Хайртынхаа гарыг атган, романтик дурлалын ертөнцөөр аялахыг хүсвэл та RedHero 3D vip cinema-г зориорой
ӨНӨӨДӨР ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ Р.ЧОЙНОМЫН 80, О.ДАШБАЛБАРЫН 60 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Р.Чойном
ЗАЛУУ НАС
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину !
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.
Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэл хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.
Даанч чи минь удсангүй…
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ-залуу нас минь !
Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Додоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа
Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь,
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь
Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.
Аавын хүүгий, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.
Үзсэнээ мартаж, дулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.
Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.
Бусдын лангуунд энэхүү шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.
Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.
Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ.
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг өгч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ !
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину ! Баяртай !
О.ДАШБАЛБАР
ТЭНГЭР ШИГ БАЙ
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
3818 бөхөн мялзан өвчнөөр хорогдоод байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ сарын эхээр Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Дарви, Ховд аймгийн Дарви, Чандмань сумын Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд бөхөн мялзангаар өвчилж олноор хорогдож байгаатай танилцсан байна.
Өнөөдрийн байдлаар 3818 бөхөн, 24 хар сүүлт хорогдоод байгаа бөгөөд Ажлын хэсгийнхэн аймаг, сумын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийн, хяналтын болон бөхөн устгалын явцыг дүгнэж, үүрэг чиглэл, зөвлөмж өгчээ.
Тухайлбал Шаргын говийн хяналтын пост хоорондын зайг ойртуулах, нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, гуравдугаар сарын 01 хүртэл малын гоц халдварт өвчин гарсан үеийн хорио цээрийн дэглэмийн дагуу ажиллах, Шаргын болон Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд нутаглаж байгаа, хаваржих малчин өрх, малын тоо, байршлын судалгааг яаралтай гаргах болжээ.
Бөхөнгийн дархлаа суларсан учир ирэх хавраас цусан халдвараар өвчлөх магадлал өндөр байна. Иймээс олон улсын шинжээч болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж эхэлжээ.
Цаашид Шаргын говийн бөхөнгийн тандалт судалгааг яаралтай хийж, эрүүл бүс эсэхийг тогтоон байнгын тандалт хийхээр боллоо. Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын 12 өрхийн 8000 малд вакцин хийж дуусган, Бигэр, Эрдэнэ, Чандмань сумын малыг вакцинжуулах юм.
Ховд аймгийн Дөргөнө сумын Агушийн арал дээр 22, Хомын талд 44, Манхан сумын Адгийн худаг, Дугуйн ам, Талын хар нутагт байгаа 100 гаруй эрүүл бөхөнг хамгаалж тусгаарлах, голомтын бүс рүү нэвтрүүлэхгүй байхыг зорьж байгаагийн зэрэгцээ бөхөн хамгаалах чиглэлээр малчдад ухуулга, таниулга хийж байна.
Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган болно
Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулганыг 2017 оны 2-р сарын 15-ны өдөр МҮХАҮТанхимд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулахаар боллоо.
ЭМД-ын мөнгөө фитнесст ашигламаар байна
Ажил хийж, орлого олж байгаа бүхэн татвар төлөх ёстой, уг нь. Тэр дундаа нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал төлж байх ёстой юм. Нэг ёсондоо албан журмын даатгал л даа. Ямар нэг байгууллагад ажиллаж л байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлж, ирээдүйд тэтгэвэр авах нөөцөө залуудаа бүрдүүлэх хэрэгтэй.
Ажил хийгээгүй байсан ч цалингийн доод хэмжээгээр ч болов хувиар төлж байвал хэрэгтэй шүү дээ. Насны эцэст хэрэгтэй. Гэвч манай улсад энэ систем тийм ч нарийн бүрэлдэж, тогтоогүй л байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид гээд олон хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө маруухан байгаа. Зарим нь бүр огт төлдөггүй.
Тэгвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэл бол ажил хийсэн ч, хийгээгүй ч ямар нэг аргаар заавал төлж байгаа. Тэгж байж өвдөж хавдахын цагт эмнэлэгт үзүүлэх эрхтэй болно шүү дээ. Гэтэл 10 жил эрүүл мэндийн даатгалын шимтгэл өөрийнхөө халааснаас мөнгө гаргаж төлчихөөд, түүнийгээ нэг ч удаа ашиглаагүй хүмүүс зөндөө байна.
Жил нь гол биш л дээ, зүгээр л энэ тоогоор жишээ авсан юм. 2, 3, цаашлаад 5, 6, түүнээс ч олон жил эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлчихөөд, эмнэлгийн тусламж үйлчилгээ огт аваагүй хүмүүс зөндөө л байна. Уг нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн иргэн бүр сардаа 55 мянган төгрөгөөр үзлэг, оношилгоо, шинжилгээ өгөх эрхтэй байдаг.
Ер нь бол эмнэлэгтэй холбоотой зүйлд л ашиглах эрхтэй байгаа юм. Гэвч энэ эрхээ ашиглалгүй олон жил явж байгаа хүмүүс байна. Өвдлөө гэхэд хувийн эмнэлэгт хэвтчихдэг. Эсвэл эмнэлэгт хэвтэхээр хэмжээнд өвчин тусаагүй байж болно шүү дээ. Гэтэл тэд нэг жил сарын 55 мянган төгрөг ашиглах эрхээ эдлэхгүй байлаа гэж бодоход 660 мянган төгрөг хуримтлагдаж байна. Тиймээс энэ мөнгөө эмнэлэгт хэвтэх, үзүүлэх, оношлуулах, шинжилгээ өгөхөд ашиглаагүй хүмүүс нь арай өөр маягаар хэрэглэж байвал яасан юм бэ.
Тухайлбал, фитнесст явахад ашиглая л даа. Дунд зэргийн, аятайхан тохижилттой фитнесс клубийн сарын төлбөр 100 мянга байгаа. Бүр 150, цаашлаад 300 хүртэл мянган төгрөгөөр нэг сар явуулдаг фитнесс ч байна л даа. Гэхдээ иргэд өөрсдийнхөө орлогод тааруулаад, сонгоод л явчихна. Гол нь төрөөс жилдээ ашиглаагүй 660 мянган төгрөгөө авчихдаг л байх хэрэгтэй байна. Тэгэхдээ зөвхөн фитнесст явах л зарчмаар шүү дээ. Эрүүл мэндийн яам нь аятайхан фитнесстэй гэрээ байгуулаад, тийшээ мөнгөө өгөөд ажиллаж болно.
Эмнэлэгт хэвтээгүй, мөнгөө ашиглаагүй хүмүүс нь жилийн эцсээр фитнесст явахад түүнийг зарцуулна л гэсэн үг. Иймэрхүү систем нэвтрүүлмээр байна. Түүнээс биш эмнэлэгт хэвт, оношлуул, шинжлүүл гээд хэдхэн төгрөг тавиад өгчихдөг. Тийм шаардлагагүй хүмүүс нь болохоор 55 мянгаараа хохироод л үлдээд байх хэрэг үү. Түүний оронд фитнесст явдаг бол аятай юу. Тэртэй тэргүй хотжилт явагдаад, хүмүүсийн хөдөлгөөн багасч, таргалалт ч ихэсч байна.
Хүн биеийн жингээ хэвийн барина гэдэг эрүүл байхын нэг үндэс. Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг биз дээ. Тэгвэл эрүүл байх нэг үндэс болсон идэвхтэй хөдөлгөөн хүн бүрт хэрэгтэй байна. Үүндээ л эрүүл мэндийн даатгалд төлж байгаа мөнгөө ашиглая гэсэн хэрэг.
Хүмүүс идэвхтэй хөдөлгөөнтэй байж, өвдөж хавдах нь бага байвал эмнэлгийн ачаалал ч бас буурна биз дээ. Тийм болохоор төр засгийнхан энэ тал дээр анхаарч, журам энэ тэр гаргана байгаа. Мөнгөө төл, сардаа тэдэн төгрөгөөр эмнэлэгт үзүүл гэдэг. Үзүүлэхгүй бол өөр зүйлд зарцуулчихдаг байж болохгүй биз дээ. Иргэн хүний мөнгийг "идэж” байгаагаас ялгаа юу байна, энэ чинь.
