэн. Ираны Баруун Азербайжан мужийн Хой хотын уугуул. Гэхдээ би одоо Урмия хотод амьдарч байна” гэж хэлж байв. Баруун Азербайжан муж нь Ираны баруун хойд хэсэгт оршдог. 184,4 мянган хүн амтайн ихэнх нь азербайжан иргэд ажээ.

Саид Моллаи тэр үед “Би Бакуд дэлхийн аварга болж, Азербайжаны ард түмэнд алтан медалиа харуулж чадлаа. Миний жинд Азербайжанаас тамирчин байсангүй. Тийм болохоор би алтан медалиа бүх азербайжанчуудад зориулж байна. Бэлтгэлээ сайн хийж, Токиогийн олимпод түрүүлэх зорилготой” гэж ярьж байлаа. Саид Моллаи мөн 2017 онд Бакуд болсон Исламын шашинт улс орнуудын наадамд түрүүлж байлаа.

М.Сугар-Эрдэнэ  

Эх сурвалж: Zindaa.mn

Б.Сумъяасүрэн: Солонгосын хамгийн үнэтэй жүжигчин олон ангит киноны нэг ангид 200 сая воноор тоглодог

$
0
0

Солонгосын кино урлагт хөл тавьж, өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж буй Б.Сумъяасүрэн охинтой цахим сүлжээгээр холбогдож цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Эрхэм уншигч танд  Өмнөд Солонгос улсын кино зураг авалтын талбайгаас энэ өдрийн мэндийг хүргэж байна. Намайг Б.Сумъяасүрэн гэдэг. 1993 оны өвөл айлын дундах, ганц охин болон мэндэлсэн.  
-Саяхан фэйсбүүкийн нүүр хуудаснаас өөрийг тань БНСУ-д олон ангит киноны багт ажилладаг тухай мэдээллийг тань олж уншсан. Хэзээнээс БНСУ-д  ажиллаж, амьдарч эхлэв?
-Энэ асуултад хариулахын тулд маш гоё дурсамжуудаараа аялах болох нь.  Их урт яриа болж магадгүй. Арван жилийн сургуулиа төгсөөд ямар ч эргэлзэх юмгүйгээр найруулагчийн мэргэжлийг сонгож Монголд Радио Телевизийн дээд сургуульд элсэн орсон. РТДС-даа нэг жил сурсан. Гэтэл нэг өдөр  ээж маань чи үнэхээр найруулагч болохыг чин сэтгэлээсээ  хүсэж байна уу? гэж асуусан. Тухайн үед манай Солонгос дахь сургуулийн танилцуулгыг зурагтаар гарч байхыг хараад ээж маань тэгж асуусан юм билээ. Би ч итгэлтэй байгаагаа хэлсэн. Ингээд ээжийнхээ зөвлөснөөр 19-хөн настайдаа БНСУ-д найруулагчаар сурахаар шийдвэрийг гаргаж байлаа. Миний хувьд сонгосон мэргэжлээрээ гадаадад сурах талаар төсөөлөл байгаагүй. Гэсэн ч ээждээ чадна гэж хэлсэн учраас хичээх ёстой гэж бодсон. Ингээд визээ хөөцөлдөж эхэлтэл хоёрхон долоо хоногийн дотор виз маань гарчихсан. Гэтэл миний өмнө визээ өгөөд хоёр сар хүлээсэн хүүхдүүд олон байсан. Ингээд 2011оны есдүгээр сарын 26-нд Солонгос улсад сурахаар 10-уулаа ирж байлаа.  Эхний зургаан сар Солонгос хэлний бэлтгэлд суугаад үндсэн ангидаа орсон. Гэтэл юу ч ойлгодоггүй. Хамгийн урд суугаад хичээнгүйлэн сонсдог сонсогч л байлаа. Багш намайг “Чингисийн охин” гэдэг байсан. Нэгдүгээр улирлын хичээл дуусаад хоёрдугаар улирлын хичээл ороход  чих онгойгоод хичээлээ ойлгож эхлэхэд маш гоё мэдрэмж авч байсан. Үнэхээр хэл сурахад чих онгойх мөч гэж байдаг гэдгийг тэгэхэд мэдэрсэн. Ингээд 2015 онд сургуулиа маш амжилттай төгссөн.

-Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?
-Миний хувьд Солонгост олон ангит киноны багт орж ажиллах мөрөөдөл байсан. Иймээс сургуулиа төгсөөд ажилд орох санаатай багш дээрээ ороод “Би Солонгосд ажиллах хүсэлтэй байна туслаач” гэсэн. Багш маань намайг нэг жижигхэн нэвтрүүлэг бэлтгэдэг газар нэг сая воны цалинтай ажилд оруулж  өгсөн. Солонгосдоо бол маш бага цалин. Гэхдээ би голоогүй сурч мэдэж, туршлага хуримтлуулах гэж жил ажилласан боловч маш жижиг компани байсан учраас ирээдүйгүй санагдаж ажлаасаа гарсан. Дээр хэлсэн дээ. Олон ангит кинонд ажиллах мөрөөдөл юм. Бас Солонгосын одуудыг харах хүсэл ч гэсэн байсан /инээв/. Гэхдээ олон ангит кинонд ажиллана гэдэг гадаад хүнд амар олдох боломж байгаагүй. Таньдаг хүмүүсээсээ асуухаар “Том ар байх хэрэгтэй” гэдэг. Тэгээд яахаа мэдэхгүй хэсэг хугацааг өнгөрөөгөөд Монгол явахаар шийдсэн. Монголд очоод намайг үргэлж дэмждэг Солонгос гэр бүлтэй хамт нэг үйл ажиллагаа зохион байгуулсан. Яг тэр үед Солонгосын гарын таван хуруунд багтах продюсертай уулзсан юм. Солонгосд продюсер бол хаан л гэсэн үг /инээв/ Тэр хүнд олон ангит кинонд ажиллах хүсэлтэйгээ дуулгаж амжсан л даа.  Гэтэл “Манай компанид ажилд ор” гэсэн. Ингээд л миний мөрөөдөл биелэх эхлэл тавигдсан юм. Зөв бодол зөв амьдрал зорилгодоо хүрэх замыг нээдэг гэдгийг мэдэрсэн. Миний анхны бүтээл маш их хөрөнгө хүч хөдөлмөр шингэсэн бүтээл байсан. Найруулагчийн багт орох хүсэлтээ өгөөд их ажил эхэлсэн юм.


-Анхны киноныхоо тухай...
-Анхны найруулагчийн багт орж ажилласан кино маань Солонгосын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан бүтээсэн MBC телевизийн “Хоёр өөр мөрөөдөл” гэх кино байсан. Хорин тэрбум вонд бүтсэн кино.  Киноны  зураг авалт 110 өдрийн турш үргэлжилсэн. Энэ ажлынхаа ард гарах мөчид Монгол хүн гэдгээрээ бахархаж, баярын нулимс гарч байсан шүү. Одоо дөрөв дэх төсөл дээрээ ажиллаж байгаа.
-Анх кино төслүүд дээр ажиллахад ямар бэрхшээл тулгарч байв. Тэр дундаа анхны төсөл нь түүхэн кино байж шүү дээ?
- Ажиллах явцад хэлний тал дээр бэрхшээл бол байгаагүй. Хэлэхгүй бол Солонгос хүн л гэж боддог байсан. Найруулагчийн баг гэдэг маш олон хүнтэй харилцаж, тэдний аргыг олох шаардлага гардаг. Хүмүүсийг хооронд нь зохицуулах найруулагчийн итгэлийг олох л хамгийн хэцүү байсан. Солонгосд ажилчдаа маш их ажиглаж алдаа гаргах болов уу гэж байнга харж байдаг. Алхам тутамдаа хүмүүсийн харцан дунд нэг ч удаа анхаарал алдаагүй ажилласан байсан. Маш их хариуцлага дунд эцэст нь тэр олон хүмүүсийн итгэлийг олж чадсан. Хүнд харагдах гэж бус сэтгэлээсээ өөрийн юм шиг ажилласан минь илүү их боломжийг олгосон юм болов уу. Бас гол дүрийн жүжигчнийхээ орлон тоглогчийг хийдэг байсан.
Мөн түүхэн кино гэдэг утгаараа Солонгосын түүхийг бусад  хүмүүсээс илүү судлах шаардлага гарсан. Солонгос хүмүүсээс дутахгүй мэдэх ёстой гэж найруулагч үргэлж хэлдэг байсан. Драм маань Монголын түүхтэй холбогдож байсан болохоор илүү үнэ цэнэтэй бүтээл болж үлдсэн. Ер нь кино урлаг гэдэг маш их хөдөлмөр, олон хүний хөлс, ур ухаан, амьдралынх нь ирээдүй шийдэгдэх урлагийн гайхалтай бүтээл байдаг гэдгийг ойлгосон. Хүн хийж байж мэдэрдэг юм байна лээ. Одоо кино хийнэ гэж амархан амнаас гарахаа больсон. Суралцаж байна аа л гэдэг болж хувирсан. Тэр тусмаа ийм том зах зээлд хөлөө олно гэдэг би өөрийгөө хэн ч биш болгож байж амьд үлдэнэ гэдгээ мэдэрсэн. Одоо бол тодорхой хэмжээнд хэн нэгэн болсон.


-Тийм шүү үнэхээр том зах зээлд хөл тавьж чадсан байна. Энэ туршлагаа Монголынхоо кино урлагт зориулах хүсэл байгаа биз дээ. Монгол найруулагчидтай хамтран ажиллах бодол бий юу?
-Мэдээж энэ бүх цаг хугацаа, хүч хөдөлмөр, туршлага маань эцэстээ Монголын минь кино урлагт тус дэм болоосой гэж бодон амьдарч байгаа. Гэхдээ Монголын кино урлаг хэзээ ч хоцроогүй гэж боддог. Зах зээл жижиг л болохоос туршлага, ур чадварын хувьд үнэхээр мундаг санагддаг. Одоогоор зорилгын минь нэг хэсэгт Монгол найруулагч баг хамт олонтой хамтран хоёр орны хамтарсан кино хийх төлөвлөгөө байгаа. Үнэндээ тэр цаг үеийг тэсэн ядан хүлээж байгаа. Саяхан Солонгосын дөрөвдүгээрт ордог энтертайнмент FNC-тэй хамтран ажилласан. Монголд төсөл хийх санал орж ирсэн. Цаашдаа маш их зүйлсийг төлөвлөн хүлээж байгаа.
-Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ? Солонгос жүжигчидтэй хамтарч ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Гурван төсөл дээр ажиллаж байгаа. Залуучуудад зориулсан Romantic comedy "Ийм гентэй хүмүүсийн дурлал" гэдэг ОАК дээр ажиллаж байгаа. Кинонд маань АОА хамтлагийн дуучин Chanmi болон бусад залуу одууд тоглож байгаа. Бас бидний сайн мэдэх Жангумийн хааны дүрд тоглосон Lim ho жүжигчинтэй хамтран “Доктор Х-ын үхлийн ирмэг” гэдэг ОАК-н дээр ажиллаж байгаа. Олны танил олон жүжигчидтэй хамт ажиллаж байсан. Анх маш их сандарч догдолдог байсан. Зан ааш нь телевизээр гардагаасаа илүү өөр. Та яагаад ийм өөр юм бэ, гэж хэлж байсан жүжигчин ч байсан /инээв/. Түүхэн кинон дээр ажилладаг байхдаа би жүжигчдээ хариуцаж байсан. Зурганд орох цагийг нь тааруулж бэлдэж, найруулагчийн үгийг дамжуулах гээд л жүжигчдээ бүрэн хариуцдаг. Маш дотно болсон хүмүүс байгаа. Зургийн талбай дээр үргэлж надад хүч болдог Ji Tae Yu ,Ju Hwan Lim, Sung Tae Heo, Yo Yowon Lee, гээд олон мундаг жүжигчидтэй дотно болсон.


-Солонгос жүжигчдийн онцлог, давуу талууд юу байдаг вэ?
-Солонгос жүжигчидтэй анх уулзаад хүнд аура гэж юм байдгийг мэдсэн. Мэдээж жүжиглэлттэй бол ярих юм байхгүй. Маш өндөр үнээр тоглодог тэр хэмжээгээрээ асар их хөдөлмөр, хариуцлага, зориулалтыг гаргадаг. Одоогоор Солонгосын хамгийн үнэтэй жүжигчин олон ангит киноны  нэг ангид 200 сая вон авч байгаа. Тэд зургийн талбай дээр хэнийг ч ялгахгүй харьцаж, хамгийн доод албан тушаалтай хүнтэй илүү ойр байхыг хичээдэг юм шиг санагдсан. Залуу шинэ жүжигчдийн хувьд өөрийгөө хэн ч биш болгож, их золиос гаргаж чаддаг. Тэр хэмжээгээрээ стаф болон найруулагчийн нүдэнд өртдөг гэх үү дээ. Нэг дутагдалтай талаа харуулахад тэр хүний ирээдүй хэцүү болдог. Цуу яриа гэдэг Солонгосын урлагт маш том орон зайг эзэлдэг. Том зах зээл ч гэсэн урлагийн салбар нь маш жижиг бас асар их өрсөлдөөнтэй.
-Уран бүтээлч хүний хувьд цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Манай гэр бүлээс нэг ч хүн хил давж үзээгүй байсан. Анхных нь би байсан. Анх Ээж маань жоохон охиноо хол явуулаад их уйлж, санадаг байсан гэсэн. Харин ээж маань одоо “хожсон байна” гэж ярьдаг. Би ч бас 19 насандаа бодож мөрөөдөж байсандаа хүрч ирээдүйнхээ эхлэлийг тавьсан юм болов уу гэж боддог. Энэ эрчээрээ Солонгосын урлагын салбарт хүчээ үзэж продюсер болохыг зорин ажиллаж байгаа. Солонгосд бол бүх зүйл боломжтой гэдгийг олж харсан. Энэ жил Америк гаралтай Солонгос жүжигчин Холливуудад албан ёсоор хөл тависан. Солонгосчууд цаашдаа Холливуудад гарах боломж бага багаар нээгдэнэ гэж харж байгаа. Кино урлагт хайртай хүний хувьд Холливуудыг мөрөөдөл болгон зорин ажиллаж байна. Амаргүй ажил байх гэхдээ бодол бүхэн минь биелэх болно гэж итгэж байгаа. Эцэст нь Монголынхоо кино урлагт сурсан мэдсэнээ нэгтгэн дэлхийд гаргах л миний зорилго болоод байгаа. Одоохондоо хариуцлага гэдэг үгийн үнэ цэнийг мэдрэн маш их зүйлийг суран ажиллаж байгаа.


П.Гоо

Эх сурвалж: Olloo.mn 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмэх”-ээр болсон гэв үү?

$
0
0

Одоогоос хоёр сарын өмнө нийтлэлч У.Оргилмаа “Ерөнхий сайд аа, ”борвины баас”-наасаа сална уу” хэмээн бичиж байж. Бодоход түүний засаглалын нэр хүнд болоод хүлээн зөвшөөрөгдөх байдалд санаа зовсон сэтгүүлчийн үг байх. Ерөнхий сайдаас холдуулах шаардлагатай гэж үзсэн хүмүүсийн тоонд түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр бичигдсэн байдаг юм. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд өөрөө ч мөн түүнээс салахаар сэтгэл шулуудсан бололтой юм. Гэхдээ яаж гэдэг нь сонирхол татна...

Үүнийг өгүүлэхээс өмнө тухайн үед болж өнгөрсөн зарим үйл явдлыг эргэн сануулах хэрэгтэй байх. 2019 оны есдүгээр сарын 30-нд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нэгэн мэдээллийг хийсэн. Польшийн цагдаагийн байгууллагаас хар тамхины хэргээр эрэн сурвалжилж буй Монголын 69 иргэний тухай. Уг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ. Т.Аюурсайхан гишүүн мөн өдөр “Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн талаар хаалттай буюу маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг ГХЯ-наас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Эдгээр хүмүүс нь дипломат, албан паспорт ашиглаж хууль бус наймаанд холбогдсон байна. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийн хуулийн байгууллагад өгсөн” гээд эхний ээлжинд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зургаан хүний тухай танилцуулсан байдаг.