Монголын мэдээ
Хайртынхаа гарыг атган, романтик дурлалын ертөнцөөр аялахыг хүсвэл та RedHero 3D vip cinema-г зориорой

Үгсэн нийлж, үнээ нэмсэн импортлогчид Ажлын хэсгийн үгэнд орох уу?
Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байгаа. Иргэд аж ахуйн нэгжүүд шатахууны үнийн өсөлтөд таагүй хандаж буй. Шатахууны үнийн өсөлтийг дагаад бусад бараа үйлчилгээний үнэд өөрчлөлт ордог тул арга ч үгүй биз. Түүнчлэн зарим компаниудын зүгээс шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж гаргасан шаардлагадаа:
-Шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах
-Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/
-Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй байна гэсэн байгаа юм.
Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлвэрийн яамнаас мэдэгдэхдээ шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа гэж байсан. Тэгвэл ажлын хэсгийн зүгээс "Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн. Тиймээс шатахууны үнээ буцааж буулга” гэсэн үүрэг өгсөн гэх мэдээлэл байна.
Сануулахад, шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээлэл өгөхдөө "Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн. (Brent маркийн тосны үнэ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 46.38 ам.доллар/баррельбайснаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 56.92 ам.доллар/баррель болж, 10.54 ам.доллар/баррель буюу 22.7 хувиар өссөн.)
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс хамааран 2017 оны 01 дүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны 12 дугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллар/тонн-оор өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн гуравдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж,холбогдох "Зөвлөмж”-ийг Засгийн газарт хүргүүлсэн.
Үүний үр дүнд Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан.
Гэвч 2017 оны 02 дугаар сарын шатахууны импортын үнэ 01 дүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллар/тонн-оор өсөөд байна.
Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байна.
Иймд шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байна.” гэж байсан.
Тэгвэл ажлын хэсгийн зүгээс шатахууны үнийг буцааж буулгах ёстой гэж шийдвэрлэжээ. Харин үгсэн нийлж үнээ нэмсэн импортлогчид үгэнд нь орох эсэхийг харах хэрэгтэй болж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сайтуудын Нэгдсэн Холбооны гишүүд “Батламж”-аа гардаж авлаа
Энэ 2 дугаар сард Монголын цахим сэтгүүлзүйд нэгэн том айл өрхөө татаж үүдээ нээсэн нь Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо юм. Энэхүү холбоог Монголын сайтын холбооны анхны үүсгэн байгуулагчид болон тус холбооны гишүүнчлэлээс албан ёсоор татгалзсан бусад нэр бүхий сайтууд, АСК-Мэдээллийн сайтуудын клуб, ямар нэг холбоонд гишүүнчлэлгүй сайтууд нэгдэж байгуулсан билээ.














"гэнэтийн бэлэг"барьсан шатахуун импортлогчид үнээ бууруулах уу?
Үгсэн нийлж, үнээ нэмсэн шатахуун импортлогч компаниудад хариуцлага тооцох хэрэгтэй
Монгол улс дээр дооргүй эдийн засгийн хямралтай нүүр тулж, гарах гарцыг хайсаар байгаа. Эрх баригчид улс оронд тулгараад байгаа олон асуудлыг шийдэх гэж хэрэндээ л ажиллаж байх шиг . Эдийн засгийн хямрал, гадаад өр гээд л асуудал тундахгүй байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр хямрал, хүндэрлийн хажуугаар шатахуун импортлогчид бензиныхээ үнийг суга нэмж дарамт үүсгэж эхэллээ.
Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байна.
Уг нь Засгийн газар саяхан л автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулсан.
Нэг хэсэг дэлхийн зах зээл нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан. Тэгвэл сүүлийн үед буцаад бага сага өсөөд байгаа. Нөгөө талаар төгрөг цаас болж, ам.долларын ханш хэтэрхий их өссөн.
Энэ шалтгаан нь шатахуун импортлогчдод бензиныхээ үнийг нэмэх сайхан шалтаг болж өгсөн бололтой. Тиймээс ч Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх үүднээс автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг дахин бууруулсан. Тухайлбал, автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс 50 мянга болгож,/ 90-ээс дээш октантайг 160 мянган төгрөгөөс 30 мянга/, дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянга болгон бууруулж тогтоосон. Үндсэндээ татварыг 3-5 дахин бууруулж байгаа юм.
Гэтэл эргээд үнээ өсгөөд эхэллээ. Иргэд аж ахуйн нэгжүүд шатахууны үнийн өсөлтөд таагүй хандаж буй. Шатахууны үнийн өсөлтийг дагаад бусад бараа үйлчилгээний үнэд өөрчлөлт ордог тул арга ч үгүй биз. Тэрчлэн зарим компаниудын зүгээс шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн шаардлага гаргасан байдаг. Тэд шаардлагдаа:
-Шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах
-Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/
-Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй байна гэсэн байгаа юм.
Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлвэрийн яамнаас мэдэгдэхдээ шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа гэж байсан.
Тэгвэл ажлын хэсгийн зүгээс шатахууны үнийг буцааж буулгах ёстой гэж шийдвэрлэжээ. Харин үгсэн нийлж үнээ уралдаж нэмж байгаа шатахуун импортлогчдыг буулгах эсэхийг харах үлдэж байна.
Энэ удаагийн үнийн өсөлтийг гэнэтийн байсан гэж хэлж болно. Ямартай ч гэнэтийн үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэ ханшид сайнаар нөлөөлөхгүй нь лавтай. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд эдийн засаг хүнд байгаа энэ үед нэмэр болохоо байг гэхэд ядаж нэрмээс болохгүй байж болсонгүй юу.
Эх сурвалж: Fact.mn
С.Эрдэнэ: Ардчилсан намын шинэчлэлийн анхны алхам амжилттай болж байна
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна
1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй. Ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж явсан олон журмын нөхөд маань өнөөдөр алга. Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна. Монголын ардчиллыг авч явах хариуцлага, шалгуур ирээд байна. Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хариуцлага дээр ирчихээд байна. Өнөөдрийн эрх баригч хүчин монголчуудын хүсэн хүлээж байгаа ардчилал, хүний эрх чөлөө, улс орны хөгжлийг авч явах бодлого байхгүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа. Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улстөрийн хүчин. Цаашид ч түүчээлэх үүрэг Ардчилсан намд хэвээр байгаа юм байна гэдгийг харж байна. Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг биелүүлж, ажиллана. Ахмад, залуу, дунд гурван үеийн төлөөллийн хэлхээсийг хангаж, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах болно. Ардчилсан нам шинэчлэгдэхийн хэрээр Монгол улс хөгжинө. Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг Ардчилсан нам авчирч чадна. Бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа. Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ ын сонгуульд ялах болно. Би Ардчилсан намын 180 мянган гишүүндээ итгэж байна, би Монголын ард түмэнд итгэж байна.
С.Эрдэнэ:Ардчилсан намын шинэчлэлийн анхны алхам амжилттай болж байна
-Намын даргын хийх эхний ажил юу байх вэ?
-Ардчилсан намыг нэг цул болгохын төлөө ажиллана. Нам фракц, бүлэглэлд хуваагдсан, хэрүүл талцалтай, хуваагдсан байдлаас салж, улс орны тэргүүлэгч хүчин болгохын төлөө ажиллана.
-Намын дүрмийн төсөлд ямар өөрчлөлтүүд орж байна вэ?
-Ардчилсан намын шинэчлэлийн анхны алхам амжилттай болж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын дүрмийн өөрчлөлт батлах ёстой. Ингэснээр намын анхан дунд, шатны намын үүрийн дарга нар өөрчлөгдөж эхэлнэ. ҮЗХ отгон хуралдаанаа хийж, их хурлаар хэлэлцэх асуудлаа батлаад албан ёсоор тарсан. ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо нэртэйгээр өөрчилж, 380 төлөөлөгч бүхий бодлогын том хороо байгуулагдана. 338 үүрийн дарга нар, аймаг, хороодын тэргүүлэгчид шинэчлэгдэхээс гадна аймаг, дүүргийн намын дарга нарыг шинээр томилох зэрэг намын шинэчлэлийн хоёр дахь том ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түүнээс гадна АН-ын дараагийн их хурлаар Үндсэн дүрмийг эцэслэн батална. Энэ хугацаанд Үндсэн дүрэмд хийх зохицуулалт, Үндсэн дүрмийг хийх ажлын хэсэг байгуулж, хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцүүлэх шаардлагатай байгаа.
-Намын ерөнхий нарийн бичгийн даргыг хэзээ тодруулах вэ?
-Өнөөдөр үдээс хойш дүрэм батлагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг ярилцана. Дүрэм батлагдсаны дараа намын дарга санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг VII их хурлын төлөөлөгчид сонгоно.
-Намын даргыг сунгаагаар тодруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах уу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу намаас нэр дэвшигчийг тавдугаар сарын 1-ээс 7-ны хороонд тодруулах ёстой. Бид энэ хугацаанд бүх гишүүдээс санал авах замаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. Бүх гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр хүнийг намын VIII их хурлаар нууц санал хураалтаар тодруулна. Өөрөөр хэлбэл, хоёр үе шаттайгаар нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: http://news.amjilt.com
Хайртынхаа гарыг атган, романтик дурлалын ертөнцөөр аялахыг хүсвэл та RedHero 3D vip cinema-г зориорой
Алдарт эхийн одонгийн материалыг энэ 7 хоногийг дуустал авна
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг хүлээн авч байна.
Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм байна. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлэх аж.
Үүнд:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/
2. Алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет
3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
5. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад энэ сарын 17-ныг хүртэл хорооныхоо нийгмийн ажилтанд бүрдүүлж өгөх юм байна.
UFC-н тулаанч эр эмэгтэй хүний харшилтай юу
Ж.Гончигсүрэн: Би тахиаг өндөгтэй нь зурчихсан, ээлтэй, өгөөжтэй жил гарна
"Амьдралын тойрог” буландаа Монгол зурхайн "Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн, хамба лам Ж.Гончигсүрэн гуайг урилаа. Монгол зурхай, зурхайн ухааныг шинжлэх ухаанчаар хөгжүүлж яваа цөөхөн хүний нэг нь манай зочин юм. Цөөхөн ч гэж, ер нь бол Д.Тэрбиш, Ж.Гончигсүрэн гуай хоёрыг л зурхайн ухааныг ном ёсоор нь авч яваа гэж бурхны шашныхан хэлдэг юм билээ.
Бид зочинтойгоо уулзахаар цаг товлон өнгөрсөн пүрэв гаригт Гэсэр сүмийн хойдох өндөрлөг дэнж дээрх "Түвдэнпэлжээлин” хийдийг зорьсон юм. Сар шинэ дөхсөнийг ч хэлэх үү, хийдэд хөл хөдөлгөөн ихэсчээ.
Нэг давхрын дуганд лам нар ном хурж, сүсэгтэн олон бужигнана. Ж.Гончигсүрэн хамба хийдийнхээ хоёрдугаар давхарт тухалж, зурхайн номоо эргүүлж сууна. Мэнд мэдэлцэж, хэрэг зоригоо учирлан цай унд болсны дараа бидэнд ирэх жилийн цаг улирлын бичгийг бэлэг болгон барив. Тэгээд "Миний ярих юм наана чинь л голдуу бий дээ” гээд тухлав.
Өдийд жирийн олон ч, үзмэрч зурхайчид ч өнгөрч буй жил ямар байсан, ирж буй тахиа жил ямар байх тухай заавал харьцуулан харж, хэлэлцэж байдаг. Муу нүүрт хэмээх бичин жилд хур бороо нь цагтаа буусан, өвс ногоо дэлгэрсэн сайхан жил байсныг Ж.Гончигсүрэн гуай тэмдэглэв. Тэгээд "Сайн, муу жил болох нь хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалдаг.
-Тухайлбал, хувь хүн аливаа зүйлдээ хянамгай, анхааралтай байх ёстой. Бие, хэл, сэтгэлээрээ хийсэн бүхнээ хянаж, учир шалтгаан шүтэн барилдлагыг олбол сайхан үр дэлгэрдэг. Эсрэгээр нь муу юм ярих тусам буян барагдана” гэж айлдаж байна.
Монгол түмэн хэдхэн хоногийн дараа XVII жарны гал тахиа жилийг угтана.
Мөн энэ нь "Яг ийм муу, сайн үйл болно гэсэн баттай зүйл биш, анхааруулга юм шүү” гэдгийг давхар сануулав. Жил болгон өөрийн гэсэн онцлог нэршилтэй байдаг. Ирж буй гал тахиа жил гэхэд л "Алтан унжлагат” хэмээх гоёхон хийгээд сүрлэг нэртэй. Нэрийн учрыг лавлахад "60 жил өөрийн гэсэн ёгт нэртэй.
Энэ жил алтан унжлагат гэсэн сайхан нэр тохиож байна. Муу жил биш. Үр хөврөл сайтай.Тиймээс бэлгэдлийг бодож цаг улирлын бичигтээ би өндөг зурчихсан байгаа биз /инээв/. Алтан гахай жил гарахад хүн бүр бэлгэшээж, үр сад олонтой болсон. Энэ жил ч мөн адил, үр хүүхэдтэй болоход ээлтэй жил” гэлээ.
Харин нийгэм, улс орны амьдрал, ялангуяа улс төр энэ жил хэрхэхийг сонирхоход "Аль ч зүйл эзнээсээ л шалтгаалдаг. Ямар гариг, од эрхэс эрхшээж байгаагаас шалтгаалдаг. Гэрийн
эзэн ямар байхаас тэр айлын өөдтэй өнгөтэй байх нь хамаарна гэсэн үг.
Үүнтэй л адил төр, засгийн удирдагчаас улс орон хамаарна” хэмээн
хариуллаа.
Тэрбээр
Cap шинийн утга учир, уламжлалын тухайд "Гол утга нь монголчуудын нас
нэмсний баяр юм шүү дээ. Хоёрдугаарт, ах дүүсийн баяр. Хэн нь хэдэн нас
хүрч, ам бүл нэмэгдэж байгааг энэ өдрөөр хамгийн ахмад настныдаа цуглаж
мэдэцгээдэг. Түүнчлэн уламжлалт зан заншлаа сургах ач холбогдолтой юм. Идээгээ яаж засах, ууцаа яаж тавих, цайгаа яаж чанах вэ гэсэн уламжлалт зан заншлыг суулгаж өгдөг баяр” хэмээн өгүүлэв.
ДААГА СУРГАЖ БЭЛГЭНД НЬ ДААГА АВДАГ ЖААЛ
Ж.Гончигсүрэн гуай Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Завхан аймаг Монгол орны хамгийн олон хутагт, хувилгаадын өлгий нутаг. Тэр ч үүднээс Ж.Гончигсүрэн хамбын удамд олон нэртэй лам нар байжээ. Аав, ээж нь ч бага залуудаа нутгийнхаа алдарт Яруугийн хийдэд шавилан сууж шашны боловсрол эзэмшсэн гэнэ. Гэсэн ч цаг үеийнхээ байдлаас улбаалж аав Жамъяншарав нь хийдээ орхин малчин болжээ. Тэднийх ам бүл арвуул. Ж.Гончигсүрэн хамба дөрвөн дүүтэй.
Гэр бүлээрээ нэгдлийн мал маллаж, 1965 онд "Энх сүрэгтэн” болж халзтай гэрээр шагнуулж байж. "Аав, ээж минь ажилсаг хүмүүс байлаа. 500 гаруй бог мал маллаж нэгдлийн даалгаврыг ягштал сайн биелүүлэхийн зэрэгцээ, найман хүүхдээ өсгөх амаргүй. Манайх 13 холбоо хонио өдөрт хоёр удаа саана. Би дүү нартайгаа даага сургана. Тэр үед 30 даага сургавал хариуд нь нэг даага авдаг байсан юм. Бэлэг болгож авсан даагаа өсгөж томруулан малаа малладаг байсан.
Хөдөөний хүүхэд ямар орчинд яаж өсдөг вэ тэр л маягаар өссөн дөө. Цагаан cap болох бүрт ээжийгээ дурсдаг юм. Шинэ сарыг шинэ хувцастай угтана гээд бидний найман ах дүүд жил бүр шинэ дээл хийж өгдөг байж билээ. Тэр үед хөх, ногоон даалимбуу л байсан. Өдөр, шөнөгүй л үйл хатгаж оёж суудаг байлаа” хэмээн тэрбээр хүүхэд насаа дурсав.