Ажил албан тушаалаа өгөөгүй ч хар тамхины наймаанд оролцсон хэмээн эрэн сурвалжлагдаж буй 69 хүний дотор Батцэнгэлийн Амгалан-Энх гэдэг нэр дурьдагдсан бөгөөд “Хаанахын хэн бэ? Юу вэ?” болоод, эрэл хайгуул тавиад эхэлсэн чинь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болж таарсан. Гадаад яамны нөхөд зориуд төөрүүлэхийн тулд нэрийг нь өөрчилж, Амгалан-Энх болгож мэдээлсэн хэрэг л дээ.

Үүнээс хойш хоёр сар өнгөрсөн ч Б.Энх-Амгалан гэдэг хуулийн өмнө очоогүй төдийгүй харин ч сүүлийн үед түүнийг Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай дээд түвшинд яригдаж эхэлсэн юм байна. Ерөнхий сайд ахлах зөвлөхөөсөө “салахаар болжээ” гэсэн нь ийм учиртай.

Хэвлэлд мэдээлэгдсэнээр Чехэд сууж байсан Монголын Элчин сайд Н.Наранбатыг тус улсын шаардлагаар эгүүлэн татаж байгаа юм байна. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сард БНЧУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилжээ.

Элчин сайд Н. Наранбат жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Миний аав Пэрэнлэйн Нямаа 1960-аад онд Монгол Улсаас хуучнаар Чехословак улсад суралцах анхны таван оюутны нэг болон ирж, Төв европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд суралцсан байдаг. Аав маань энэ улсад дөрвөн удаа томилогдон, атташегаас Элчин сайд хүртэл ажилласан. Гэр бүлээрээ Чех улсад амьдарч байсан болохоор би багаасаа чех цэцэрлэг, сургуульд сурч, Карлын их сургуулийг төгссөн. Чехэд миний олон найз нөхөд бий. Хэл, ёс заншлыг нь мэддэг учраас нутгийн хүмүүстэй харьцахад илүү дөхөм” хэмээн ярьсан байдаг.

Гэвч түүний найз нөхдийн хэлхээ Монгол Улсад гавьяа биш, гай болсон бололтой юм. Учир нь мань эр ч бас Б.Энх-Амгалангийн эрэн сурвалжлагдаад буй “хар тамхины” сүлжээнд холбогдсон учир Чехийн тал түүний дипломат эрхийг хөндөхгүйн тулд хүнээ татаж авах шаардлагыг манай Гадаад яаманд тавьсан гэх.

Энэ дагуу Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар түүнийг яаралтай дуудсан бөгөөд оронд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгаланг “дэвшүүлэн зайлуулах” гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Ингэхэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын үзэж байгаагаар дипломат алба гэж юу юм бэ? Хэрэг хийсэн нөхдийг дэвшүүлэн зайлуулдаг, ялаас зугтаалгадаг оромж юм уу?

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn


Жагсаалтаас хасагдах ЖДҮ-чин Ж.Энхбаяр

$
0
0

-Сонгууль дөхөж улстөрчид өөрсдийгөө хэвлэлээр магтуулж эхэллээ. Үүний нэг нь алдарт ЖДҮ-чин гишүүн Ж.Энхбаяр-

УИХ-ын 2020 оны сонгуулийн хуулийг 50:26 буюу 26-г намын жагсаалтад багтааж, 50 хүнийг нь жижиг тойрогт нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж байна. Батлагдах нь баараггүй болсон энэ хувилбарын намын жагсаалтад багтах гэсэн тэмүүлэлтэй хүн МАН-д, одоогийн парламентад олон бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Гэхдээ тэр жагсаалт байтугай нэр дэвших ч эрхгүй гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө батлан хэлсэн.

Тодруулбал, ЖДҮ-чин гишүүдийн дуулиан дэгдмэгц Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх “ЖДҮ-гийн зээлээ буцааж төлөхгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэх мэдэгдлийг хийсэн. Гэхдээ зарим гишүүн ирэх сонгуульд нэр дэвших эрх авахын тулд ЖДҮ-гаас “хулгайлсан” зээлээ хагас дутуу төлж, тэр тухайгаа “баатарлаг үйлс” байгуулсан мэт тунхаглаж байв.

Гэвч ингэснээрээ тэд ердөө л хугацаа хожиж байж. Учир нь, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч хавар Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮ-г хөгжүүлэх сангуудыг нэгтгэн өөрчлөх шийдвэр гарсан талаар мэдээлсэн. Үндсэндээ ЖДҮХС-г татан буулгаж, өөр бусадтай нь нэгтгэх тухай асуудал л даа. Үүний дараа ЖДҮ-гийн хэрэгт холбогдоод байсан 49 гишүүний зарим нь өмнө нь мэдүүлж байсан, хамаарал бүхий ББСБ-уудаасаа “татгалзжээ”. Татгалзах ч гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичилгүй бас хэн нэгэндээ шилжүүлсэн бололтой.

Тэдгээр гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Түүнд “Газар капитал”, “Газар партнерс” ББСБ-ууд байдаг ба ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Ж.Энхбаяр зээл авч ББСБ-уудаараа сарын 2.5-3 хувь буюу жилийн 30-36 хувийн хүүтэй бизнесийн зээл олгодог талаарх мэдээлэл хөвөрсөөр удсан. Гэвч түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас хаасан гэж мэдээлсэн. Үүнийг хүлээж байсан мэт мань хүн дараагийн сонгуульд өрсөлдөнө гэсэн итгэл, үнэмшилтэйгээр сурталчилгаагаа эхлүүлсэн бололтой. Үүнийх нь илэрхийлэл саяхан мэдээллийн нэгэн сайтад гарсан “Чулуу шиг эр” гэх нийтлэл. Ж.Энхбаярыг чулуутай зүйрлэсэн тэрхүү нийтлэлд “Чулуу хүйтэн, хатуу байдаггүй. Чулуу хувьсан өөрчлөгддөггүй. Хагарсан ч өөрийнхөөрөө хагарч, халсан ч хэлбэр дүрсээрээ улайсан байдаг”. Тэгвэл өнөөгийн улстөрд урваж шарваагүй дүрэлзсэн галд өөрийнхөөрөө улайсаж, мэлтэлзсэн үерт өртсөн ч мөн чанараараа үлдэж чаддаг хүн бол Ж.Энхбаяр” гэжээ.

Үнэхээр тэр хувирч хагарахгүй, урваж, шарваагүй зан нь олны өмнө түмнээ гэсэн сэтгэлтэй мэт жүжиглэж, хөшигний ард хөөрхий энгийн иргэдээс хулгай хийж суудаг зангаасаа хэзээ ч хувирахгүй гэдгээр л илэрхийлэгдэх биз. Сүүлийн гурван ч удаагийн парламентад дарааллан сууж, сонгогчдын итгэлийг олмогцоо, ар хударгаар нь итгэл хийгээд эрхийг нь хулгайлж яваа хүн.

Ж.Энхбаяр гишүүний хувьд өөрийгөө хулгай хийгээгүй ердөө зээл л авсан, яллаад байх ямар шаардлага байна вэ гэж тайлбарладаг. Гэвч Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ЖДҮ-гийн хэрэг ид шалгагдаж эхлэх үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “ЖДҮ авахаар өгсөн 1041 материалыг шаардлага хангахгүй гэж анхан шатнаас хассан байна. Зээлийг 134 ААН-д өгсөн. Материал маш их дутуу байсан ч гишүүд зээл авсан.

Тэгэхээр тэгш бус байдлын зарчим алдагдсан байгаа юм. Дээрээс нь зээл авсан 134 хүн нь анхан шатнаас хасагдахаар материалд зээл авсан учраас энэ бол албан тушаал урвуулан ашиглах гэмт хэрэг мөн! Яах аргагүй гэмт хэрэг.” гэдгийг батлан хэлсэн. Үнэхээр ч мөнгө, хөрөнгө зээлж хулгай хийгээгүй ч мэдээлэлд ойр байдлаа ашиглан, ЖДҮХС-гаас зээл авсан нь иргэдийн итгэлийг хулгайлсан үйлдэл биш гэжүү.

ЖДҮ-тэй холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэх сургаар нэрээ цэвэрлэхийн тулд зээлээ төлсөн гэж чанга дуугарч сонгогчдыг дахин хуурах гэсэн арга мөн л байлтай. Энэ л өнөөгийн улстөрчдийн эмгэнэлт гэмээр дүр зураг.

Сонгууль дөхмөгц, сонгогчдодоо таалагдахын тулд өөрийгөө магтуулж, өрөөлд төлбөр төлдөг. Харамсалтай нь өнөөгийн сонгогчид ЖДҮ-чин гишүүдийг нэр дэвшсэн ч саналаа өгөхгүй гэдэг хатуу байр суурьтай болсон гэдгийг эрхэм гишүүн Ж.Энхбаяр та мэдсэн нь дээр. Төрд зүтгээрэй хэмээн иргэд таныг парламентад илгээснээс бус боломжийг маань түрүүлж хараад, бидний татварыг бизнесийн салбартаа аваарай гэж сонгоогүй шүү дээ. Албан тушаал, эрх мэдлээ улстөрийн карьертайгаа хутгасан энэ мэт ЖДҮ-чин гишүүддээ нэр дэвших эрх өгч, ганц ч болов тойрог, суудал алдахыг хүсээгүй л бол Ерөнхий сайд ч хэлсэндээ хүрч “хулгайч” гишүүдээсээ салах байлгүй ирэх сонгуулиар.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn  

Фракцтайгаа, хагаралтайгаа, задралын ирмэгт үлдсэн АН

$
0
0

1989 оны намар, 1990 оны өвөл, хаврыг дамнан буухиалсан өөрчлөлт, шинэчлэлийн хөдөлгөөний 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ардчилал, эрх чөлөөний төлөөх иргэдийн тэмцлийн үр дүнд засгийн эрх барих боломжтой болсон залуус уг хөдөлгөөнийг “Ардчилсан хувьсгал” хэмээн нэрийдэж, өмчилдөг.

Тэр ч утгаараа АН-ынхан энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг намынхаа хэмжээнд, цомхон тэмдэглэн өнгөрүүлж буй. Угтаа энэ бол ардчиллын буянаар төрд гарсан хэдэн хүний бус, нийт монголчуудын, ардчилсан Монгол Улсын баяр билээ. Гэхдээ өнөөдөр Ардчилсан хувьсгалын ойн тухай бус, ардчиллыг өмчилдөг намын тухай бичих гэж гэж байна. Нэгэнт ардчиллыг өмчилж, ардчиллыг хөгжүүлэгч, сахин хамгаалагч гэж өөрсдийгөө тодорхойлж байгаа бол хариуцлагатай байх ёстойг нь сануулах нь хэвлэл мэдээллийн үүрэг билээ.

МАН-ААС ЗАЛХСАН СОНГОГЧДОД АН СОНГОЛТ БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Өөрсдөдөө “том” гэсэн тодотголыг хүчээр зүүсэн хоёр намд төрийн жолоог ээлжлэн атгуулсаар монголчууд 30 шахам жилийн нүүр үзжээ. АН, МАН хоёр томдоо биш, өөр олигтой төлөвшиж, тамиржсан улс төрийн хүчин үгүй учраас “Байгаа хэдээсээ арай дөнгүүр нь” хэмээн дээрх хоёр намд итгэл хүлээлгэдэг билээ, бид. Гэтэл АН сураг алдраад удаж байна. Монгол Улс ардчиллын замаар замнаж, шинэ тогтолцоонд шилжсэн 30 шахам жилийн хугацаанд Монголын улс төрийн амьдрал, төр, засгийн үйл ажиллагаанд байнга нэр нь уяатай явсан, засгийн эрх ээлжлэн барьсан хоёр том намын нэг АН байгаагүй мэт, гурван жил гаруйхны өмнө засгийн эрхэнд байгаагүй юм шиг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Алтанхуяг тэргүүтэй лидерүүд нь улс орны хамаг асуудлыг шийддэг, бодлого боловсруулж, удирдан чиглүүлдэг гол хүн гэж яваагүй, З.Энхболд парламент даргалж, ганц зандралтаар гишүүдийн үгийг таслан, алхны тогшилтоор бүхнийг “чичрүүлж” суугаагүй мэт, энэ бүхэн зүүд зэрэглээ байсан лугаа таг чиг байгаа. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дараалан ялагдсаныхаа дараа шинэчлэгдэж, улам бэхжин, шинэ цагийн өнгийг тодорхойлох нам болох их итгэл найдлага гишүүддээ төрүүлснээ ч мартсан болов уу гэмээр, байгаа, үгүй нь мэдэгдэхгүй, нам гүм байна.
УИХ-ын сонгууль дөхөж, улс төрийн намууд засгийн эрх зүүдлэн, янз бүрийн хор найруулж, ил, далд пиар хийн, шаагилдаж байхад ч АН-ынхан таг чиг, дүлий дүмбэ оргисоор. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэж, ойрын хэдэн өдөр тэрүүхэн тэндээ бужигнасан ч эндээс бодлогын, шинэлэг, даацтай зүйл сонсогдсонгүй. Ирээдүйд улс орныг удирдан чиглүүлэх ачааг хуваан үүрэх хоёр том намын нэг гэж өөрсдийгөө дөвийлгөн, өргөмжилдөг намын хувьд энэ дэндүү хариуцлагагүй явдал биш үү. 100 жилийнхээ ойг олигтой дүнгүй угтаж буй МАН-аас сонгогчид залхаж, салахыг хүсэж байхад өөр олигтой сонголт бий болгож чадахгүй байгаа нь АН-ыг буруутгах хангалттай шалтгаан бус уу.
Эрх баригч хүчинээс УИХ-д дөнгөн данган бүлэгтэй болоход нь тэднийг хүчтэй сөрөг хүчин байж чадна гэж сонгогчид нь итгэсээр байсан. Намаа шинэчлэх их ажил эхлүүллээ гэхэд нь фракцын зөрчлөө дарж, нэгдмэл, бодлогын нам болох байх гэж хүлээсэн. Гэтэл тэд УИХ дахь бүлгээ ч хадгалж чадахгүй тараачихаад, намын лидерүүд нь бие биенийхээ барааг харж чадахгүй, тал талд бүгэж байна. Энэ хариуцлагагүй явдал биш гэж үү.
Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, хүүхдийн мөнгө хассан, өв залгамжлалын татвар бий болгохыг эсэргүүцсэн хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлийн нэмсэн явдал, дундаж давхаргынхны шүүсийг шахсан бодлого гээд АН-ын дуу хоолой дутагдсан олон үйл явдал өрнөлөө. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, чинээлэг дундаж давхаргыг бойжуулж, бэхжүүлэх уриатай АН-ын хувьд УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ хамтраад “гол дүр” болж болох олон асуудлыг нүдээ аньж, амаа хамхин өнгөрөөв. Авлигад идэгдсэн хэсэг бүлгийг өөгшүүлсэн, нийтээрээ эрх тэгш байх, олуулаа чинээлэг амьдрахын эсрэг чиглэсэн бодлого, хууль бус, шударга ёсыг уландаа гишгэсэн үйлдлүүдийг эсэргүүцэх чадваргүй энэ нам ардчилсан нам мөн үү гэж асуумаар санагдаж байна.

АН ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДСАН УУ

Засгийн эрх барьсан дөрвөн жилдээ алдаа, оноотой ч ажил хийх гэж оролдсон АН УИХ-ын ээлжит сонгуулиар хэний ч төсөөлөөгүй ялагдал хүлээсэн. УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялагдсанаасаа хойш АН-ынхан шившигт ялагдлынхаа буруутныг удирдлагаасаа хайж, намаа шинэчилнэ гэж баахан давхисан. Эрх баригч хүчнээс гудамжинд гартлаа “өшиглүүлэх” болсон шалтгаанаа олж, түүнээ засаж залруулахаар баахан ярилцсан. Үүний хүчинд “Эв нэгдэлгүй, фракцын зөрчлөө шийдэж чаддаггүй, бүлэглэлд хуваагдсан нөхдийн хувийн тоглолт, улс орны бус, бүлэглэлийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг эрээ цээргүй байдал, өнгөрсөн дөрвөн жилд бодлогын нам биш, фракцын нэгдэл төдий бүтэц гэдгээ хангалттай нотолсон явдал нь энэ ялагдлын шалтгаан” гэж дээр, дооргүй хүлээн зөвшөөрсөн нь тэдний хувьд дэвшил байв.
Гишүүд дэмжигчид нь АН-ыг бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэх шат, гишгүүр бус, нам шиг нам болохыг, хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гарахыг, шинэчлэл шиг шинэчлэлийг, фракцуудыг зөрчилдүүлдэг биш, бодлогоор уралдуулдаг нам болохыг хүлээж буйгаа тууштай илэрхийлсний хүчинд тус нам зарим өөрчлөлтийг хийсэн.
Шинээр сонгогдсон намын дарга нь “АН нээлттэй болно, бүхнийг гишүүд, дэмжигчдээсээ асууж шийднэ” хэмээсэн сайхан амлалтынхаа араас Үндэсний бодлогын хорооны гишүүд, шат шатны намын дарга нараа мөнгөөр уралдуулан сонгоод намын шинэчлэлээ дуусгасан.
Жил гаруй үргэлжилсэн шат шатны хурал, элдэв сунгаа, дотоод сонгууль үр дүнтэй байгаасай, АН бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэдэг шат, гишгүүр бус, нам шиг нам болоосой, лидерүүд нь хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гараасай гэж гишүүд, дэмжигчид нь хүлээж байлаа. Намын дарга С.Эрдэнэ ч ам нээх бүртээ “АН-ын явуулж буй үйл ажиллагаа, гадаад, дотоод бодлогын асуудалд ямар нэг санал зөрөлдөөн байхгүй. Хуучных шиг бүлэг, фракцаар талцаж, хуваагддаг, хоорондоо маргалдаж, хэрэлддэг явдал эцэс болсон” гэдэг. Гэвч бодит байдал өөр байна.
Намын гишүүдийн зүгээс ямар нэг илүү хөдөлгөөн хийж, сул үг унагахгүй байгаа ч эрх мэдэл, албан тушаалгүй, өөрөөр хэлбэл булаацалдах “яс”-гүй, УИХ-д сөрөг хүчин гэх нэрнээс цаашгүй, сүр хүчгүй болсон намаас лидерүүд нь зайгаа барьж, удирдлагынхаа үг, үйлдлийг алсаас ажиглан, алхам бүрийг нь анаж суугаа. Ил харагдах хэрүүлгүй ажин түжин байгаа болохоор ч тэр үү, тэдний шуудайд хийсэн эвэр шиг тачигнаж байсныг олон нийт бараг мартах шахаж. Гэвч энэ дүнсгэр, чимээгүй байдал эв эеэ ололцсоных бус, хориглолт, хамгаалалт хийж, нуувчиндаа орчихоод байсных гэдгийг илчлэх хэд хэдэн ч явдал болсон.
АН шат шатны дарга нараа гишүүдийнхээ саналаар тодруулж, шинэчлэл хийлээ хэмээн мэдэгдэж байхад олон гишүүн нь “АН-ын шинэчлэл хэлбэрийн төдий байлаа. Үзэл санааны хувьд өмнөхөөсөө ч ухарсан. С.Эрдэнэ бол З.Энхболдын томруулсан хувилбар. Энэ хоёрт ямар ч ялгаа байхгүй. Тэд нэг эрх ашиг, нэг зорилготой, “Шонхор” хэмээх нэг дээвэртэй. Тийм ч учраас З.Энхболд өөрийгөө залгамжлуулан С.Эрдэнийг намын дарга болгохоор бүх талаар дэмжсэн. Намын даргын нэр солигдож буйгаас өөр юу ч өөрчлөгдөхгүй” гэж байсан юм.
Гишүүд, дэмжигчдийн хүлээлт, бодит байдал хоёр хол зөрүүтэй, АН нэг цул болж чадаагүй хэвээр байгааг, тэдний дүр эсгэсэн эвлэрлийн хугацаа дуусаж буйг Ж.Батзандан, Л.Болд нарын “бослого” зарласан. Намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй дагахгүй гэдгээ ил тод зарласан тэд Засгийн газрыг огцруулахгүй гэсэн товчлуур дарж, үүнийхээ төлөө Ж.Батзандан намаас хөөгдөж, Л.Болд өөрөө намаас гарах өргөдлөө өгснөөр АН УИХ-д бүлэггүй болсон.
Намаас хөөгдсөн Ж.Батзандан “С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр АН-ыг булшилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдсэн гэж С.Эрдэнэ худлаа ярьж байна. АН шинэчлэгдээгүй гэдгийг би өнөөдөр харлаа. АН-ын бодит шинэчлэлийн төлөө, ардчиллыг бодит болгохын төлөөх тэмцлээ өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа зарлая. АН-ын энгийн гишүүдтэй хамтарч, намын шинэчлэлийн төлөө зүтгэнэ” гэсэн бол намаас гарах өргөдлөө өөрөө өгсөн Л.Болд “АН ардчилсан биш, коммунист нам болжээ. 1990 оноос хойш явж байгаа гишүүний хувиар АН-ыг шинэчлэх хөдөлгөөнд нэгдэж байна. Энэ шинэчлэлд би ухамсарт амьдралаа зориулах болно” хэмээж байв. 
Тус тусын томоохон амбицтай лидерүүд болон намдаа өөрийн дүрэм журмыг тогтоохыг хүссэн дарга нь хоёр талд гарчихаад, нэг нь нөгөөгөө буулт хийхийг хүлээж, гөжүүдлэн суусаар, байдал улам хурцадсан нь энэ. Хатуу гар гэдгээ харуулж, бүхнийг өөрийнхөө дүрмээр тоглуулах гэсэн С.Эрдэнийн оролдлого намаа дахин хагалан бутаргах зам руу нь түлхсэн тул тэр буулт хийж, ҮБХ-ны гишүүнээс хассан Р.Амаржаргалыг ҮБХ-ны гишүүнээр батламжилж, дэд дарга болгосон. Түүнээс гадна 4-5 дэд даргын орон тоо гаргаж, фракцуудын төлөөллийг оруулаад буй. Энэ бол салан тусгаарлахад бэлэн болсон бүлэглэлүүдийнхээ эвийг олох гэсэн оролдлого, С.Эрдэнэ даргын буулт юм. Гэвч одоо ч АН-ын хууччууд ичээнээсээ гарч ирэхгүй, ажигласан хэвээр байна. Эцсийн эцэст АН фракцтайгаа, хагаралтайгаа, задралын ирмэгтээ үлджээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Ц.Элбэгдорж: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй” гэсэн үг

$
0
0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны үдэш Улаанбаатарынхаар 21.00 цагт Сочи хотод ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.В.Гордеев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсний дараа Ерөнхийлөгч В.В.Путин, “Газпром”-ын тэргүүн А.Б.Миллер нарын хүмүүстэй байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлаар албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолой байгуулах асуудлаарх Санамж бичигт Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас “Газпром”-ын тэргүүн А.Б.Миллер нар гарын үсэг зурсан тухай албан ёсоор мэдээлсэн билээ.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “Хоёр тал оролцоод хийчихэж болох төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй”, - Энэ асуудлыг яахаа өөрсдөө мэд гэвэл “Манайхгүйгээр танайх энд юу ч шийдэхгүй” гэж, Урд хөршөөсөө асуу гэвэл хоёр хөрш маань уг асуудлыг явуулахгүй байхаар тохирчээ гэж ойлгоход илүүдэхгүй” буюу энэ асуудал огт хэрэгжихгүй гэсэн утга агуулгаар өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.



Хоёр хөршийг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг манай улсын газар нутгаар дамжуулах тавибал Монгол Улс татвар авна, мөн хий авч хэрэглэх боломж бүрдэнэ гээд Монгол Улсад эдийн засаг, хөгжилд бүх талын ач холбогдолтой болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолсон билээ.

https://shuurhai.mn/n/8120

 

Засгийн газар чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах л хэрэгтэй боллоо доо

$
0
0

У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал тэгэхээр хоёр талд, тэр тусмаа Монгол Улсын хувьд маш чухал ач холбогдолтой, хүлээлттэй байсан гэдгээрээ онцгой анхаарал татаж байлаа. Энэ талаар дор өгүүлэх болно.

  • Манай Ерөнхий сайдад Путины сая хэлсэн үг нь монголчуудад гэхээсээ илүү Хятадад хандсан үг гэж ойлгогдлоо
  • Сонгууль монгуульд оноо авах төдийд ашиглана гэж тооцоод, гараа хумин суух юм бол жинхэнэ шившиг болно л доо
  • Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д анх удаа албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн төдийгүй манай Ерөнхийлөгч ч энэ хугацаанд хойд хөршид төрийн албан айлчлал хийж байгаагүй юм

У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал тэгэхээр хоёр талд, тэр тусмаа Монгол Улсын хувьд маш чухал ач холбогдолтой, хүлээлттэй байсан гэдгээрээ онцгой анхаарал татаж байлаа. Энэ талаар дор өгүүлэх болно. Төрийн албан айлчлал нь ямар нэгэн арга хэмжээнд төрийн, болон засгийн тэргүүнүүд уригдаж оролцохоос асар ялгаатай зүйл. Тиймээс таван жилийн өмнө Ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд уригдаж оролцсон Ц.Элбэгдорж, жил бүр уламжлал болон зохиогддог Владивосток, Эрхүүгийн эдийн засгийн форум, арга хэмжээнд цуварч уригддаг өмнөх Ерөнхий сайд нар, Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалуудыг албан ёсны Төрийн айлчлал гэж андуурах хэрэггүй. Тэгэхээр хөрш хэрнээ, хамгийн дотно харилцаатай атлаа Монгол Улсыг үл тоож Оросууд арав гаруй жил төрийн албан ёсны хэмжээнд айлчлал хийлгэж байсангүй гэхээсээ илүү манай ГХЯ-ынхан маш муу ажиллаж байжээ гэж дүгнэж болох юм. Үнэхээр ч манай гадаад харилцаа өнөөдөр ямар ч нэр хүндгүй, хамгийн дорой, өмхийрч ялзарч, чадавхаа бүрэн барсан дампуу салбар болон нурж унасан. Харин яаж энэ удаа У.Хүрэлсүхийг албан айлчлал хийлгэхэд хүргэж чадав гэдэг л сонирхолтой санагдаад байгаа юм. Яг үнэндээ хойд хөршийн зүгээс бидэнд хүндэтгэлтэй хандлага гаргаж төдийлэн дотносоод байхаа больсон цаг дор бид Оросуудаас Хятад руу нийлүүлэх хийн хоолойн шугамаа Монголоор дамжуулаачээ гэж гуйхын тулд энэ айлчлалыг хийлээ гэж хэлэхэд буруудахгүй байх аа! Энэ удаа ч Ерөнхий сайдыг ямар ч хэрэггүй, нэмэргүй манай төгс орк улстөрчид бас л бөөн бөөнөөрөө сүрэглэн дагалдаж яваад ирж.

Ирсэн даруйдаа Ерөнхий сайдаасаа түрүүлээд, хийн хоолойг бид Монголоор дамжуулж тавихаар болгож, зөвшөөрлийг нь аваад ирлээ хэмээн ам булаалдан ярьцгаалаа. Элэг авмаар! Тэдний гэрээ, хэлэлцээр хийдэг гэж нээрээ юу байдаг билээ. Шившиг, элэг доог болж дэлгүүр хэсч, хүлээн авалтын хоол бараадан “буудаж” яваад ирдэг гэдгийг нь харин ч сайн мэдэх юм. Ерөнхий сайдын хэвлэлийн алба ч тэднээс дутах юмгүй “онгирч” байна. Хийн хоолойг Монголоор дамжуулж тавина гэдгийг Путин, Хүрэлсүх хоёр уулзаад шийдчихлээ. Орос өвгөн “Монголоор дамжуулахгүй байх улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй” тиймээс “судалж үзье” гэж манай "булчинлаг" залууд хэлсэн нь хийн хоолойн 50 хувийг тавьчихсантай адил гэсэн үг гэж ирээд л сурталдаад эхэлж байна. Энэ чинь нэгдүгээрт САНАМЖ бичиг төдий гэдгийг бид хаана хаанаа ойлгох хэрэгтэй л дээ. Аливаа хамтын ажиллагааны талаар санамж бичиг гаргаж, байгуулж байгаа нь уг асуудлыг хэрхэхийг бүрэн шийдчихэж байгаа хэрэг огт биш юм. Санамж бол санамж, сануулга, санал болгож буй төдий зүйл. Санамж байгуулсан болгон хамтын ажиллагааны яс, тас гэрээ шиг заавал биелэгдэх ёстой гэж эндүүрч болохгүй. Тэгээд ч Оросууд зөвшөөрлөө гэхэд Хятадууд татгалзсан байр сууриа хадгалсаар байх аваас хэрхэх билээ. Тэгээд юу гэх гээд байна вэ гэхээр манай маанаг хэдэн улстөрч хөөрцөглөж, поопроод байх хэрэггүй юм. Ядаж хэдэн жилийн цаадахыг харж байж бурж баймаар. Тийм чадвартай нь ч тун цөөн л дөө. Тэгвэл ядаж “их тэнэгийн дуугүй нь сүртэй” гэдгийг мөрдөөд сууж байх нь өлзийтэй гэдгийг сануулмаар санагдаад байна. Тав, арван жилийн дараа санамж байгуулснаа ч мартчихсан сууж байж мэднэ шүү дээ, та нар! Ерөнхий сайд маань ямар ч байсан талархал магтаал урсган, ичингүйрэн бадайрч, инээмсэглэмэр аядаж байгаад санамж байгуулаад ирсэн нь сайн хэрэг. Оргүй байсан дор охинтой нь дээр гэдэг. Муу зүйл огт биш.

Харин хөөрцөглөж, онгироод байхын оронд Монголын Засгийн газар одоо л маш сайн, ёстой л чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах хэрэгтэй байна. Сонгууль монгуульд оноо авах төдийд ашиглана гэж тооцоод, гараа хумин суух юм бол жинхэнэ шившиг болно л доо. У.Хүрэлсүх айлчлалаасаа буцаж ирснээсээ хойш цаг хугацааг алдаад эхэллээ. Тэр энэ санамж бичгийг ажил хэрэг болгох үүрэгтэй, зорилготой тусгай Ажлын хэсэг яаралтай гаргах хэрэгтэй байлаа. Ард түмэн, монгол хүн бүр шүүмжлэхийн оронд идэвх гаргаж, энэ төслийг ажил хэрэг болгоход нь тэднийг шахаж, бас туслах хэрэгтэй. Ингэхгүй л юм бол энэ санамж Мянгуужингийн үлгэр болж үлдээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтээсээр яваа поп түүх улам л зузаарч үлдэх нь лавтай. Монголын улстөрчид, тэр тусмаа эрх баригчдын амласнаа биелүүлдэг жишиг, жишээ гэж ер нь байдаг билүү! Манай “томчууд”-ын албан айлчлалын хүрээнд хэлэлцэгдээд шийдэгдэж ажил хэрэг болсон зүйл бишгүй байдаг ч, хөөс болж хагарсан нь ч нэн их. Зүгээр л зарим нэг мэдээллийг сануулахад монголчууд бид ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг нутгаараа дамжуулахыг асар хүсч байгаа нь үнэн. Гэхдээ манай хоёр хөршийн сонирхол тэс өөр байдаг болохыг өдгөө тэдний хооронд таван жилийн өмнөөс хэрэгжүүлээд эхэлсэн “Сибирийн хүч” төсөл харуулдаг.