ГЕОЛОГИЧООС ЗУРХАЙЧ БОЛСОН ТҮҮХ
Ж.Гончигсүрэн гуай анхны мэргэжил геологич юм байна. Тэрбээр 1972 нд Дархан-Уул аймгийн Политехникийн коллежид элсэн суралцах хуваарь авч нутгаасаа гарчээ. Сургуулиа дүүргээд тухайн үеийн геологийн яамны хуваариар гурван жил гаруй Олон улсын геологийн багт ажилласан байна.
Ирээдүйн ажил, амьдралаа ч геологиор төсөөлдөг байж. Ингээд мэргэжил дээшлүүлж Москвагийн Ломоносовын их сургуульд суралцахаар жил гаруй бэлтгэжээ. Гэвч нэг хичээл дээрээ унаж орхисноос Ломоносовын их сургууль мөрөөдөл болжээ. Багагүй хугацаа зарцуулсан бэлтгэл нь бүтэлгүйтсэн хархүү элдэв зүйл бодож, бүр цэрэгт явахаар хүртэл шийдэж. Xарин Геологийн яамны зүгээс ажлаа үргэлжлүүл гэжээ.
1979 оны хавар түүний хувьд олон ажил, шийдвэр давхацсан үе болж. Ардчиллын Д.Баасан лам Ж.Гончигсүрэн гуайн ойрын хамаатны хүн юм санж. Тэрбээр "Шашны дээд сургууль энэ жил элсэлт авах юм гэнэ лээ” гэж дуулгаснаар бурхан номын үйлд зүтгэх эхлэл тавигджээ. Гэхдээ Шашны дээд сургуульд тийм ч амар суралцсангүй.
Шашны сургуульд тэнцсэн хэдий ч Олон улсын багт ажиллаж буй геологичийг "Улсын ажил цалгардууллаа” хэмээн салбарын яамнаас буруушааж, тухайн үеийн Шашны хэрэг эрхлэх газар руу бичиг цаас шидээд болиулчихаж. Наагуур, цаагуур явж, удаан хөөцөлдсөний эцэст хичээл эхлээд нэг cap болсны дараа Шашны дээд сургуульдаа орж чаджээ.
Тэр тухайгаа "Хичээл эхлээд нэг cap болсны дараа Д.Нацагдоржтойгоо /хамба/ айлын дөрвөн ханатай гэр барьж суугаад нөгөө хэдээ гүйцэж авсан. Бид хоёр Гандангийн тогооч Балдан гэдэг айлын дэргэд буусан юм. Их ч тус хүргэсэн дээ, бидэнд. Бид хоёрыг ном уншихаар хүмүүс их гайхдаг байсан гэдэг.
Хичээлээ гүйцэхийн тулд шөнө номоо уншина. Би 22:00 цагт унтаад 4:00 цагт сэрээд номоо уншина. Д.Нацагдорж дөрвөн цаг хүртэл уншина. Сайн багш нарын ачаар сургуулиа төгссөн. Д.Нацагдорж маань эмийн чиглэл хөөгөөд явсан. Би бодож, бодож багшийнхаа үйлийг залгуулъя гээд зурхайч болохоор шийдсэн.
Монгол зурхайн уламжлалт ухааныг судалсан үед байсан хэдхэн хөгшин үлдсэн дээ. Багш, шавийн барилдлага тасрахад ойрхон байсан. Ганданд гэхэд л миний ганц багш, Булган, Завханд бас ганц ганц хүн л үлдсэн. Тэгээд багшийг дагаж зурхайн ухааныг судалж, өвлөж, цааш дамжуулан үлдээх юмсан, сайн багш нарын сургаалыг таслахгүй авч явах юмсан гэсэн зорилгоор 2008 онд Түвдэнпэлжээлин хийдээ байгуулсан юм” гэв.
Ж.Гончигсүрэн гуай Шашны дээд сургуулийг дүүргээд Гандантэгчинлэн хийдэд 10 гаруй жил суусан хүн. Түүний дараагаар Энэтхэгт Далай багшийн Дүйнхэрийн ванд суралцаж эрдэм мэдлэгээ зузаатгасан эрхэм. Одоо бол монгол зурхай судалсан гарын шавь нартай. Энэтхэгт гэхэд 500 гаруй монгол оюутан суралцдагаас 200 гаруй нь Завхан нутгийн уугуул юм байна. Тиймээс түүний багшаасаа өвлөн, хойч үеийнхэнд дамжуулсан зурхайн ухaаныг залгуулаад явах эрдэм чадалтай хүмүүс баттай гарна нь гэдэгт тэрбээр сэтгэл тэнэгэр байгаагаа хуучилж сууна.
ӨГЛӨГ СЭТГЭЛИЙН, НОМЫН, АЙМШИГГҮЙ ГЭЖ ГУРВАН ЯНЗ БАЙДАГ
Түвдэнпэлжээлин хийдэд бурхны ном, өглөг буян тэр чигээрээ цогцолсон гэж харж болохоор юм. Жил бүрийн цаг улирлын бичгийг эрхлэн гаргахаас гадна сүсэгтэн олонд ном хурж буян үйлдэнэ. Сүсэгтэн олны хувь тооргийн зурхайг ч давхар зурна. Бас тэрбээр монгол зурхайн төв болсон хийдийнхээ үйл ажиллагааг тал бүрт өгөөжтэй, буяны ажлыг хүртээмжтэй, орчин үеийн хүмүүсийн аж амьдралд ойр байлгахад ихэд анхаарсан нь анзаарагдана.
Тухайлбал, хийдийн доод давхарт "Зээ маа” хүүхдийн цэцэрлэг ажилладаг юм байна. 100 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгтээ энэ жилээс үнэ төлбөргүй элсэлт авдаг болжээ. Бас дэргэд нь хүүхдийн болон харшлын эмнэлэг ажилладаг аж. Мөн хийдийн дотор шинэ төрсөн хүүхдийн угаалга, даахь үргээх ёслол үйлддэг "Билэг дэмбэрэл өргөө”-тэй юм билээ. Түвдэнпэлжээлин хийд буян ном хуруулсан хэн бүрийн сэтгэлд нийцэхүйц сайхан тохижилттой юм.
Хийдийн ард бичил цэцэрлэгт хүрээлэн барихаар ажил эхлүүлсэн нь өвлийн улирал учраас түр зогсчээ. Ж.Гончигсүрэн гуай иймэрхүү сүм хийдээс сүсэгтэн олон авч, харж, баясаж болох бүхий л зүйлийг цогцлоохоор хичээж байгаа нь илт.
Хамгийн сайхан сэтгэлийн илэрхийлэл бол өглөг. Өглөг гурван янз байдаг. Сэтгэлийн, номын, аймшиггүй гэж. Бурхан номын үйлд зүтгэж эхэлснээс хойш бусдад өглөг өгөхийг ихэд хичээдэг болсон гэж тэрбээр өгүүлэв. Энэ зүтгэлдээ хүрч олон сайхан бүтээн байгуулалт, үйл хэргийг эхлүүлснийг нь сүсэгтэн олон мэдэх биз ээ. Дээр түүнээс өчүүхэн хэсгийг өгүүлсэн.
Түүнээс гадна зочин маань таван жилийн өмнөөс хаврын дунд сарын шинийн 15-ныг "Өглөгийн өдөр” хэмээн зарлаж буян үйлддэг болжээ. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооноос тус бүр 10 хүн сонгож цомын өглөг болгож "Ганжуур” хурдаг юм байна. Мөн Түвдэнпэлжээлин хийдэд бүтэн жил хураасан сүсэгтэн олны өглөг болох эд таваар, идээ будааг ядарсан хүмүүст өгдөг. Бусдыг ч ингэж уриалдаг юм байна.
Шинийн 6-нд гэхэд дүүргийнхээ жил нь орж буй настнуудад ном хурдаг. Ахмадууд энэ арга хэмжээг нь уламжлал болгон хүлээдэг болжээ. Ер нь жилийн дөрвөн улиралд нийтэд зориулсан буян номын өглөг хийхийг хичээдэг гэж байна. Энэ нь нэг ёсондоо түүний мөрөөдөл нь ч гэж хэлж болохоор юм.