Энэ төсөл дуусаж, ердөө арав гаруй хоногийн өмнө нээлтийн ажиллагаа болоод өнгөрлөө. Хятадын Зүүн өмнөд бүс рүү жилдээ 38 тэрбум шоо.метр хийг 30 жилийн хугацаатайгаар нийлүүлэх гэрээ байгуулж, ажлаа эхлүүлчихлээ. 400 тэрбум ам. долларын үнийн дүнтэй гэрээ. Зүүн талд тэгэхээр Монголын ямар ч оролцоо хэрэггүй болохыг харуулчихлаа. Харин Хятадын баруун бүсэд хий дамжуулах “Сибирийн хүч-2” төслийн дагуу Алтайн хязгаараар дамжуулан жилд мөн л 30 тэрбум шоо.метр байгалийн хий нийлүүлэх үйл ажиллагаа жаахан удаашрах болсон нь магадгүй бидэнд боломж олгож байгаа хэрэг. Хоёр тал нийлүүлэх хийн үнэ ханшийн ерөнхий хэлцлүүд дээрээ тохирохгүй байгаагаас ийн эхэлчихээд байсан төсөл саатсан гэж сонссон. Гэрээгээ хоёр тал үзэглээгүй хэвээр байгаа юм билээ. Энэ гэрээ тохиролцоонд хүрч хэрэгжээд эхэлбэл бидний хөөрцөглөөд байгаа “амжилт” маань үлгэр болж Монголыг энэ мега төслүүд тойроод гараад явчихна гэсэн үг. Иймээс л Путин ам гарсан дээр нь бид өөрсдөө санаачилгатай, асар шаргуу ажиллах л хэрэгтэй болоод байгаа юм. Хятадууд хэдийгээр дургүйцэж байгаа ч, Путинг зөвшөөрүүлсэн байхад учир бий л дээ.

Өмнө нь Владивостокын уулзалтууд дээр Путин манайд татгалзах зүйлгүй гэдгээ энэ удаагийнх шигээ амлаж л байсан, бид сонсоод л сууцгаасан. Тэгээд бидний зүгээс санаачилга гаргахгүй байхад тэд өмнөөс минь санаачилга гаргаад хүрээд ирэхгүй шүү дээ. Бидний нэг ийм арчаагүй залхуу, ажил хэрэгч биш байдал энэ удаа давтагдах ёсгүй гэдгийг л хэлэх гэсэн санаа минь энэ юм. Монголоор хийн хоолой дамжуулах нь эдийн засгийн хувьд ашигтай болохоор тэд биднийг гуйж л таарна гэж бодож байвал, дүүрчихсэн тэнэг толгой л гэхээс өөр үг бидэнд үл таарах бий вий. Хятадад хий нийлүүлэхэд зуучлагч, тэр тусмаа Монгол ямар ч хэрэггүй гэдгийг өмнөд хөршийнхөн илт илэрхийлдэг шүү дээ. Тэд ядаж Путин шиг судалж үзье, татгалзах зүйлгүй энэ тэр ч гэж хэлдэггүй юм. Манай Ерөнхий сайдад Путины сая хэлсэн үг нь монголчуудад гэхээсээ илүү Хятадад хандсан үг гэж ойлгогдлоо. Хэрвээ баруун талаар хий нийлүүлэх төсөл урагшлахгүй хэвээр байх юм бол Монголоор дамжуулж барьж болох юм шүү гэсэн санаагаа тэрбээр илэрхийлж, тэдэнд дохио сануулга өгч байж болох шүү дээ. За тэгээд Ерөнхий сайд минь ажиллаад л байх хэрэгтэй болж дээ. Үр дүн хичээл зүтгэлээс л гардаг гэдгийг монголчууд бүгд эргэн санаж, хамтдаа хичээх л ёстой болно доо. Хоолой Монголоор дайраад гарсны дараа хэн ч онгирч болно шүү дээ. 

Ш.Даваадорж

Эх сурвалж: baabar.mn  

Түүхэн барилгыг түүж нураахын дон

$
0
0

-МАНАЙ ДЭЭДЭСТ ЭВДЭЖ НУРААХЫН ДОН ТУСАА ЮУ ДАА ГЭЛТЭЙ-

Эвдэх амархан

Эвлүүлэх хэцүү

Цэцэн үг

Өгүүлэх инү: Монгол Улсын Үндэсний Номын сангийн баганат барилгыг нураана гэнэ. Драмын театрын баганат барилгыг эвдэнэ гэнэ. Дуурь бүжгийн театрын баганат барилгыг устгана гэнэ. Сүүлийн үеийн сенсаци энэ. Засгийн газрын шийд энэ. Нураах, нураах, нураах. Эвдэх, эвдэх, эвдэх! Баганатай барилгад өстэй юм уу? гэмээр. Өмнө нь Болгарын элчин сайдын яам байрлаж байсан, дараа нь Хүүхдийн номын сан байрлаж асан, сүүлд нь Гадаад яамны мэдэлд байсан байх аа, өвөрмөц, хөөрхөн байшинг нурааж хаяад оронд нь Худалдаа хөгжлийн банк гэдэг данхар цэнхэр байшин босгоод тавьчихсан. Банк мөнгөтэй юм чинь яах вэ дээ, мөнгөтний өмнө мөнгөгүй нь хүчгүй! Хэлмэгдүүлэлтийн музей гэж эртний бөгөөд хийц сонинтой нэгэн барилгыг нураагаад эхэлчихэж. Ямартаа ч өнөөгийн архитекторуудын санаа оноонд ч орохгүй өвөрмөц хийцтэй байсан даа. Модон гэдэг нь гай болов уу даа. Модон ястай барилга өнөөгийн шилэн бүрээстэй барилгуудын дунд байж болохгүй юм байх аа. Манайхан ч эвдэхдээ уургын морь юм аа. Харин эвлүүлэхдээ?

Энэ тухай үл өгүүлэн өгүүлэхэд, саяхан Унгарын телевизийн хоёр сурвалжпагч надтай уулзлаа. Унгарын монгол судлалын эцэг Валент Габорын сууж байсан байшинг зааж өгөөч, зургийг авъя гэлээ. Би зааж өгөхөөс аргагүй болов. Тэр нь Козины өндөр гэж нэрлэгдэж байсан XIX зууны үеийн орос барилга. Өөрөөр хэлбэл, Нийслэл хүрээнд баригдсан анхны гэхээр европ хийцийн давхар барилга. Тэр үед Оросын консул байрлаж байжээ. Байрлах ч юу байх вэ, Оросын консулын байр юм. Тэр барилгын нэрээр Консулын дэнж гэдэг нэр үүссэн гэдэг. Хамгийн сүүлд “Гоожин”-гийн Козин сууж байжээ. Габор Монголд судалгаа хийхээр ирэхдээ Оросын Консулын газар сууж байж. Түүнийг Унгар нөхөд мэддэг юм байна л даа. Тэр алдартай Монголч эрдэмтнийхээ сууж байсан түүхт  байшингийн кино зургийг авахаар ирж. Би цонх хаалга нь онгорхой, санжсан, эргэн тойрон хийгээд дотор нь шээс баас, архины шил, гялгар уут гээд есөн жорын, нүд халтирмаар юм байх, үмхий самхай хангинах тэр байшинг үзүүлнэ гэхээс яс минь хавтайж байлаа. Гэвч яалтай билээ, тэд зураг аваад буцсан. Миний нүүр мөн ч их халсан даа. Халахаар ч барахгүй, улайдаад, улайссан төмөр зуух шиг л болсон байх. Тэр бол дүнзэн байшин л даа. Хэртэйд нурахгүй. Уг нь тордоод, засаад авбал хийц давгүй, хоёр давхар гээч. Тийм ээ, яг тэр байдлаар нь засаад авбал нийслэл Хүрээний үеийн XIX зууны үеийн түүхт байшин гээд үзүүлж байвал бас л сонин содон баймаар!

Ер Улаанбаатар хотын түүх, хэрхэн барилга байшин нь баригдаж, хот хэрхэн тэлж хөгжсөн түүх гээд нэг юм байх ёстой биз дээ. Тэр түүхийг өгүүлэхэд тэр байшин бас л хөөрхөн нэмэр болох нь дамжиггүй дээ. Харин түүх соёлыг боддог эрхтэн дархтан хэр байдгийг мэдэхгүй. Мэдэхгүй гэнэ, тун сая манай Ерөнхий сайд соёлыг хөгжүүлнэ, соёлын байгууллагуудын уурхайг нураана гээд л яриа биз дээ гэх хүн гарах байх л даа. Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг мартсанаас соёл мэнд үү гэж дуугарч байгаа нь сайн хэрэг л дээ. Гэвч нурааж хөгжүүлнэ гэхэд итгэхэд тун бэрх.

Дуурь бүжгийн театрыг барихад маний урьд үеийн хөлс хүч яаж шингэсэн, тэр үеийнхэн шинэ үеийн театртай болох гэж яаж хичээн байсныг молхи би муухан гадарлах юм аа. Тийм ээ, өвгөдийнхөө субботник  гээчийг хийж, хүрз зээтүү, царил лоом барин суурийг нь гараа цэврүүтүүлэн малтаж, дамнуургаар шороог шорвог хөлсөө урсган зөөж явсан тэр барилга шүү дээ. Өвөг, эмээгийн тэр хөлс хүч одоо хамаагүй гэнэ ээ. Өнөөгийн Драмын театр байна. Анх энэ барилга Хүүхэд, залуучуудын ордон нэрээр баригдсан юм аа. Чингэхэд Монгол даяараа хөдөлсөн юм шүүдээ. Өөрөөр хэлбэл, тэр үеийнхний хандив хөрөнгөөр боссон гэхэд хилс болохгүй. Хөдөөгийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагч би гэхэд л долоон төг хандивлаж байсан. Багш байсан аав маань 10 төгрөг хандивлаж байсан. Надтай тохой залган суудаг байсан Маруся гэдэг охин 10 төг хандивласныг би мэдэх юм. Яагаад мэдэж байна вэ гэвэл багш сурагч болгоныг дуудаж босгоод, хандивлах мөнгөний тоог асууж, бүртгэж авч байсан. Тэр үед өнөөгийнхөн шиг бултах гэдгийг мэдэхгүй,бүгд л амласан амласнаа өгсөн дөө. Тийм ээ, нэг нь нэг, гурав нь гурван төг гээд л. Малчид ч үр хүүхдэдээ зориулалгүй яах вэ гээд хонь мал өгсөн гэдэг. Иймээс Монголын бүр ард түмний хөрөнгөөр боссон байх аа. Засгаас мөнгө жаахан гаргаа л даа. Гэвч тэр ард түмнээс давхар татсан татварын л мөнгө шүү дээ.

Үндэсний номын сангийн барилга бас Засгийн газрын сөнөөх барилгын тоонд орчихож. Хэдийгээр буруу харуулаад барьчихсан гэгддэг боловч түүнийг хоёр яаруус хийгээд харин ч уран барилгын шийдэлтэй болгочихсон байдаг. Энэ барилга тэр үеийн зөвлөлт ах нарын зургаар Японы олзлогсод барьсан гэдэг. Ер нь хотын маань баганат барилгуудыг олзны япончууд барьсан гэдэг.

Миний багш, гавьяат багш Гомбожав маань сая надад хуучлахдаа: “Манай Дорнодод нэг яриа гарсан юм. Улаанбаатар ороод ирсэн нэг хүнээс “Хот газраар сонин сайхан юу байна? гэхэд

“Барилга барьсан япон,

Банзаар хийсэн чүдэн

Ванлий дуулсан хүүхэн гурав л байх шив” гэж хариулсан гээд хөхөрч байсан. Хөөрхий олзлогдсон Япончуудын хувьд бол инээд биш, ханиад л даа. Баганат барилгуудын олонхийг япончууд барьсан юм билээ л дээ. Эдгээр япончуудын хэд нь үхсэнийг би мэдэхгүй. Улаанбаатарт олзлогдож байгаад үхсэн цэргийнхээ эрхий хурууг нэг япон офицер тайрч аваад, нэр ус, хот тосгоныг бичээд, Япон руу нутаг нутагт оршуулахар авч явсан гэдэг.

Энэ тухай албан бичиг нь над байдаг юм. Чингэхлээр манай барилгыг барихад хүний алтан амь орсон л гэж би мунхагладаг. Мөн муу нэртэй, луу данстай Маршал Чойбалсан шавыг нь тавьж, хадаг, цай сууринд нь хийж, сүү өргөсөн байдаг юм. Чингээд тэрвээр энэ барилгыг гагцхүү номын сангийн зориулалтаар ашиглана гэж шав тавих ёслол дээр хэлсэн үгэндээ дурдсан нь буй. Тэр үг тухайн үеийн Намын “Үнэн” сонинд нийтлээстэй бий дээ. Намайг номын сангийн захирал хэмээн ухнатаж явахад Их хурлын нэг гишүүн өрөөнд минь орж ирээд, энэ барилгыг нураагаад оронд нь шинийг сүндэрлүүлчихье гэж билээ.

Чингэхэд нь та нар миний хүүрэн дээгүүр алхаж байж энэ барилгыг нураагаарай гэж хэлсэн юмсан. Анхных нь, Байгалийн түүхийн музейн барилга руу төмөр муна бариад дайраад орчихож. Түүнийг нураахаа больж байгаа юм шиг цуу тараасан. Тэгснээ гэнэдүүлээд л аваад хаячихгүй юу. Бусдыг нь мартагнуулсхийж байгаад чингэж гэнэдүүлэхдээ тун тоохгүй дээ. Чингисийн музей оронд нь байгуулах гэж байгаа нь сайн хэрэг ээ. Зургийг нь бидэнд үзүүлсэн л дээ. Мөн ч доожоогүй юм харагдана билээ. Чингээд газаргүй учир ийм юм хийсэн гэж тайлбарлаж байна билээ. Тэлэх газрыг нь хэн хувийнханд зарчихсан юм бол оо? Ийм үнэ цэнэтэй гурван баганат барилга яагаад манай дээдсийн нүдэнд орсон өргөс, шүдэнд орсон мах болсныг би мэдэхгүй. Эдгээрийг бүгдийг нураагаад, суурин дээр нь яг адилхан барилга барих юм гэнэ ээ. Цаана нь ямар нэгэн эрх ашиг байгааг би бас мэдэхгүй.

Яг адилхан барилга барих юм бол эдгээрийг нураагаад яах юм, байдгаараа байж баймаар гэмээр. Бээжинд Үндэсний номын сангийнх нь барилга өнгөрсөн зууны 20-иод онд баригдсан байдаг. Улсын номын сангийнхаа шинэ том барилгыг барихдаа хуучныгаа нураагаагүй, одоо ч номын сангийн зориулалтаар ашигласаар байдаг юм билээ. Уаанбаатар хотын түүх гэж дээр би өгүүлсэн дээ. Эдгээрийг нураагаад хаячихаар өнгөрсөн зууны дунд үеийн барилга гээд заачихаар юмгүй болох гээд байна уу даа. Ер нь бол бид чинь түүхээ арчиж хаячих гээд л байдаг улс л даа. Ардын нам өнгөрсөн зуунд хүнээ сүм хийдтэй нь устгасан, тэр үед баригдаж, түүх соёлын дурсгал болсон гарын таван хуруунд багтах барилгаа одоо устгах нь л дээ. Үгүй дээ, дарга дорго нар минь, эртний хуучны дурсгалаа ухаж төнхөж, устгаж эвддэг улс манайхаас өөр байхгүй шүү. Ухаа нь, Орос улсад гэхэд хазайсан ч юм уу, цуурсан ч юм уу, барилгаа нураадаггүй, сууриар нь шилжүүлж, суурийг нь бэхлээд эргүүлээд оронд нь тавьчихдаг технологи гарсан. Бүүр наяад онд байх аа! Японууд гэхэд хуучин барилгаа бөхжүүлээд, дээгүүр нь шинийг нөмөргөөд барьчихдаг болсон гэж нэг хүн надад ярьсан. Үнэн байх аа. Манай энэ хэдэн барилга нурах дээрээ тулаагүй шүү.

Сайн засаад, сайхан тордоод, сайтар бөхлөөдөхвөл мөнхийн л барилгууд. Нэгнийх нь дотор хэдэн жил болсных, би мэдэх юм аа. Эдгээр нь байж байвал XX зууны дунд үед баригдсан барилга гээд хойч үеийнхэндээ зааж байхад үр ач нар маань манай дээдэс ч дандаа устгаад байсангүй, бас ч гэж юм овойлгож, шовойлгож байсан байна шүү гэж бахархах юмтай байхсан. Түүх түүхээрээ л үлдэх ёстой.

Одоо шинээр барьчихлаар XXI зууны барилга гэх үү? Тэгнэ дээ. Чингэхлээр XX зуунд юу ч бүтээгээгүй болж таарах нь уу?

Бас манай Засгийн газар чинь ямар баян тарган болчихсон юм бэ! Мөнгөгүй, төсөв хэдэн их наядаар алдагдалтай л гээд байдаггүй юү! Тэтгэврийн арван хуруунд багтах хэдэн хөгшдийн тэтгэврийг ч нэмэх мөнгөгүй гээд л байгаагүй юу! Ардын нэгэн цэцэн үгийг арай өөрчлөөд, “байхгүй гэдэг үг мянган үгийн таглаа” гэмээр л байсан даа. Ард түмний амьжиргааг дээшүүлнэ гэж амладаг нь бас хаачив? Бардам ам, шалдан гуя болов уу? Амьд хүнээс амьгүй барилга нь үнэтэй болчихсон хэрэг үү? Эдгээр нь үнэхээр нурах болчихсон бол яалтай билээ! Дөрвийн дөрвөн капитал барилгыг нурааж хаяад, оронд нь том том данхар данхар барилга барихад ямар их хөрөнгө орох бол! Мань мэтийнхний аманд багтахгүй тоо л гарна даа. Тэнгэр тулсан их үнийг хаанаасаа олох, хаанаас гаргах юм бол оо? Тэнгэрээс лав шүүрэхгүй. Хуруу хумсаа тайрч аж төрж байгаа нөгөө л хэдэн ардын маань татварын мөнгөнөөс хумсална!!! Ай, хөөрхий зайлуул! Манай засгийн газрынхны ухаан нь сонгуулийн өмнө цоорох нь энэ үү дээ!

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Хатагин Го.Аким

Малчдын амь амьдрал, цалин хөлс бол мал, махны үнэ юм шүү

$
0
0

Мал, махны үнэ өсөх ёстой. Дэлхийн дундаж ханшид тултлаа өсөх учиртай. Нүүдэлч малчин удмын Монголчуудын, Монгол малчдын хөдөлмөр хэзээ үнэлэгдэж бүтээсэн баялаг нь үнэ цэнэтэй болох юм. Хаант орос Павловтангууд, Хятад, Манж Дашинхүүтэнгүүд Монголчуудын малыг маш хямдаар сүрэглэн тууж байсан дундад зуун. ЗХУ Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хамтын нөхөрлөлийн орнуудын харилцан тохиролцсон шилжих жишиг үнэ дал гаруй жил Монголын мал махыг хямдаар авч идсэн хорьдугаар зуун. Өнгөрсөн зууны эцсээр нэгдэл, сангийн аж ахуйнууд тарж бутран өмч хувьчлал, эмх замбараагүй эзэнгүйдэл малчдыг малтай нь, зудан дунд, жалгын нэг тараагаад хаясан. Малчин мал хоёр маань 30 жил мөнчгөрөөрөө зүтгэсээр байж арай л гэж нэг юм цусандаа шингэсэн малч удмынхаа хүчээр хөл дээрээ дөнгөн данган тогтож, бүтээсэн баялгаа зах зээлийн жамаар нь үнэлүүлээд борлуулчихья гэтэл ...
У.Хүрэлсүх: -Махны үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү.
Ч.Улаан: -Махны нийлүүлэлтийг сайжруулах хэрэгтэй. Нийлүүлэлтийг сайжруулах хэрэгтэй яаж.
Юуны өмнө ярьж байгаа зүйлийнхээ мөн чанарыг өөрийн орны нөхцөлтэйгөө уялдуулан зөв тодорхойлохын тулд наад зах нь судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, сайжруулах бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлэх тодорхой ажил ажилбаруудаа тодорхойлж амжаагүй л байх шиг. Энэ талаар эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүстэй тодорхой ярьж санаа бодлоо хуваалцаж, зөвийг хийх шинэ санал дэвшүүлж, мэтгэлцэж, онол практикийн ололт амжилт, алдаа сургамжийн талаар дүгнэн ярилцаж, өчигдрийн сургамж, өнөөдрийн байдал, маргаашийн үнийн тухай урьдчилан харж дүгнэж, цэгнэж, дэнсэлж чадахгүй байна.
ӨНӨӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ, ДҮР ЗУРАГ
Ч.Улаан сайд толгойгоороо хариуцахаар үнэ буурдаг бол сайн л байна. Олон юмны үнэд ашигламаар “сэрүүн зүүд” сайд хариуц гээд үнэ буурах нь битгий хэл "Би хариуцна” гэж цээжээ дэлдсэн томчуудын, Ерөнхий сайдуудын хариуцаад бүтээсэн нь хаана байгаа юм бэ. Би л мэдэхгүй юм. Сүүлийн 30 жилд Атрын III аянаас өөр юу байгаа юм. Шинэхэн түүхээ эргэж харж дэнслэн тунгааж ухаан бодлоо уралдуулан сэтгэж санаачлан бүтээх цаг болсон мэт. Манай Засгийн газраас махны үнийг тогтворжуулах талаар баримталж байгаа бодлого ч гэх үү, хийх гэж байгаа ажил ч гэх үү дараах найман зүйл сонсогдож, бичигдэж байх юм.
1.Энэ жилийн мах бэлтгэлийг дор хаяж гурав дахин нэмнэ. 
2.3ах зээл дээр ирж байгаа иргэдэд очих махыг мах комбинатууд авдаг гажуудлыг арилгана.
3.Малчдаас махыг нь аваад өөр гар дамжуулахгүй хэрэглэгчдэд хүргэнэ.
4.Малчид өөрсдөө төв суурин газар ирж махаа зардаг болох
5.Хүнс бэлтгэж байгаа малчид, тариаланчдынхаа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгана. Үнийг унагаахгүй.
6.Хэрэглэгчдийн худалдан авах үнийг өсгөж хөөрөгдөхгүй.
7.3ах зээл тогтвортой болбол үнэ зах зээлийнхээ зарчмаар тогтоно.
8.Энэ жил малчдаас махыг 5000 төгрөгөөс доошгүй үнээр авч зах зээлийн үнийг 10 мянгаас нэлээд доогуур тогтооно. За нэг иймэрхүү.Унших, сонсоход ч аятайхан, хүмүүст бас таалагдах дэмжигдэх үгсийг хэлсэн байна. Нягтлан үзвээс маш том бодлогын чанартай арга хэмжээ олон дахинаар авах ч юм шиг, жижиг сажиг алдаа завхралыг арилгах ч юм шиг, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй ч юм шиг, өнөөдрийн ч алсдаа хойтон хаврын тухай ч яриад байна уу гэмээр.
Монгол Улсын зах зээл дээр үнэ нь өсөөд инфляцад нөлөөлөөд байгаа махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэн эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцаа үнэ тогтворжуулах ажил нь өөрийгөө хуурсан өнөө маргаашийн ажил биш. Махны үнээс үүдэлтэй ард иргэд, малчид, гадаад худалдаачдаа ч бодож тооцсон төрийн алсын хараатай бодлого гаргаж дорвитойхон далайцтай хөдлөх хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн махны үнийн өсөлт, бууралтад судалгаа хийж үзэхэд жилийн тодорхой үеүдэд хөдөлгөөнд орж, ижил давтамжтай сонирхолтой үзүүлэлтийг харуулдаг. Бид эндээс л ажлаа эхлэх хэрэгтэй. Манай ард түмний уламжлалт зан заншил, дөрвөн улирлын маань өнгө төрх, халуун хүйтэн уур амьсгалд хүнсэнд хэрэглэх зүйлээ хадгалах үүцлэх, хэзээ гаргаж идэхээ мэддэг нь бидэнд ихийг хэлж өгнө.
Зах зээл дээр махны үнэ жил бүрийн дөрөвдүгээр сарын дунд үе тавдугаар сарын эхээр өсч эхлээд зургаадугаар сарын 20-доор дээд цэгтээ хүрч байна. Үнийн өсөлт наадам хүртэл үргэлжлээд зарим жил наймдугаар сарын дундуур бууж эхэлдэг бол зарим жил шинэ идэш тултал үргэлжилнэ.
Намар махны үнэ буурах хандлага байгаа хэдий ч төв сууринд амьдрагч Монголчууд махны хэрэглээгээ байнгын ’’шинэ”-ээр амтлах сонирхолтой болсон нь дөрвөн улирлын эрэлтийг бий болгож нийлүүлэлтийг өдөр бүр хийхийг шаардах болсон байна. Өөр нэгэн зүйлийн нөлөөлөл нь баячуудын тансаглал буюу баян хоосны ялгаа маш их болж байгаатай холбоотой хөөрөгдөл. Махны үнэ буурна уу, өснө үү баячуудад огт падгүй. Тэд үнийг нь ч асуухгүй авна. Мах авахаар зогсож байгаа 10 хүний найм нь махны үнэ өсч байгааг мэдэрч Ерөнхий сайдад ховлоод байгаа хэрэг.
Тэд хэн бэ. Ядуучууд, тэд бол Монгол Улс 904 мянган ядуу иргэнтэй гэж дэлхийд зарлагдчихсан өнөөдрийн бид шүү дээ. Нийт хүн амын гуравны нэг нь ядуу ангилалд бүртгэлтэй үүний 378.2 мянга нь нийслэлд амь зуудаг. Эднээс гадна ядуучуудаас арай дээхнүүр үлээхээр доош орчихдог, сөрөхөөр гараад ирдэг ядуу дунд бүсэд сэлгэн амьдардаг  халамж тараахаар уруу царайлж байгаад авчихдаг, ядуу юмуу даа гэхээр зангиа хоолойгоо засаад алга болдог нэг хэцүү хэсэг байна. Тэр нь нийт хүн амын 15 хувь буюу 475.0 мянган иргэн юм. Албан ёсны ядуу 904 мянга дээр эднийг нэмэхээр нийт хүн амын маань тал нь ядуу зүдүү, өлөн зэлмэн амьдарч байна гэсэн дүгнэлт. Эдэнд маань махны үнэ ахадна. Олон айл өрх хоосон хонож байна. Нөгөөтэйгүүр тогтмол цалин авдаг улс төр, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний нийт ажиллагсдын 62.4 хувь нь төв суурин нийслэлд амьдарч байна. Нийслэлд амьдрагсдын тоо бүртгэлтэй, бүртгэлгүй 1.4 саяд хүрсэн байна. Дархан, Эрдэнэтэд 100 мянга давсан байна. Улам өсөх хандлагатай. Удахгүй төв сууринд амьдрагчдын тоо 2.0 саяд хүрнэ. Тэдний хүнсний хангамжийн асуудал ...
ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТ
Онолчид: Үнэ өсөх нь эрэлт их байгаагаас л тэр шүү дээ. Нөгөө нь нийлүүлэлт бага байгаагийн гай. Үнэ өснө, өөр яах юм гэцгээж байна. Төв суурин газрын иргэдийн хүнсний хэрэгцээ, экспортлогчдын гэрээгээр тохиролцсон махны нийлбэр эрэлтийг улсын хэмжээнд урьдчилан харж тодорхой бодлого төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын хүчин зүйлүүдийг бий болгож чадаагүйгээс л манай, хүнсний зах зээл дээр махны үнэ өсч байна. “Хүчит шонхор” зах дээр ирж байгаа иргэдэд очих ёстой махыг махны үйлдвэрүүд үнэ цохин авч гажуудал үүсгэж байна. Энэ гажуудлыг арилгана. Юу ярьж байна даа. Энэ бол гажуудал биш зах зээлийн үнэ гэдэг товчлууртай үл үзэгдэх гар ажлаа хийж байгаа нь тэр. Жижиглэнгийн болон гадаад худалдааны үнэ “Хүчит шонхор”-ын үнээс их л байвал ямар ч бизнесмэн эндээс мах авч л таарна. Ийм нааштай үнийн хайч ашиг үнэртүүлж байхад махны үйлдвэрүүд юу гэж зардал чирэгдэл гаргаж аймаг, сум хэсч ядарч зүдэрч мал мах бэлтгэж явах вэ.Малчид махны ченжүүдэд зөвхөн ард түмэнд зориулж авчирсан гэж тусгайлан бэлтгэсэн мах байхгүй шүү дээ. Тэдэнд ганцхан л мах бий. Тэр нь хурдан борлогдох, мөнгө болох л мах юм. Үнийн өсөлт бол эрэлт их нийлүүлэлт багаас болж байгаа хэрэг гээд хэн ч хэлчихнэ. Гэхдээ эрэлт, нийлүүлэлт хоёр өөр өөрийн онцлог мөн чанар, үүнээсээ үүдэлтэй үнэн зөв, худал хуурмаг янз бүрийн үзэгдэл үйл явдлыг өрнүүлдэг. Махны эрэлт манай улсын зах зээл дээр зохиомлоор бий болоогүй, бодит нөхцөл байдал эрэлтийг үүсгэж үнэ өсгөж байна. Харин нийлүүлэлтийн мөн чанар өөр юм. Зах зээлд мах нийлүүлэх сэдэл нь малчин эр морио аргамжиж явахдаа “хүү, охин хоёр маань сургуульдаа явах боллоо. Хэдэн мал заръя" гэсэн аавын бодлоос эхтэй. Аав хоёр үхэр, 10 хонь гүйцээ, үүнээс илүүг нийлүүлэхгүй. Манай улс ийм л мах нийлүүлдэг механизмтай 30 жил боллоо.
Мал сүрэг маань 60-70 саяар тоологдоод махны үнэ өсөөд... Үнэ өсгөдөг эрэлт нь малчинд хэрэгтэй худалдан авагчид гайтай. Үнэ бууруулдаг нийлүүлэлт нь худалдан авагчид сайн ч малчинд хохиролтой. Тэгвэл эрэлт нийлүүлэлтийн зохист харьцааг /хэмжээ/ хангаж чадвал сая үнийн хөөрөгдөл зогсч, оролцогчдын ашиг сонирхол тэнцвэржиж үнэ тогтворжих болно.
Эцсийн эцэст энэ л юм шүү дээ. Эрэлт нийлүүлэлтийн зохист харьцааг төрийн бодлого, төлөвлөлт бүхий ухамсарт үйл ажиллагаа хяналттайгаар тогтооно. Олон жилийн давтамжтайгаар тодорхой хугацаанд махны үнийг хөөрөгдөж тогтворгүй байдал үүсгэж байгааг бүгдээрээ л мэдэж, мэдэрсээр л ....Юу ч хийж болох хугацаа өнгөрлөө. Нийлүүлэлтийг онилсон ямар ч арга хэмжээ авсангүй дээ. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх цаг хугацааны хамааралтай үндсэн гурван чиглэл арга зүй байна.
Нэгдүгээр чиглэл арга зүй. Жилийн хугацаагаар хязгаарлагдахгүй дотоодын болон экспортод гаргах махны эрэлтийг тасралтгүй нийлүүлэх хүчин чадалтай улс болон малчин, тариаланч, фермерүүдийн ашиг сонирхлын нэгдэлд суурилсан үндэсний мал бэлтгэлийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Мах нийлүүлэх ажил бол мал бэлтгэх ажлаар эхлэх учиртай. Үндэсний мал бэлтгэлийн тогтолцоог бий болгох асуудал бол худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх стратегийн маш том зорилт болно. Үндэсний мал бэлтгэлийн байгууллага нь аймаг, сум бүрт мах бэлтгэлийн нэгжүүдийг байгуулж, хашир туршлагатай ахмад, шинэ залуу мал зүйч, малын эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллаж, шинжлэх ухааны үндэслэлтэй арга технологиор бордож тэжээж, оторлох, тууварлах, эмчлэн сэргийлэх, эрүүл орчны хорио цээр тогтоох зэрэг олон ажил ажилбарыг хийж зах зээлд байнга тасралтгүй мах нийлүүлэх үүргийг гүйцэтгэх болно. Бид энэ ажлыг ухаан, гар сэтгэлээ нийлүүлэн зориглон хөдөлбөл тийм ч хэцүү биш. Социализмын үед манай улс бүх нутаг дэвсгэр, аймаг, сум, багаа хамарсан худалдаа бэлтгэл, мал бэлтгэлийн маш өргөн сүлжээтэй байсан билээ. Бидэнд уламжлалт туршлага бэлтгэж зохиосон бэлэн төсөл төлөвлөгөө ч байна. Монгол Улсын үндэсний “Мал бэлтгэл” хувьцаат компанийг байгуулъя. Хувьцаагаа нийтэд санал болгон арилжих замаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ босгоё. Эхний удаад хувьцааны 70-аас доошгүй хувийг улс худалдан авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг улсаас гаргана гэсэн үг юм. Гэхдээ улсын төсвөөс бус үйлдвэрлэл дэд бүтцийг дэмжих буцалтгүй тусламж, урт хугацаатай бага хүүтэй зээл гэх мэт эх үүсвэрийг ашиглаж болно.
Төр 70-аас доошгүй хувийн хувьцааг худалдан авч эзэмшин хөрөнгө оруулалтын маш чухал асуудлыг шийдвэрлэж байгаа хэдий ч нөгөө талдаа үүнээс ч хэд дахин чухал бас нэг ажлыг төр хариуцан гүйцэтгэх хэрэгтэй болно. Энэ бол компанийн удирдлага. Удирдлагын багыг ажил хэрэгч, хариуцлагатай шударга, мэдлэг мэргэжилтэй, удирдан зохион байгуулах авьяас чадвартай хүмүүсээр бүрдүүлэн ажиллах нөхцөлөөр хангаж төрийн зохицуулалт дэмжлэг үзүүлэн үндэсний мал бэлтгэлийн тогтолцоо механизмыг зах зээлийн нөхцөлд бие дааж ажиллах чадвартай болгон төлөвшүүлж, бэхжүүлж өгөх асуудал болно. Энэ үйл явц 2-3 жил үргэлжлэх бөгөөд бие даан ажиллаж үйл ажиллагаа нь идэвхжин, ашиг орлого нь тогтворжиж эхэлмэгц компани улсаас хувьцаагаа эгүүлэн худалдан авч улсын хөрөнгө оруулалтыг эгүүлэн төлж эхлэх болно.
Засгийн газар бодлого зорилтын уялдаатай бизнесийн хамт олныг бий болгоход биечлэн оролцож, удирдан зохион байгуулж улсын хэмжээнд таваар мөнгөний урсгалыг зохицуулах худалдааныхаа сүлжээг сэргээн босгож чадсанаар хүнс, хөдөө аж ахуйн салбар төдийгүй улсын хэмжээний чухал ач холбогдолтой үйлсийг бүтээх болно. 1990 оны эхээр монголчуудын амьдран оршихуйн үнэн бодит онцлогийг мэдэхгүй гадаад дотоодын бүхэл бүтэн улсаар тоглон туршигчдын үг ятгалгаар зах зээлийн зарчим гээч лут амьтан ирээд бүгдийг нь хийгээд, бүтээгээд өгчих юм шиг итгэж тунхаглаад эдийн засгийн шилжилт хийх, өмч хувьчлах нэрийн дор олон жилийн хугацаанд бүтээн босгосон үйлдвэр аж ахуйн газруудыг өөрсдөө авч үйл ажиллагааг нь зогсоож, зориулалтыг нь өөрчлөн дэлгүүр, баар цэнгээний газар болгоод, юу ч хийж бүтээж чадах маш өндөр удирдлага зохион байгуулалтын бүтэц бүхий хөдөлмөрийн хамт олныг тарааж устгаж дуусгасан гашуун түүхийг бид мартах учиргүй.
Р.Содхүү
УИХ-ын гишүүн асан