Хоёр жилийн өмнө Түвдийн Балбад газар хөдлөлт болж хүн ардад нь гамшиг тохиолдсоныг манай уншигчид, нийт монголчууд мартаагүй байх. Энэ үеэр Түвдэнпэлжээлин хийдийнхэн гамшигт нэрвэгдсэн хүүхдэд туслах гэж байгаагаа зарлаж, бусдыг уриалж байв. Энэ ажил нь хэр бүтэмжтэй байсныг лавлахад " Балбаас хүүхэд авчрах тийм ч амар ажил биш юм билээ. Хоёр улсын хооронд яригдах асуудал.
Тиймээс Балбад монгол хүүхдэд, ард түмэнд туслах боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохыг хичээж байна, Түүнээс гадна саяхан би Энэтхэгт нэгэн сайхан арга хэмжээнд оролцоод ирлээ. Тэртээ 2001 онд Ерөнхийлөгч Н.Багабандитай хамт айлчлал хийх үеэр Энэтхэгт монгол хийдийн шав тавьж байсан юм.
Харин энэ жил тэр хийд маань ашиглалтад орж, нээлтэд нь оролцоод ирлээ. Бурхны гэгээрсэн газар Монгол Улс өөрийн гэсэн сүм дуганаа барьж ашиглалтад оруулж байгаад баяртай байна. Энэтхэг Монголын харилцаа батжихаас гадна бурхны шашны хөгжил, түүнийг дагаад аялал жуулчлалыг ч хөгжүүлэх боломжтой юм.
Ер нь сүүлийн үед өвгөн надад аливаа улс орны аялал жуулчлал шашин, уламжлалт зан үйл дээр ихээхэн тулгуурлаж байгаа нь ажиглагдаж байна. Манай улсын хувьд ч бурхны шашны сүм хийд, туурин дээрээ тулгуурдан аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Энэ тухай аялал жуулчлалын салбарын сайдад дуулгах санаатай байна” хэмээн тэрбээр онцгойлон дурдав.
Дээр өгүүлснээс өгсүүлээд Ж.Гончигсүрэн хамбын бурхан шашны үйлд оруулсан гавьяа зүтгэл, монгол түмнээ зөв амьдралын дадал хэвшилд сургаж, уламжлалт төв соёлоо дээдлэн үр хойчдоо өвлүүлэх, сурталчлахад оруулсан хувь нэмрийг төр, засгаас үнэлж Алган гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Ж.Гончигсүрэн хамбатай хамт Шашны дээд сургуулийг дүүргэсэн нэг төгсөлтийн, нэг ангийн 14 хүнээс өдгөө олонх нь хамба болсон байна. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэгчээр тэдний хэн нь ч эрдэм чадлаа ил гайхуулан ярьсан нь ер үгүй. Манай нийтлэлийн баатар ч гэсэн "Бид нарын сайных биш, багш нарын минь сайных. Бид Шашны дээдийн дөрөв дэх төгсөлт. Мэдээж хамт олны эв нэгдэл, багш нарынхаа үг сургаалыг дагасны ач.
Манай төгсөлтөөс Соёлын гавьяат зүтгэлтэн гэхэд хоёр хүн төрлөө. Би сая Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ. Алтан гадас одон авсан. Энэ нь бид зөв замаар явж байгаагийн илрэл. Буяны мөр маань зөв байгаагийн илэрхийлэл болов уу гэж” гэж байна.
Өнөө үед шашны олон урсгал нэвтэрч, монголчуудын уламжлалт бурхны шашны нэр, сүр буураад буй. Энэ тухайд Ж.Гончигсүрэн гуайн санаа бодлыг сонирхоход тэрийг энийг шүтэх ёстой, ийм байх учиртай гэж онцгойлж хэлсэнгүй. Хэрэв тэгэх юм бол бусдад тулгасан болчихно.
Шашин шүтэх нь хүний эрхийн, тухайн хүний итгэл бишрэлийн асуудал. Тиймээс "XXI зууны сүсэгтэн бол шинжлэх ухаантай ямар шашин дүйцэж байгааг харах ёстой гэж Далай багш айлдсан байдаг юм. Жаргалыг эрэлхийлдэг нь бүх шашинд бий. Гагцхүү хүн судлал, шинжлэх ухаан, астрономи, байгаль дэлхийтэйгээ тэрхүү сургаал номлол нь хэрхэн дүйж байгаа мөн чанарыг нь л олж шүтээрэй” хэмээн айлдав. Өөрөөр хэлбэл, түүний үг харьцуулж судлаарай, үүний дараа өөрийн тань итгэл бишрэл заагаад өгнө гэж ойлгогдож байна.
"Амьдралын тойрог” маань энэ хүрээд өндөрлөв. Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн тэргүүн, хамба лам Ж.Гончигсүрэн сүсэгтэн олон, монголчууддаа хандаж "XVII жарны алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ монгол түмэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан орох болтугай” хэмээн ерөөл дэвшүүлснийг уламжилъя. Түүний зурснаар алтан унжлагат гал тахиа жил аз жаргал, баяр хөөр, сайн сайхнаар өндөглөсөн өгөөжтэй жил байх болтугай.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна
Сар шинийн баярын аюулгүй байдлыг хангаж нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг өчигдрөөс эхлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Шалгалтаар Сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын ажилтан, иргэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Онон мөрний соёл хүн төрөлхтний өв
ЭХЛЭЛ. ОНОН МӨРӨН МОНГОЛЫН ТҮҮХИЙН АРТЕРИЙН СУДАС БОЛОХЫГ УЧИРЛАХ ИНҮ
Хүн төрөлхтний их түүх гол мөрний хөндийг даган үүсч хөгжсөн түүхтэй ажаам. Соёл иргэншлийг Хөх, Шар мөрний, Инд, Ганга, Хоёр мөрний хэмээн нэрлэдэг ажээ. Монголын эх түүх ч Онон, Хэрлэн, Туул, Орхон голын дээд, дунд, доод урсгалтай холбогдоно.
Ононы газар зүйн нэр нь Онон гол, харин түүхийн алдар нь Онон мөрөн юм. Онон голын үүслийг эрдэмтэн Б.Гүнчинсүрэн "Дөрөвдөгч галавын дээд үеийн Монгол орны эртний газар зүй” бүтээлдээ "Мөстлөг Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн нуруудын төв хэсгүүд дэх дөрөв дэх голомтод болсон. Эзлэх талбай нь 328-660 кв км бөгөөд Алтай, Хангай, Хэнтий бүс нь харьцангуй их талбайг эзэлж тогтсон нэр бүхий голуудыг өөртөө нэгтгэж байв.Голуудын урсац хэмжээ их хүчтэй байгаад плейстоцений төгсгөл голоцений эхэн үеэс Онон, Хэрлэн, Туул гэх мэт голуудын усны төвшин багассан” гэжээ. Онон гол ийнхүү үүсчээ. Амар мөрний эх Монголын Хан Хэнтийд байдгийг маргаантай гэж үзсээр байсан.
Харин Оросын геологич доктор В.Полеванов 2006 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн үд дунд туслагч нарынхаа хамт очиж тогтоосон юм. Амар мөрний эх нь умард өргөргийн 48°480' 769, өмнөд уртрагийн 109° 0' 774 дугаар солбицол дахь 1930 дугаар өндөрлөг Онон голын эх юм.
Амар мөрөн нь эхэндээ 859 км урт Онон гол, дундаа 560 км Шилк гол, тэгээд 2,824 км урт Амар мөрөн болон Номхон далайд цутгадгийг В.Полеванов тогтоов. Амар мөрөн нь 4273 км бөгөөд уртаараа дэлхийн 12 дахь нь ажээ. Онон голын ай савд 70 сая хүн амьдардаг гэсэн судалгаа ч буй. Амар мөрний их урсцыг бүрдүүлэгч нь Оросын талаас Ингода, Хятадын талаас Хар мөрөн юм.
НЭГ. ОНОН ГОЛЫН ШИМ МАНДЛЫН ҮНЭ ЦЭНЭ
Усны дөрвөн эрдэм
УСНЫ ХАЙРЛАХ ЭРДЭМ
УСНЫ ЗӨВ ЭРДЭМ
УСНЫ БААТАР ЭРДЭМ
УСНЫ МЭДЛЭГ ЭРДЭМ
Солонгосын уугуул гүн ухаан
Онон голын шим мандлын үнэ цэнийг рашаан эхтэй хувь тавилангаас эрэх ёстой. Ононгийн халуун рашаан 70-80 хэм халуун, рашааны найрлагад кали, натри, кальци, магни, хлорид, гидрокарбонат найран буй. Анагаах хүч нь төв базахын мэдрэлийн тогтолцоо, үе мөч, шар ус, шархыг анагаах увдистайг рашаан судлаачид тогтоосон.
Онон голын дээд урсгалын дагуу Тард, Гүн талхаа, Хужир нуга, Арангат, Сүүл толгойн хүчтэй рашаанууд байдаг. Онон голд 21 төрлийн загас буйгаас Амарын хилэм, Ононгийн тул алдартай бөгөөд хайрлан хамгаалалтай. Онон голын усанд Оросын эрдэмтэн В.А.Шуганова 30 гаруй жил судалж 1859 онд дэлхийд зарласан 150-200 жил насалдаг нялзаахай байдаг.
Энэ өвөрмөц сонин амьтан Онон голын усны ариун тунгалгийг мэдэрч, хянаж амьдардаг юм. Онон голын шим мандлын үнэ цэнийг Ононгийн шугуй, ургамал, чийглэг хөрс зэрэг олон зүйлээс харж үзэж болно. Онон голын эхнээс Амар мөрөн хүртэл шим мандлын бүхий л үнэт зүйлийг хадгалж байдаг нь байгалийн өвөрмөц тогтолцоо юм.
ХОЁР. ТҮҮХИЙН ҮНЭ ЦЭНЭ
Онон их мөрөн урссаар л...
Олон он он болсон байнам
Он он жилүүд урссаар л...
Онон их мөрөн болсон байнам
Данзангийн Нямсүрэн
Онон мөрөн Монголын эх түүхийг олон мянган жил урсгалдаа тээсээр XXI зуунтай золгов. Онон мөрний түүхийн үнэ цэнийг дараах байдлаар авч үзсүү.
1. Хятадын Тан улсын сударт Онон мөрний хавиар Шивэй аймаг нутаглаж байжээ гэжээ. Шивэй овогтныг Менгу буюу Мэнгули гэж нэрлэдэг аж. Энэ нь он цагийн хувьд нийтийн тооллын VII зуунд хамаарна.
2.
Монголын нэртэй түүхч Г.Сүхбаатар "Сяньби” зохиолдоо Таньшихуан Сяньби
аймгийн баруун гарын толгойлогч болжээ. Тоба нарын уугуул нутаг БНМАУ-ын
зүүн хойт хэсэг Онон голын орчим байжээ. Тоба нар Эргүнэ мөрнөөс Онон
гол хүртэл нүүдэллэн амьдарч байжээ хэмээн бичсэн.
3. Түүхч С.Бадамхатан "Чингис: Би энд нойрсоно” бүтээлдээ Тоба, Жужанууд Онон, Хэрлэн, Туул голын орчимд нутаглаж байв гэжээ.
4. Түүх судлаач Л.Гомбожав "Үгийн увидас” номдоо урианхай бөөгийн дуудлагад
Нигун гол нутагтай
Нэгэн тав онгонтой
Хан тэнгэрийн хөвгүүн
Хатан газрын эзэн хэмээн гардаг.
"Монголын нууц товчоо”-нд "Ноун хөүд ману нутуг хараюу" гэсэн хэллэг байдаг. Ноун гэж нуган гэсэн үг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нигун буюу Нуган гол гэдэг нь Хүү гол гэсэн утгатай.Монгол гэдэг нэр Мөнх гал (Г.Сүхбаатар, Н.Нагаанбуу, Т.Мандир), Онон гол Ононгийнхон- Онгон-Монгол гэсэн үгнээс үүсэлтэй гэж С.Жамсран, Ч.Эрдэнэ, С.Бадрал нар үзжээ. Онон гэдэг үг Монгол гэдэг аугаа их нэр үгтэй гарлын хувьд холбоотой аж.
5. Онон-Балж, Онон-Хурх, Онон-Эг, Онон-Барх, Онон-Живхээстэй, Онон-Хаслиг, Онон-Дуурлиг нэртэй газрууд нь түүх, археологийн биеэ даасан судлагдахуун билээ. Энэ нь иж бүрэн цогцолбор судалгаа хийхийг хүлээсээр байна. 2015 онд Түүх, археологийн хүрээлэн "0нон-2015” судалгаа хийсэн нь энэ их ажлын эхлэл болсон юм.
Тэд энэ газар ирээд судалгаа хийснээр Ононгийн ай савд байгаа хүн төрөлхтний хийгээд Монголын эртний улс, Хамаг Монгол, Их Монгол улсын үеийн түүхийг шинэ агуулгаар баяжуулж болно гэж үзэж буй.
6. Монголын түүхийн хөлгөн их туульс "Монголын нууц товчоо”-нд Онон мөрний нэр 32 удаа дурдагдан, олон үйл явдал болж өнгөрснийг чухал дурсгалтай юм. Үүнийг дурдваас, Ш.Чоймаа "Монголын нууц товчоо” эртний хэллэгээр, түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг номоос,
1.1 3-р бүлэг. Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно ажгуу. Гэргий ану Хоо марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунаа нутаглаж төрсөн Батачихан ажгуу.
2.2
57 Амбагай хаан Хадаан, Хотула хоёрыг нэрийдэж илгээснээр Хамаг
Монгол, тайчууд Ононы Хорхунаг Жубурт хурж Хотулыг хан болгов. Монголын
жаргалан дэвсэж хуримлан жаргах бүлгээ. Хотулыг хаан өргөөд Хорхунагийн
саглагар мод орчим Хавиргандаа
Хуурга болтол
Өвдгөндөө
Өлхөг болтол дэвсэв.
3.3 59 Татаарыг дагуулж ирсэн тэнд Өгэлүүн үжин жирэмсэн байсан Ононы Дэлүүн Болдогоо бүхүйд зөв тэнд Тэмүүжин (Чингис хаан) төржүхүй.
2.3 116 Тэмүүжин анх урьд анд бололцруун. Тэмүүжин арваннэгэн настай бүхүйд Жамуха гуралтуг ша Тэмүүжинээ өгч, Тэмүүжин чингилтүгт шагаар анд бололцож, анд хэмээгдсэн Ононы мөлсөнд (мөсөнд) шагалцахуйд тэнд анд хэмээлджээ.
4.2 202 Төдий эсгий туургат улсыг шударгатгаж, барс жил Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис (хаан) хан нэр тэнд өгөв.
Онон гол ийнхүү Монголын болон дэлхийн түүх бичлэгт гүнзгий мөрөө үлдээжээ. Лу "Алтан товч”, Саган сэцний "Эрдэнийн эрхи”, Ишбалдангийн "Эрдэнийн эрхи”, В.Инжинашийн "Хөх судар” зэрэг Монголын түүхийн сурвалж, Рашид Аддины "Шашдирын чуулган” зэрэг гадаадын түүхч, зохиогчдын бүтээлд Монголын түүхийн гэрч болон нэр дурдагджээ.
Хэдэн жилийн өмнө Хятад улсын түүхийн хүрээлэнгээс Чингис хааны тухай 70 мянган мэдээлэл дэлхийн мэдээллийн сүлжээнд байгаа гэж мэдээлж байсан. Одоо 100 мянга болсон. Энэ бүхэнд Онон мөрний нэр алдар дуурьсан буй. Онон, Хурхын хөндийд Рашаан хадны соёл гэж бие даасан том соёл буй.
Монголын нэрт түүхч Х.Пэрлээ Рашаан хадны соёлын олон жил судалж "Монголчуудын гарлын тамгаар тодорхойлох нь” нэртэй дорвитой бүтээл туурвисан билээ. Орчин үед судлан тогтоож саглагар мод тойрон бүждэг эртний соёл мөн Хорхунагийн саглагар модыг Чехийн Карлын их сургуулийн доктор Ж.Лувсандорж ахлагчтай шинжилгээний анги Биндэръяа хан уулын өвөр бие Хадан хошууны дор байсан гэж тогтоожээ. Батширээд суманд буриадын ёохор наадам хоёр удаа болов.
Эртний монголчуудын мод тойрон бужиглэн дуулж цэнгэдэг соёл ёохор бүжигт үлдсэн. Энэ уламжлалыг сэргээж олон ястны бүжгийг наадам болгож өргөжүүлэх учиртай. Монголчууд зөвхөн мод бус овоо, овоотой уул тойрон бүждэг соёл Оросын Усть-Ордын буриадуудад уламжлагдаж ирснийг дурдалтай.