Н.Номтойбаяр: Г.Батхүү агсан тархины цус харвалтаар нас барсан...

$
0
0

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн Ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр өөрийг нь Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт гүтгэж буй тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын гишүүдэд өгсөн хэргээр яллагдагчаар татсан тухай мэдээлэлд тайлбар хийсэн юм.

Тодруулбал тэрээр: " Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн болон Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт намайг холбогдуулан гүтгэх боллоо. Энэ хоёр асуудалд тайлбар өгье. Намайг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна.

Бүр сүүлдээ намайг өөрөө зээл авсан гээд байгаа юм. Ер нь өнөөдөр АТГ яаж ажиллаад байна вэ. Ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Сүүлдээ кино зохиол шиг юм бичээд эхэллээ. СУИС төгссөн хүн ч ийм хачин юм бичихгүй, харин хуулийн сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүмүүс ийм юм бичээд байгаа нь харамсалтай байна. Би энэ асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээж байгаа. Намайг хүлээж авч уулзахгүй байна. Мөн үүнтэй холбоотойгоор миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна гэж дуулсан. АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа байх. Та нартай цуг уулзая. Бас

Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт яллагдагчаар татсан гэдэг нь огт худал. Намайг худал мэдүүлсэн гээд байгаа юм. Яг ямар асуудал дээр худал мэдүүлэг өгсөн бэ? гэхээр танай өрөөнд архи уусан байтал уугаагүй гэж ярьсан байна гээд байгаа юм. Бас ходоодноос нь архи гарсан гээд байгаа. Манай өрөөнд байсан архи, талийгаачийн ходоодноос гарсан архи адил байна уу? гэдгийг тогтоож болно. Талийгаач тархины цус харвалтаар нас барсныг Шүүх шинжилгээний хүрээлэн нотолсон байна лээ." хэмээсэн юм.

Эх сурвалж: sonin.mn 


“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө

$
0
0

2020 оны сонгуулийн “тоглоомын дүрэм”-ийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Өнгөрсөн баасан гаригт УИХ-аас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжив. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Гэвч төслийг санаачлагчид нь эзгүй гээд энэ долоо хоногт лав хэлэлцэлгүй өнжөөв. Ингэхээр УИХ энэ хуулийн төслийг яаран хэлэлцэхгүй л болов уу. Учир нь энэ явдлын шалтгаан нь хуулийн гол агуулга болох тогтолцооны хувилбар дээрээ тогтож чадахгүй байгаа аж. Орж ирсэн төсөлд 50-ийг нь УИХ-аас тогтоосон тойргоос, 26 гишүүнийг нь улс нэг тойргоос сонгох сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбараар зохион байгуулна гээд байгаа.

Гэвч энэ хувилбар дээрээ МАН-ынхан ч нэгдээгүй, АН-ынхан ч дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “…Гол нь 26-г нь ямар зарчмаар сонгох вэ гэдэг асуудал хамгийн анхаарал татаж байгаа сэдэв юм. Баахан хүний нэр гаргаж уралдуулаад эхний 26 хүнийг авна гэвэл сөрөг тал бий” гэж байгаа юм.

Ер нь бол аль аль нь үүнийг “50 гуя, 26 хүзүү” гэдэг хувилбар гэж нэрлэх боллоо. Улс нэг тойрог гэдгийн ард нуугдаж орж ирэх 26 хүнийг “гуя дагасан хүзүү” гэж байгаа нь тэр.

МАН л гэхэд 26 “хүзүү” нь намдаа болоод төрд олон жил зүтгэсэн, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, одоо намын дээд удирдлагад ажиллаж байгаа гишүүдээ эрэмбээр нь жагсаасан гэж буй. Асуудлын гол нь тэрхүү жагсаалт болж хэн хэнийхээ ард, урд бичигдэх вэ гээд аюул болсон гэж байна. АН ч яг ийм хувилбараар хууль батлагдах юм бол их л зовж байж жагсаалт гаргах байх.

Гэхдээ Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид “…Улс нэг тойрог гэдэг угтаа парламентад иргэдийн төлөөллийг устгаж буй хэрэг мөн” гэж 2010 оны тавдугаар сард гарч бичмэлдээ тэмдэглэн үлдээснийг “Төрийг засах ёс-эш үг” эмхэтгэлд  оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 26 хүнийг улс нэг тойрогт багтааж болохгүй л гэчихсэн байна. Үүнийг бодох ёстой юм.

Нөгөөтэйгүүр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн чуулганы хуралдаан дээр “…26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. 900 гаруй хүнээс 26-г сонгоно гэхээр өглөөний 07 цагаас үдшийн 22 цагийн хооронд 2.5 сая  сонгогч санал өгч  амжихгүй. Бид саналын хуудас дээр ажиллаж үзэхэд нэг хүнийг дугуйлах боломжтой гэж гарсан. Өөрөөр хэлбэл, 26 хүнийг саналын хуудсанд тэмдэглэхэд техник, цаг хугацааны хувьд ч боломжгүй” гэлээ. Ч.Содномцэрэнгийн “…Саналын хуудас дээр нэг хүнийг дугуйлах боломжтой” хэмээсэн нь санамсаргүй үг биш байж мэднэ. Учир нь үүнтэй зэрэгцээд “…Улс нэг тойрогт намын даргын нэрийг бичнэ. Түүнийг дугуйлсан саналын тоог хувилж үзээд тухайн намын нэр дэвшигчдийг оруулж ирнэ” гэдэг яриа яваад эхэллээ. Мэдээж хэрэг ийм санал эрх баригч МАН-аас л гарна. Яг өнөөдрийн байдлаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг тэнгэрт тулчихаад байгаа юм.

Гэхдээ МАН-ынхан ийм санаагаа ч бушуухан оруулаад хуулийг хурдан батлахгүй гэдгийг эх сурвалж хэлж байгаа. Учир юу гэвэл Улс нэг тойрог буюу У.Хүрэлсүхийн ард бичигдэх 26 ч юм уу, 12 ч юм уу гишүүдийг, бас жижиг тойрог дээр өрсөлдөх 50 ч юм уу, 64 ч юм уу гишүүнийхээ нэрийг зоож зарлана гэдэг МАН-ын удирдлагуудын хувьд маш хэцүү. Ядаж байхад УИХ-ын 64-ийнх нь дор хаяж тал хувь нь тойрогт гараад үзэхэд ялах магадлал маш бага. Гэсэн атлаа нөгөөдүүл нь УИХ-ын гишүүн гэдгээрээ гадна байгаа хэдээсээ давуу эрх эдэлнэ гээд гүрийчихсэн гэж байгаа. Ингэхээр МАН-ын удирдлагууд лав 76 нэр дэвшигчээ яаран зарлаж, гишүүдийнхээ дунд “зодоон” үүсгэх хүсэлгүй байна гэсэн үг.

Харин АН-ын дарга С.Эрдэнийн хувьд Ч.Содномцэрэнгийн ил хэлсэн, эрх баригчдын далд ярьж байгаа “нэг хүн”-ий ард нэр бичих хувилбарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иймээс “50 гуя, 26 хүзүү” хувилбар унаж таарна. Дараагийн хувилбарыг харин УИХ хэзээ ч хэлэлцэж мэдэхээр байна. Он солигдохын өмнө хэлэлцээд батална гэж ярьж байна. Гэхдээ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн 21.4-т “…УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гээд оруулчихсан. Энэ зүйл заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөх учиртай.

Тэгэхээр УИХ-ын сонгуулиас нэг сарын өмнө ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж болох цоорхой энд оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг батлах гэж яарахгүй байх шалтаг нь ч, хуулийн боломж ч байна гэсэн үг. Тиймээс эрх баригч МАН-ын удирдлагууд нэгмөр тогтсон хувилбараа ил болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлуулахаас өмнө 2020 оны сонгуулийн тухай ойлголт шинэ, хуучин хоёр Үндсэн хууль, шинэ хуучин хоёр сонгуулийн хууль, нийт дөрвөн хуулийн дунд эргэлдэх нээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Унтаад босоход л нэг татвар нэмэгдчихсэн байх юм

$
0
0

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх парламентын үед сул гишүүн байхдаа Ардчилсан намынхныг их л баалдаг байж билээ. “Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмдэг бодлого дэлхийн хаана ч байхгүй. Татвар нэмнэ гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжийн халааснаас авна л гэсэн үг” гэж ирээд хуралдаан дээр загнаж харагддаг байв. Одоо тэгээд эдийн засаг хямраагүйдээ саарал жагсаалтад багтаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаа юу. Одоо тэгээд ард түмний халааснаас энэ олон татварын нэмэгдэл гарахгүй болоо юу. Нэг амаар хоёр өөр юм ярьж, ам ажил зөрдгийн тод жишээ энэ бизээ. Өөр нам эрх барих үед дээрх үгийг хэлж суусан Сангийн сайд өөрийн намыг эрх барих үед төсөв бүрдүүлэхийн тулд хичнээн төрлийн татвар нэмж, ард түмний халааснаас энэ бүхэн гарч байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. МАН-ын генсек Д.Амарбаясгалан ч мөн адил 2016 онд “Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй” гэж хэлж байж. Гэвч МАН сонгуульд ялалт байгуулж засаг барьж эхэлснээс хойш байнга татвар нэмлээ. Хамгийн сүүлд авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдлээ. Үүний өмнө есөн төрлийн татвар нэмсэн байдаг. Газар худалдаалах, Ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн, архи, тамхи, импортын шатахууны онцгой албан татваруудыг ээлж дараалан нэмсэн.

2016 оноос хойш эрх баригчид нийт арван төрлийн татварыг нэмсэн байх юм. Татвар нэмлээ гэж шүүмжлэхээр ганц л хариулттай. “Олон улсын валютын сан ингэ” гэсэн л гэдэг. Үнэн хэрэгтээ заавал татвараа нэмж, ард түмнийхээ халаасыг суйл гэж зөвлөдөг ч гэж юу байхав. Арга чарга ол л гэсэн зөвлөмж өгсөн болохоос татвар нэм гэж бүхэл бүтэн улс оронд зааж, тулгаагүй байлтай. Хэрэв тулгалт хийлгэтлээ дор орсон бол эрх баригчдын өөрсдийнх нь л буруу. 1996 онд Ардчилсан хүчнийхэн эрх барьж байх үед мөн л Олон улсын валютын сангийнхантай тулгарсан. Өнөөдүүл зөвлөмж өгсөн. Гэхдээ тэдний зөвлөмжийг эрх баригчид шууд хүлээж аваагүй байдаг. Учир шалтгаанаа ойлгуулж, бид тийм ч ядарчихсан улс биш, өөр гарц боломж хайя гэж үзэж тардаг байсан юм билээ. Тэр үед манай эдийн засаг одоогийнхтой харьцуулахад ямар байсныг эрхбиш мэдэж байгаа биз. Олон улсын валютын сан ч бас нөхцөл байдлыг сонсч тулгалт хийгээд байдаггүй байж. Тэр үед Р.Амаржаргал, Баабар нар “Бид Кени, Конго биш дээ" гэж ирээд л өөрсдийгөө ойлгуулж, тайлбарлаж чадаж. Нөгөө талаасаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан Монголыг сонсчих юмсан, асуудлыг нь цэгцэлчих юмсан гэдэг яриа хөөрөө өрнөөд ойлголцлын түвшинд хүрч байжээ. АН-ыг засаг барьсны дараа МАН засаг авахдаа яаран мэдэгдэл хийж, эдийн засаг доройтож хүнд байна, данс улайлаа гэсэн улс төр хийж байгаад Олон улсын валютын санг оруулаад ирсэн. Угтаа Олон улсын валютын сангийн тусламжийг аргаа барсан улс авдаг. Улс орнууд болж өгвөл авахгүй юмсан гэж өөр гарц хайдаг. Яагаад гэвэл хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн чөлөөтэй бодлого явуулах боломжгүй болгоод нэг хашаанд хашаад, үгээр нь явахаас өөр гарцгүй болгодог. Олон улсын валютын сангаас тусламж хүссэнээр эдийн засаг тэлнэ гэж байдаггүй, яаж сэхээнээс энгийн тасагт шилжих вэ гэдэг л нөхцөл үүсдэг. Одоо үнэхээр ингэж тулгаад байгаа бол Монголд хандах олон улсын байгууллагын хандлага өөрчлөгдсөн, эсвэл тэдэнтэй ойлголцлын түвшинд ярих хэмжээний хүн эрх баригчдад байгаагүй юм байлгүй.

Ямартай ч мөнгө дутаад ирэхээр л ард түмнийхээ халаасыг суйлдаг муу зан сурчихлаа, энэ МАН-ынхан. Жирийн иргэд бид ч унтаад сэрэхдээ айдаг боллоо. Өглөө босоод ирэхэд ямар гээч татвар нэмсэн байгаа бол гэж бодох болов. Ямар даргад нь юу дутаад юугаа нэмэх бол гэж айх боллоо. Үндэсний телевизээр чуулганы хуралдаан харахаас эмээдэг боллоо. Айл болгон татвараа төлж үздэг телевизээрээ байнга татвар нэмсэн тухай үзэх ч бас амаргүй юм. Энэ нам сонгуульд амласныхаа эсрэг юм хийдгийг татвар яаж нэмж байгаагаас харж болно. Угтаа МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүх юм эсрэгээрээ байгаа. Татварын талаар бүхэл бүтэн бүлэг бий. Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэж тодоос тод биччихсэн. Тэр ч бүү хэл зарим төрлийн татварыг бууруулах бодлого баримтална гэж тэд амалсан. Булзах аргагүй. Ингэж ард түмнийг хуурч худал хэлж, Засгийн эрх авсан намыг шүүхэд өгч татан буулгах цаг болж. Хуулинд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархах тухайд заалт бий. Ард түмэнд худлаа амладаг намыг хууль бусаар төрийн эрх авах гэсэн зүйл ангид хамааруулдаг болмоор байна. Ингэж хариуцлага тооцдог болъё. Сонгуулиас сонгуульд худлаа амлалт өгч гарч ирсэн хойноо яг тэрнийхээ эсрэг үйлдэл хийгээд байвал энэ улс орон яаж өөдлөх билээ. Ард түмний сонгуулиар өгсөн санал ямар үнэ цэнтэй болох билээ.

Намуудыг хариуцлагатай болгоё. Хар ярианы хэлээр худал ярихыг “чихэн дээр цэцэг ургуулах” гэдэг. Тэд бидний чихэн дээр цэцэг ургуулж, бид тэрэнд нь итгэж олон жил боллоо. Юу амлах, юу амлахгүйгээ намууд мэддэг болж, худал амлахгүй болгохын тулд хуулинд тусгамаар байна. Сонгуульд оролцохдоо МАН-ын удирдлага “Мөрийн хөтөлбөрийн үг, өгүүлбэр бүхэн үнэн бодитой, зорилго, зорилт цэгцтэй, үр дүн өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг болсон” гэж байлаа. Харамсалтай нь үнэн бодитойг нь олж харсангүй. Засгийн газраа дангаар бүрдүүлж, УИХ-д 65-уулаа суух боломжийг ард түмэн тэдэнд олгосон ч тэд итгэлийг минь хөсөрдүүллээ. Хоорондоо талцаж, засгаа татан унагааж, татвар нэмэхээс өөр шийдэл үгүй эрх баригч МАН-ыг эхний ээлжинд шүүхэд өгөх хэрэгтэй.

Америк, Хятад хоёр улс 25 хувийн импортын татвараас болж худалдааны дайндаа тулж, одоо ч үргэлжилж байна. Харин манай ард түмэн эрх баригчдынхаа явуургүй, дээрэнгүй бодлогыг хүлцэнгүй тэвчсээр, 20-200 гаруй хувь нэмэгдсэн татварынхаа дороос өндийх тэнхэлгүй хүлцэнгүй байх юм. Унтаад сэрэхдээ айдаг айдсаасаа салахын төлөө худал амлагч, ЖДҮ-ийн хулгайч, хүчирхийлэгч, 60 тэрбумын хуйвалдаанчдын эсрэг 2020 оны сонгуулиар эрх баригчдад дүнгээ тавьцгаая.

М.Сүлд

Эх сурвалж: Өдрийн сонин

С.Амарсайхан: Цэгмид ээ, тэр айлган сүрдүүлгээс чинь бид айхгүй шүү

$
0
0

МАХН, Үнэн ба зөв нам, "Ард түмний штаб"-ынхан авто машинтай жагсаал зохион байгуулж, авто зам ашигласны төлбөрийг нэмэх шийдвэрийг цуцлах, Хотын дарга С.Амарсайханыг огцрохыг шаардаад буй. Тэгвэл жагсагчдыг өнөөдөр Хотын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Машинтай жагсаалын ерөнхий зохицуулагч Б.Цэгмид "Авто замын татвараа буцааж буулгахгүй бол машинтай жагсаал хөдөлгөөн илүү олон улс төрийн намууд дараагийн долоо хоногт дахин жагсаал цуглаан зохион байгуулна. Дараагийн долоо хоногийн гурав дахь өдрөөс бид илүү өргөн фронтоор жагсана. Бүр Монгол Ардын намыг тараах хэмжээний улс төрийн жагсаал хийнэ. Магадгүй Хонконгийн тэмцэл шиг ч өргөн хүрээтэй жагсаал цуглаан болж чадна. Та наад тав дахин нэмэх асуудлаасаа ухарч чадахгүй бол ард түмэн ухрахгүй шүү" гэв.

Б.Цэгмидийн ийн хэлсний хариуд Хотын дарга С.Амарсайхан "Цэгмид ээ, тэр айлган сүрдүүлэлтээс чинь бид айхгүй шүү. Энэ сүрдүүлгээрээ бүх зүйлийг ийм балмад байдлаар шийдвэрлэнэ гэвэл тийм асуудал байхгүй шүү. Өнөөдөр энд ямарч судалгаа тооцоогүйгээр, сэтгэл хөөрлөөр ингэж тэгж бууруулна гэж асуудалд хандах боломжгүй" гэдгийг  илэрхийлээд хуулийн хүрээнд судалж НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барихаа мэдэгдлээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Хуульч сайдыг “загнасан” нь

$
0
0

Сүүлийн үед Ц. Нямдорж сайд их ууртай байгаа. Аливаа оролцсон хурал дээрээ үг болох болгондоо бусдыг загнаж, микрофон алгадах болсон. Сайдыг загнах хүн байхгүй болж, бүгд түүнээс эмээж, үг хэлэх болгонд нь бүгд толгой гудайж загнуулах болов.

Гэвч энэ удаа Ц. Нямдорж сайдын саяхан Хууль зүйн байнгын хороон дээр Өмгөөллийн хуультай холбогдуулан бусдыг загнасан зүйлтэй нь холбогдуулан хуульч, өмгөөлөгч Бүдрагчаагийн Баяр “загнахаар” шийдсэн байна.

Сайдын ярьсан зүйлд Fact Check буюу бодит үнэнд хэрхэн нийцсэн мэдээлэл өгсөн эсэхийг тодруулах замаар Б.Баяр өмгөөлөгч ийнхүү “загнажээ”:

Сайд Ц. Нямдорж: “Хуульчдын холбооны хэдэн хүн УИХ-ын гишүүдийг ятгаж гүйгээд сүүлдээ Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан юм шиг байна.” (Худал)

Хуульчдын холбооны гишүүн 100 гаруй хуульч УИХ-ын гишүүдэд хандаж захидал хүргүүлсэн. Тэд Хуульчдын холбооноос цалин авдаг албан тушаалд ажилладаггүй бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа бие даан явуулдаг, хувийн хэвшлийн салбарынхан. Тэд зөвхөн өөрийн идэвхи санаачилгын үүднээс, Хуульчдын холбооноос ямар нэг төлбөргүйгээр, Хуульчдын холбооны удирдлагаас хараат бусаар дээрх захидлыг хүргүүлсэн болно, хэн нэгэ гишүүдийг биечлэн дагаж гүйгээгүй байна. 100 гаруй өмгөөлөгч гарын үсэг зуржээ. Хуульд тавьсан хоригийг УИХ хүлээн авах зүйтэй, эсэх талаар хуульчид төдийгүй иргэд ч санал, шаардлагаа УИХ-ын гишүүдэд хүргүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.12-т заасан “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргах эрх,” ардчилсан нийгмийн хэвийн үйл явц.

Ерөнхийлөгчийн тамгын газарт нэг ч хуульч, өмгөөлөгч биеэр хандаагүй бөгөөд Ерөнхийлөгч өөрт нь хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараа хуульд заасан хугацаанд хориг тавих эсэх талаар хуулийн дагуу судлаад хориг тавихаар шийдсэн байна. 2019 оны хавар Ерөнхийлөгч Өмгөөллийн хуулийн төслийг боловсруулах, өргөн барих шатанд дэмжихгүй гэсэн саналаа хүргүүлж байснаас харахад энэ нь түүний зарчмын байр суурь мөн гэж ойлгож байна.

Сайд Ц. Нямдорж: “УИХ-д нэр дэвших нэр ус, тойргоо хүртэл гаргачихсан ийм л улс төрийн байгууллагаа болж хувирчихсан”. (Худал)

УИХ-ийн сонгуульд 2008, 2012, 2016 онуудад нэрээ дэвшүүлж байсан хуульчид одоо ч Хуульчдын холбооны гишүүд байна. 2020 оны сонгуульд ч нэрээ дэвшүүлэхээ илэрхийлсэн залуу хуульчид бий байх. Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд Хуульчдын холбооны гишүүн байх явдал саад болдоггүй.

Хуульчдын холбооноос гишүүдээсээ нэр дэвших эсэхийг асууж, тойрогт хуваарилсан зэрэг зохион байгуулалттай үйлдэл байхгүй. Хардаж болно. Хардлагад хариу өгье: “Тийм зүйл байхгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэм журмаар улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, удирдлагын зүгээс уг зарчмыг ягштал баримталж ирсэн.

Сайд Ц. Нямдорж: Шүүгчид энэ холбооны ажилд оролцохгүй байгаад гурван жил болж байна. Прокурорууд ч адилхан огт оролцохоо болиод хоёр жил болж байна. Цаашдаа ч оролцохгүй нь ойлгомжтой. (Худал)

2013 онд Хуульчдын холбоо байгуулагдсанаас хойш нийтдээ дөрвөн удаагийн Их хуралд шүүгч, прокуроруудын 800 гаруй (нэг удаагийн хуралд 100-110 төлөөлөгч сонгогддог) төлөөлөгч сонгогдон оролцсон байна. Зургаан жилийн хугацаанд улирал бүрт хуралддаг Удирдах зөвлөлийн 24 (ээлжит бус хурлыг нэмбэл 65) удаагийн хуралд нийт 32 шүүгч Шүүгчдийн болон бусад чиг үүрэг, сайн дурын хороог төлөөлөн оролцсон бол мөн 15 прокурор Прокуроруудын хороо болон бусад хороодоос сонгогдон оролцож ажилласан байна.

Хуульчдын холбооноос жилд 35 гаруй хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулдаг бөгөөд тус сургалтад 30 гаруй шүүгч, 10 гаруй прокурор сургагч багшаар байнга оролцож ирсэн бөгөөд цаг үеийн чухал асуудлуудаар зохион байгуулсан нийт 80 гаруй хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 120 гаруй шүүгч, 50 гаруй прокурор оролцжээ.

Түүнчлэн Шүүгчдийн болон Прокуроруудын чиг үүргийн хорооны шугамаар шүүгч, прокурорууддаа зориулан олон тооны сургалт, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулсан бөгөөд энэ талаар тухайн хороодын үйл ажиллагааны тайланд дэлгэрэнгүй дурдсаныг энд дурдахад илүүц.

Түүнчлэн Шүүгчдийн болон Прокуроруудын хувьд өмгөөлөгч, бусад хууьчидтай нэгэн адил Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, Сургалт явуулах зэрэг чиг үүргийн хороонд орж ажиллаж ирсэн. Жишээ нь. Ёс зүйн хороонд 4 шүүгч, 2 прокурор, 2 өмгөөлөгч, 2 багш хуульч, 1 нотариат, 1 байгууллагын хуульч байна. Сургалтын хорооны үйл ажиллагааны хүрээнд шүүгч, прокурорууддаа зориулсан олон тооны сургалт, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг авсан бөгөөд энэ тухай тухайн хороодын үйл ажиллагааны тайланд дэлгэрэнгүй дурдсаныг энд дурдахад илүүц.

Шүүгч, прокурорууд Хуульчдын холбооны олон тооны дотоод дүрэм, журам боловсруулахад байнга оролцож ирсэн байна.

2019 оны 6 сард шүүх, прокурорын байгууллагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн тайлбартаа шүүгч, пркурорууд Хуульчдын холбооны гишүүнчлэлээс гарах байх суурь баримтлаагүйг дурджээ.

Сайд Ц. Нямдорж: Хуульчдын холбоо гэдэг энэ байгууллага чинь ямар ч ажил хийхгүй байгаа. Хуулийн салбарт юу ч хийхгүй. (Худал)

Үүн шиг худал зүйл байхгүй ээ. Хуульчийн үргэлжилсэн сургалт явуулах, хуульчийн шалгалт зохион байгуулах, олон нийтэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх, УИХ-аас гарах хууль, бодлогын асуудал дээр санал дүгнэлт өгөх, Шүүгчид нэр дэвшигчийн нэр хүндийн талаар дүгнэлт гаргах зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргээ Хуульчдын холбоо байгуулагдсан цагаасаа нэр төртэй хэрэгжүүлж ирсэн. Үүнээс гадна 13 шүүгчийг хууль бусаар огцруулсан, 20 шахам шүүгчээс саналыг нь авалгүй өөр шүүх рүү шилжүүлсэн, өмгөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг процессын хуулиудад хангалттай тусгаагүй, прокурорын цалин, хөлсийг шүүгчийнхтэй дүйцүүлэн нэмэгдүүлэхгүй байгаа зэрэг нийт хуульчдын нэр хүндийг хамгаалах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэхэд чиглэсэн олон хэлэлцүүлэг, форум хийж санал зөвлөмж гаргаж эрх бүхий этгээдэд хүргүүлж ирсэн. Хуульчдын холбооноос жил бүр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан гаргасан бөгөөд сайд уг тайлантай танилцах хүсэлгүй бол яамны ажил хариуцсан ажилтнуудаар шалгуулж дүгнэлт гаргуулж авах боломжтой.