ГУРАВ. ОНОН ГОЛЫН ШИМ МАНДЛЫГ ХАМГААЛАХ НЬ
Сүүлийн мод огглоод дуусах тэр л цагт
Сүүлийн гол бохирдоод ширгэх тэр л цагт
Сүүлийн загас хорвоод үхэх тэр л цагт
Мөнгө хоол, унд болдоггүйг ухаарна
Кри овгийн индиануудын эртний дуунаас
Гол мөрөн ширгэж хатаж, хуурай сайр болдог шалтгааныг хөрс судлаач эрдэмтэн Андрей Ривора нар тодорхойлохдоо цаг агаарын дулааралтай холбож үзжээ.
Онон голын шимт ертөнцийг эртний монголчууд эко системийн буюу шим мандал гэдэг ойлголтыг шимт ертөнц гэж ухаарч "Их Засаг” хуульдаа хамгаалах заалтуудыг тусгасан. Хамгаалах гэдэг нь Номхон далайг хамгаалах гэсэн өргөн агуулгыг багтаах болсон экологийн даяаршил хүчээ авч байгаа юм.
Онон голын Амар мөрөн хүртэл Онон-Шилка-Амарт том жижиг 400 гол мөрөн цутгадаг. Онон голын ус нь дорно дахины усны философиор "найман амт” (сэрүүн, хөнгөн, амтат, зөөлөн, тунгалаг, анхилуун, хоолойд амгалан) ариун усан билээ. Монголчууд бид Онон голын дээд, дунд, адаг урсгалыг цэвэр ариун байлгахыг хүн төрөлхтний өмнө хүлээдэг бөгөөд ирээдүйн он он жилүүдэд ч хүлээсээр байх болно.
Онон голын шимт ертөнцийн ариун байдалд юу заналхийлж байна вэ. 2009 оны байдлаар ашигт малтмалын хайгуулын 132, ашигт малтмалын 21 тусгай зөвшөөрөл олгогдож, зөвшөөрөл хүссэн 148 өргөдөл гаргасан байжээ.
Энэ бол алтанд шунагсдын хорхойг хөдөлгөж байдгийн гэрч юм. Хорхойссон баавгайн дүрд тоглож Ононгийн Гутайн даваанд Монголын ардчилсан төрийн анхны Ерөнхийлөгч П.Очирбат, залуу насны анд Д.Бямбасүрэн нар гуйсаар байгаад алтны уурхай байгуулж Онон голын шим мандалд аюул тарьсан. Энэ аюул урт нэртэй хуулийн ач буянаар түр зогссон боловч алтны шуналтнуудын Онон голыг устгах санаархал нь хэвээрээ байна.
Онон голын шим мандалд учирч байгаа нэгэн аюул нь усны багасалт юм. Судлаач, эрдэмтэн О.Намнандорж Онон, Хэрлэн, Туул гурван гол 1960-аад оны дунд үе хүртэл нуга, хөндий дүүртэл үерлэдэг байсан гэж судалгааны бүтээлдээ тэмдэглэсэн нь бий. Хэнтий аймгийн Батширээт сумын Гурван харуул нутаг 1955-1956 онд Онон үерлэж 30-45 хоног гатлах боломжгүй болж байсан түүхтэй.
Одоо Онон үерлээд үерлээд 10 хоног хаахаа больсон нь Онон голын ус, Онон голын эхэн урсгалд урсгалын гол горхины ус нь багасч ширгэж байгаатай холбоотой. Өнөөгийн зарим удирдагчдад гадагшаа урсгалтай гол мөрнийг яаж ч байсан яадаг юм бэ гэсэн шоовдорхон үзэл сэтгэлгээ байдаг. Гадагшаа урсгалтай голууд нь хүн төрөлхтний ирээдүйтэй холбогдоно гэдгийг ухамсарламаар байгаа юм.
ДӨРӨВ. АСУУДАЛ ДЭВШҮҮЛЭХ НЬ
Нэгэн зүйл. Онон голоос Амар мөрөн, Номхон далай хүртэл Онон-Ингода, Хар мөрний шим мандлын үнэт зүйлсийг хамгаалах бодлого, хөтөлбөрийг Монгол, Орос, Хятадын холбогдох байгууллага хамтарч боловсруулж хэрэгжүүлэх ажлыг Монголын холбогдох байгууллагууд санаачлан хийх.
Нэгэн зүйл. Онон мөрний эхэн, дунд, доод урсгал, Ингода, Хар мөрнийг хөндийг дагаж бий болсон түүх, соёлын үнэт зүйлсийг гурван улсын эрдэмтдийг оролцуулан судалж, Онон-Амар мөрний түүх, соёл хүн төрөлхтний өв болохыг судалгаагаар баталж, ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэх их үйлсийг Монголын эрдэмтэд санаачлах. 2018 онд "Ононгоос Амар хүртэлх соёл-2018” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах.
Нэгэн зүйл. Монгол Улс хувьд Цонжин болдог-Хэрлэн-Бүрги эрэг-Хар зүрхний Хөх нуур-Рашаан хад-Онон, Хурхын бэлчир-Их Монгол Улсыг тунхагласан их төрийн голомт нутаг Биндэр-Монгол хатдын өргөө-Чингис хааны төрсөн нутаг Дадал-Нарт шүтээн, Хуст шүтээн-Чингисийн зам, Баян-Уул-Боорчийн уугуул нутаг-Чингис хот-Хэрлэнгийн Хөдөө аралын дурсгалын цогцолбор гэсэн аялал жуулчлалын маршрут гаргаж батлуулах, тохижуулах ажлыг шуурхай хийх. Монгол Улсын төр захиргааны байгууллагууд Дадал сумыг Чингис хааны дурсгалын төв болгох ажил эхлэх бодлого гаргаж байгааг дэмжиж байна.
Нэгэн зүйл. Онон голын дээд урсгалаас Амар мөрөн хүртэл усан аялал зохион байгуулах. Онон-Ингода-Хар мөрний эрэг дагуух ард түмний амьдралыг судлан сурталчлах ажлыг гурван улсын хамтарсан бодлогоор зохион байгуулах.
Нэгэн зүйл. Монгол, Орос, Хятад улсыг хамарсан Зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжлийн интеграцид "Онон голын эдийн засаг” нэрээр Монгол Улс идэвхтэй оролцох боломжийг хайж олох нь зүйтэй болов уу. Бид эх орныхоо хөгжлийг зөв замд оруулж хөгжлийн хурдыг хангая гэвээс дэлхийн хэмжээнд сэтгэж Монголынхоо хүрээнд эрчимтэй ажиллах цаг боллоо.
Бид сүүлийн 20 гаруй жил Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулна, байгуулахгүй гэж, Чингис хаан Ононгийн зүүн, баруун талд төрсөн тухай гэж түүхийн эрдэмтэд хоёр хуваагдаж маргалдаж их цаг алдсан. Дэлхийн мэдээллийн орон зайд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн гэж бичигдэж яригдсаар байхад бид хэдхэн ном сонинд бичээд яах билээ. Биндэр суманд Их Монгол улсыг байгуулан тунхагласан аугаа түүхийг сануулах дурсгалын цогцолбор байгуулах шаардлага бий.
Монголын өнөөгийн улс төр, нийгмийн байдлыг ажиглахад "соёл иргэншилд хамгийн их хор хүргэдэг хүмүүс бол эрдэмтэн тэнэгүүд” гэсэн сонгодог зохиолч К.Чапекийн мэргэн үг санаанд орох юм даа. Монголчууд сэтгэл, оюунаа тогтоогоод Чингис хааны дурсгалын цогцолборыг байгуулж дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг нь хужирламаар байна. Бидний сэтгэл, оюун тогтсон цагт бүхнийг бүтээж чаддагийг аугаа түүх минь гэрчилнэ. Түүх асуудлыг хэлж өгдөг билээ. Монголын эх түүхийн артерийн судас Онон мөрөн хөгжлийг дуудан урссаар л, урссаар л...