Сайд Ц. Нямдорж: Мөнгө цуглуулж (Үнэн) тансагладаг (Худал).

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн холбооны дүрмээр гишүүний татвар, сургалтын төлбөр, хуульчийн шалгалтын хураамж, багц сургалтын төлбөр зэргийг цуглуулах эрхтэй. Хуулиар олгосон эрхтэй. Хуульд зааснаас гадуур хууль бус мөнгө цуглуулаагүй.

Ажлын аппаратын цалин, түрээсийн төлбөр зэрэг урсгал зардал болон хурал, хэлэлцүүлэг, сургалт, шалгалт, цөөн хэдэн тооны гадаад томилолтын зардал гарсан. Аудитын шалгалтаар эдгээр зардлыг “тансаглал” гэж дүгнээгүй.

Сайд Ц. Нямдорж: Монголын түүхэнд гараагүй яргалал гарлаа. Энэ яргаллын талаар Хуульчдын холбооноос нэг ч үг дуугараагүй. (Худал)

Төрийн буюу хууль хамгаалах байгууллагын мэдэлд байгаа цагдан хорих байранд хоригдож байгаа хүмүүс бусдыг зодсон бичлэгийг хууль хамгаалах байгууллагынхан өөрсдөө бичлэг хийж, улмаар зарим хууль тогтоогч ил гаргасан. Уг үйлдэл яргалал байсан эсэхийг одоогоор шүүхээс тогтоогоогүй. Уг үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан байгууллага, прокуророос зохион байгуулсан эсэхийг мөн шүүхээс эцэслэн шийдээгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг ямар гэмт хэрэгт буруутгаж байгааг эцэслэн тогтоогоогүй.

Шүүхээс эцэслэн шийдээгүй асуудлаар хэн ч тайлбар, мэдэгдэл гаргах эрхгүй. Сайдаас өөрөөс нь ийм зүйл шаардахад дээрх хариултыг өгдөг. Тэгтэл Хуульчийн холбооноос эцэслэн шийдээгүй асуудлаар үг дуугарахыг шаардах нь хууль бус юм.

Эрүү шүүлтээс ангид байх үндсэн эрх бол төрөөс хэзээ ч зөрчиж болохгүй туйлын эрх юм. Уг эрхийг хангах чиглэлээр хуульчдын холбоо олон ажил зохион байгуулж ирсэн байдаг. Тухайлбал, Эрүү шүүлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх асуудлыг 500 шахам хуульчид цугласан Хуульчдын форумаар 2018 онд хэлэлцсэн. Мөн, хуульчдад эрүү шүүлтээс ангид байх эрхийн сургалтын зарлаж явуулж байсан.

Сайд Ц. Нямдорж: Өч төчнөөн өмгөөлөгчид өнөөдөр гудамжаар хүн зодож, дээрэлхэж байна. (Худал) Тэдэнд нэг ч удаа Хуульчдын холбоо хариуцлага тооцоогүй. (Худал)

Тодорхой нэр бүхий өмгөөлөгч зохисгүй үйлдэл гаргасан тухай мэдээлэл тэр ч байтугай дүрс бичлэг байдаг. “Өч төчнөөн” буюу олноороо ийм үйлдэл гаргасан өмгөөлөгчдийн тухай мэдээлэл байхгүй байна. Тухайн зохисгүй үйлдэл гаргасан өмгөөлөгчийн эсрэг хохирогч гомдол гаргаагүй тохиолдолд Хуульчдын холбоо арга хэмжээ авах боломжгүй, эрүгийн болон зөрчлийн тухай хууль тогтоомжид процессыг тодорхой заасан.

Мэргэжлийн хариуцлагын хороо нь үр нөлөөний талаасаа сайн ажиллаж байгаа. Энэ хорооны 2014-2017 онд хуульчтай холбоотой маргааныг шийдсэн статистикийг харахад, 791 гомдол хүлээж авснаас 751 өмгөөлөгчтэй, 162 нь шүүгчтэй, 20 нь прокурортой холбоотой гомдол иржээ. Үүнээс 52 өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, 31 өмгөөлөгчид хаалттай сануулах, 12 өмгөөлөгчид нээлттэй сануулах, 2 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүйгээр, 4 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаатай, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох шийтгэл ногдуулжээ. Энэ тооноос харахад Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид хариуцлага тооцож байна.

Сайд Ц. Нямдорж: Зарим нь хуралд ч ирдэггүй. (Үнэн)

Өмгөөлөгчид шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирдэггүй тохиолдол бий. Энэ тохиолдолд шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авах буюу Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүлдэг. Ийнхүү шүүх хуралд ирээгүйгээс хариуцлага тооцсон тохиолдол цөөн бөгөөд 2018 онд 5 удаа, 2019 онд 3 удаа хариуцлага тооцсон байна.

Сайд Ц. Нямдорж: Хуульчдын холбоог би татан буулгах санал оруулж ирнэ. Уг нь байж байг гэж бодсон юм. Гэтэл үймүүлээд болохгүй юм шиг байна. (Хууль бус)

Аливаа нэг байгууллагыг оршин тогтнох эсэх, үйл ажиллагаа явуулах эсэх эсхүл татан буулгах эсэхийг хөндлөнгийн хэн нэгэн хүн “өршөөж” эсвэл “хашрааж” шийддэггүй юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд аливаа байгууллагыг үүсгэн байгуулах, татан буулгах асуудлыг зохицуулсан. Нэг сайдын “байж байг гээд бодсон юм” гэдэг өршөөл, ивээлээр үйл ажиллагаа явуулж, “үймүүлээд байна” гэдэг дүгнэлтээр татан буулгадаггүй юм.

Та Хууль зүй, дотоод хэргийн сайд болохоос дундад зууны хэмжээгүй эрхт хаан, хоригдлын амьд явах эсэхийг шийддэг, 1944 оны дэлхийн хоёрдугаар дайны үеийн концлагерын коммендант биш, энэ зуун 21 дүгээр зуун.

Сайд Ц. Нямдорж: Дэлхийд ийм байгууллага байхгүй. Төрөөс хараат бус байх ёстой шүүх, прокурорыг төрийн бус байгууллагын дээвэр дор аваачин нэгтгэн захирч энэ дэглэмийг чинь бий болгосон. Нэг газраас бүгдийг нь удирдах гэж Хуульчдын холбоог байгуулсан. Ийм л зүйл. (Худал)

Филиппин болон Канадад хуульчид буюу өмгөөлөгч, прокурор, шүүгчид нэг Хуульчдын холбоонд багтдаг. АНУ-ын 51 штат буюу муж улс хууль зүйн тогтолцооны хувьд бие даасан, хараат бус тогтолцоотой. Уг муж улсуудаас 31 муж улс буюу Алабама, Аляска, Аризона, Калифорни, Флорида, Жоржиа, Хавай, Идахо, Кентаки, Луизиана, Майн, Мичигин, Миссисипи, Миссури, Монтана, Небраска, Невада, Нью Хампшейр, Нью Мексико, Хойд Дакота, Оклахома, Орегон, Роуд Арал, Өмнөд Каролайна, Өмнөд Дакота, Техас, Юта, Виржиниа, Вашингтон муж улс, Баруун Вирижиниа, Висконсин болон Вайоминг зэрэг муж улсад нэгдсэн хуульчдын холбоо буюу шүүгч, прокурор, хуульчид нэгдсэн холбоотой байна.

Ингэж нэгдсэн нэг байгууллагад орсноороо шүүх, прокурорыг төрийн бус байгууллагын дээвэр дор аваачаад “дэглэм” үүсгэсэн юм байхгүй. Монгол Улсад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль (2012), Прокурорын тухай хууль (2017) болон эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчлээд явж байна. Ямарваа нэгэн төрийн бус байгууллагад шүүх, прокурорын дээр гарч дэглэм үүсгэх хуулиар хориотой бөгөөд боломжгүйг сайд сайн мэдэж байгаа. Түүнчлэн жилд олон зуун мянган хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх, прокурорын бүх шатны байгууллагууд, олон зуун шүүгч, прокуроруудыг төрийн бус байгууллагын тогтоосон “дэглэмд” автсан мэтээр гүтгэснээрээ сайд хууль хамгаалах салбарт олон жил, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй хуульчдыг доромжлон гутаасан үйлдэл гаргалаа.

Хуульчдын холбоо бол үндсэндээ хуульчдын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зарчмаар байгуулагдсан байгууллага юм. Хуульчдын эрх ашгийг хамгаалахаас гадна мөн хариуцлага, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх зорилготой. Хуульчдын холбооны ногдсон чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх мэдэл Ерөнхийлөгч, Тамгын газар, Зөвлөл, Чиг үүргийн болон сайн дурын хороодод маш сайн хуваарилагдаж, хяналт тэнцэл хангагдсан тул аль нэг этгээд Хуульчдын холбоог удирдан чиглүүлэх, нөлөлөх боломж байхгүй.

Тиймээс ч 2017 онд шүүгчдийн цалинг бууруулах асуудал яригдахад Хуульчдын холбоо, түүний тэр үеийн ерөнхийлөгч Б.Гүнбилэг маш идэвхитэйгээр шүүгчдийн өмнөөс шуурхайн дуу хоолой нь болж, Засгийн газар, хууль тогтоогчидтой ажиллаж асуудлыг шийдсэн. Тэр үед шүүгчид өөрсдөө буюу Дээд шүүх асуудал гаргаж тавих нь хуулиараа зохисгүй байсан, одоо ч зохисгүй байх болно.

Сайд Ц. Нямдорж: Хүн тамлаад үзэшгүй муухайгаар ертөнцийг шившиг болгож байхад энэ холбоо дуугарсан уу, үгүй. (Худал.)

Хуульчдын холбоо дуу гаргах, тайлбарлах хууль зүйн үндэслэлгүйг дээр тайлбарласан.

Сайд Ц. Нямдорж: Харин ч өмгөөлөөд явж байгаа. (Худал).

Хэргийн оролцогчдод процессын хуулиар өмгөөлөгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Ингэснээр хэрэгтнийг Хуульчдын холбоо өмгөөлсөн гэж буруутгаж байгаа бол угаасаа өмгөөлөх үйлчилгээ, өмгөөлөгчдийг хуулиар хорих хэрэгтэй болно. Тэгвэл энэ нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Тэгэхээр хуульч, өмгөөлөгчид Үндсэн хуулийн дагуу үүргээ гүйцэтгэснийг Хууль зүй дотоод хэргийн сайдын зүгээс Хуульчдын холбоо хэрэгтэн ялтныг өмгөөлсөн гэж харж байгаа нь эмгэнэлтэй хэрэг юм.

Сайд Ц. Нямдорж: Намайг ХЗДХ-ийн сайдаас 2012 онд буухад 2500 өмгөөлөгч байсан. Одоо толгойтой бүр нь өмгөөлөгч болж, 5000 өмгөөлөгчтэй болсон. (Худал).

Хуульчийн эрх зүйн тухай хууль батлагдах үе 2012 он буюу хүчин төгөлдөр болж үйлчлэх 2013 онд нийт өмгөөлөгчдийн тоо 1400 гаруй байсан. Харин түүнээс хойш хуульчийн шалгалтад сүүлийн 6 жилд дунджаар 1200 гаруй эрх зүйч шалгалт өгснөөс жилд дунджаар 200 гаруй эрх зүйч тэнцэж өмгөөлөгчийн эрх авснаар зөвхөн өмгөөлөгчийн эрх бүхий хуульчдын тоо 2019 онд нийтдээ 2298 болсон. Энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын дотоодын зөвлөхүүдийг хуульчдын холбоонд бүртгэснээр мөн 2500 гаруй “бусад хуульч” бүртгэгдсэн ба 510 шүүгч, мөн 527 прокурор,  нийлээд өнөөдөр Хуульчдын холбоо 5891 хуульчийг нэгтгээд байна.

Сайд Ц. Нямдорж: Хэрэг бүртгэгчид, мөрдөгчид бүгд өмгөөлөгч болсон. Ингэж л мэргэжлийн байгууллага үгүй болсон. (Худал).

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Шалгалтын комисс нь хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд өргөдөлд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган үзэж баталгаажуулна” гэж заасан.

Өнөөгийн байдлаар Дээд шүүх, Хуульчдын холбоонд хэрэг бүртгэгчид, мөрдөгчид бүгдийг өмгөөлөгчөөр бүртгэсэн бүртгэл байхгүй байна. Ийм алба хашдаг хүн бүртгүүлсэн байвал шууд Дээд шүүхэд мэдэгдэн бүртгэлээс хасуулах төдийгүй Мэргэжлийн хариуцлагын хороонд өгч тухайн хуульчийн зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл сахилгын шийтгэл ногдуулуулах боломжтой. Одоогоор албан байдлаар ийм санал, хүсэлт гараагүй байна.

Нямдорж сайд таныг хуульч, өмгөөлөгч, шүүгч, прокурорууд бүгд хүндэтгэж ирсэн.  Шударга бус үйлдэл, хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх явдалтай олон жил эвлэрэлгүй тэмцэж, үгээ хэлж, дуу хоолойгоо сонсгож явж ирснийг бид үнэлдэг. Гэвч та сүүлийн үед биеэ хэт тоож, үндэслэл баримтгүйгээр бусдыг гүтгэн загнах явдал хэрээс хэтэрлээ. Би танаас дүү нь үнэн. Гэхдээ би хууль хамгаалах салбарт ажиллаж эхлээд 40 жил туршлага хуримтлуулжээ. Залуу хуульчид таны нас, туршлагыг хүндэтгээд, хэдийгээр таны үндэслэлгүй тайлбар, буруу дүгнэлт хийж байгааг мэдэж байгаа ч төдийлөн шүүмжилж чадахгүй байна.

Гэвч би таны сүүлийн үед гаргаж байгаа араншин, хандлага, дураар аашлах, хуулийг үл тоомсорлох явдлыг тэвчишгүй нь. Үнэн үг хэлсэн хүнд ноён өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг. Мэдээж  миний сийрүүлсэн энэ хэдэн үг таны ой тойнд хүрэхгүй, та ойлгохыг ч хүсэхгүй, харин ч надаас өө эрж, бурууг хайх биз. Гэхдээ таныг загначих хүн бас Монголын хуульчид дунд байдаг юм шүү гэдгийг мэдүүлэх гэсэн юм.

Хүндэтгэсэн

Бүдрагчаагийн Баяр

Хуульч, өмгөөлөгч

 

Өмнөд Солонгосын засгийн газар хууль бус цагаачдад тус улсаас гарч явах хугацаа өгчээ

$
0
0

Өмнөд Солонгосын хууль зүйн яам тус улсад оршин сууж байгаа хууль бус цагаачдад ирэх оны зургаадугаар сарыг дуустал хугацаанд сайн дураар гарч явах боломж олгож байгааг Мягмар гарагт зарлажээ. Хэрвээ энэ хугацаанд сайн дураар Өмнөд Солонгосоос гарч явбал дараа нь тус улсад буцаж ирэх боломж олгохоо амласан байна.

Үүнээс гадна сүүлийн үед хууль бус цагаачдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тэднийг ажилд авсан этгээдэд оноох шийтгэлийг чангатгажээ. Өршөөлийн хугацаа дууссаны дараа буюу долдугаар сараас хойш Өмнөд Солонгост хууль бусаар амьдарч байгаад баригдвал торгохоос гадна дахин тус улсад ирэх боломжийг нь олон жилийн хугацаанд хориглохоор болсон байна. Эрүүл мэндийн шалтгаанаар, тухайлбал хүүхэд төрүүлсэн, жирэмсэн зэрэг онцгой тохиолдолд заасан хугацаанаас хэтэрч явсан визгүй гадаадын иргэдэд өршөөл үзүүлэхээр болжээ.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: Korea Times

 

Viewing all 19884 articles
Browse latest View live