Л.НЯМАА, ҮНДЭСТНИЙ ТОЙМ
АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ САНАА НЭГТЭЙГЭЭР “АГНАЯ”
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь иргэдийн хувьд эрсдэлд өртөх, эрсдэлтэй үйлдлүүдийг хийлгэх гол шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, архидалт нь хүчирхийлэл, гэр бүл салалт, ажилгүйдэл зэрэг сөрөг үр дагаврын шалтгаан болж биеийг хордуулж, сэтгэцэд мансууруулах нөлөө үзүүлж, донтолт үүсгэснээр хүний сэтгэлзүй, нийгэмд ихээхэн хор хөнөөл учруулж, эцсийн дүндээ эрүүл мэнд, амь насаар хэмжигдэхүйц хор хөнөөл үзүүлсээр байна.
Уг нь дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох архины хэмжээ жилд таван литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байгаа нь өндөр үзүүлэлт юм.
Гэтэл ДЭМБ-аас жилд нэг хүнд дунджаар найман литр архи ногдоход үндэсний хэмжээнд аюултай байдалд орно гэж үздэг. Тэгвэл манай улсын хувьд архи гэдэг зүйл аль хэдийнэ үндэсний аюулгүй байдалд зана л хийлээд эхэлчихсэн гэсэн үг. Төр засаг нь сүүлийн 20 гаруй жил архидалтын асуудал дээр сул дорой бодлого баримталж ирсний хар гайгаар согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо, архины үйлдвэрүүд нэмэгддэг гэх судалгаа бий. Ийнхүү төр засаг нь архины тал дээр сул бодлого явуулдаг нь ч учиртай.
Төр барилцаж байгаа эрхмүүд дунд архины үйлдвэрлэгчид байдагтай шууд болон шууд бус байдлаар холбоотой биз. Архи хар мөртэй гэж монголчууд ярьдаг нь аргагүй л үнэн үг юм. Үхэл зовлон, өвчин зовиур, хагацал харуусал энэ бүхэн мөнөөх хар мөртэй архинаас л үүдэж буй нь хэн бүхний өмнө илхэн байна. Саяхан архинаас болж таван хүн эрдэнэт амиа алдсан. Нас барсан иргэд "Мөнхжин Од” компанийн "Найрсаг” архинд хордоогүй харин харин "Гайхмаараа” шил арчигч шингэнээс болоод өнгөрсөн гээд байгаа.
Түүнээс өмнө 2007 оны арванхоёрдугаар сард "Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн амь насаа алдаж, мөн 200 гаруй иргэн эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон харамсалтай хэрэг ч гарч байсан. Хариуцагчдад нь ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамрагдсан хэмээн мөн л олны анхаарлыг татаж байсан. Тэгвэл энэхүү эх захаа алдсан архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг багасгах талаар нийслэлийн Засаг дарга С.Батболд санал гаргаад байна.
Тодруулбал, тэрбээр энэ сарын 09-ний өдөр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүлсэн юм. Үүнд "Их тэс гол” Хабул, Шаргалжуут , "Хорго цагаан” Аяны дугараа, "Бенедакт” Монголын хаан, Сүжигт "Мөнхжин од” ХХК –ийн Мөнхжин Найрсаг зэрэг 11 аж ахуй нэгжүүдийн эрхийг цуцлах санал хүргүүлсэн. Гэхдээ зүгээр байхад нь эдгээр байгууллагуудын эрхийг цуцлах гэж байгаа юм биш.
Харин зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй учир Засаг дарга ийнхүү зөвшөөрлийг нь хүчингүй болгох санал хүргүүлж байгаа юм. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нийслэлийн Засаг дарга С.Батболдын хүргүүлсэн саналыг ажил хэрэг болговол сайн байна. Нөгөө "Далайд дусал нэмэр” гэдэг шиг манай улсад үйлдвэрлэгдэж байгаа хэдэн сая шил архинаас бага ч болов цөөрч байвал хаа хаанаа хэрэгтэй биз дээ. Тэгээд ч ер нь цаашдаа архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг улам багасгаж ядаж жилд нэг хүнд дунджаар таван литр архи ногддог болговол яаж байна.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Валентиний өдөр буюу дурлалт хосын өдөр
Цаг агаарын элдэв өөрчлөлт, оршин сууж буй газар орон, үндэс угсаа үл харгалзан сая, сая дурлалт хосууд баярын энэ өдрийг тэмдэглэхдээ гэгээн Валентиний өдөр хэмээн нэрлэдэг. Энэ баярыг эрт цагаас эхлэн тэмдэглэж байсан боловч V зууны үеэс өргөн тэмдэглэдэг болж мал сүрэг, ой мод, уудам тал, үржил шимтэй тариалан талбайг ивээн тэтгэгч Фавк бурханд зориулсан эртний Ромын Люперкаль бурханы баяраас уламжлан үүсчээ. Хоёрдугаар сарын 14-ний өдрийг шувууд дурлалт хосоо, амьдралын хосоо сонгон олдог учраас энэ өдрийг "Шувуудын хуримын” өдөр ч гэж нэрлэх болж.
Энэ өдөр охид хүүхнүүд өөрийн нэрийг цаасан дээр бичиж хайрцагт хийнэ, тэр хайрцгийг залуучууд задалж аль нэг эмэгтэйн нэр бүхий бичгийг сугалан авч үүрдийн ханиа сонгодог энэ хөгжилтэй баярыг олон оронд тэмдэглэдэг болжээ.
Санваартан шорон гянданд тарчлан зовж байхад нь шоронгийн даргын сохор боловч гоо сайхан охин ламтанд тусалж асарч байсан тул ламтан түүнд үнэнхүү сэтгэл зүрхээрээ дурлаж, цаазлуулхын өмнө хагацлын захиа бичиж, захианыхаа төгсгөлд "чиний Валентин” гэж бичээд сарнай цэцэг хавчуулжээ. Уг захидлыг, уншаад хараагүй охин хараатай болж, гоо үзэсгэлэн нь улам гайхам болон гэрэлтжээ. Тэр цагаас эхлэн орон бүрийн залуус бие биедээ захиа бичиж, дурлал хайраа илэрхийлж цэцэг бэлэглэдэг уламжлалтай болж. Хайр сэтгэлээсээ болж хэлмэгдсэн Валентиныг 496 онд Ромын пап Геласйүс цагаатган хоёрдугаар сарын 14-нийг гэгээн Валентиний өдөр болгон тэмдэглэж байхаар зарлигдсан гэдэг.
Гэгээн Валентины хайр сохор охиныг хараатай болгожээ
Гэгээн валентины өдрийг мэдэхгүй хүн бараг үгүй болжээ. Хосуудын хайр дурлалыг бататгадаг, хэн нэгэнд хайраа илчлэх боломж олгодог энэ өдөр хүмүүс хайртайгаа илэрхийлж нэгэндээ бэлэг өгөх нь бараг ёс юм шиг л болж. Харин чухам яагаад энэ өдрийг ингэж тэмдэглэх болсон талаар нэгэн сонирхолтой түүхийг хүргэе.
Эртний Римийн эзэн хаан Клавдий-2 гэгч машид харгис нэгэн хаан 270 онд төр барьж байсан хэцүү цэвүүн тэр цагт цус урсгасан их дайн нь ямар ч амжилт олохгүй байсан тул хаан ихэд бухимджээ. Цэрэг дайчид нь тулааны талбараас уйдаж, тухтай тайван амьдралыг эрхэмлэх болсныг гадарлаж хурим найр хийх, гал голомтоо бадруулахыг хориглосонд дургүйцсэн залуус авралт сайн хүнийг эрж Ромын Терний хотын нэгэн санваартан Валентин гэгчтэй таарчээ.
Залуусын хүсэл сэтгэлийг гүнээ ойлгодог тэр ариун санваартан хэрүүл ам хийдэг эр эмийг эвлэрүүлж, ганц бие хүмүүс бие биедээ хайрын захиа бичиж, цэцэг бэлэглэхийгуриалсан байна. Идэр залуусыг уруу татсан тэрхүү ламтныг ухаан мулгуу, уур хилэнт хаан баривчлан авч 270 оны 2-р сарын 14нд цаазлан гэсгээсэн түүхтэй.
Санваартан шорон гянданд тарчлан зовж байхад нь шоронгийн даргын сохор боловч гоо сайхан охин ламтанд тусалж асарч байсан тул ламтан түүнд үнэнхүү сэтгэл зүрхээрээ дурлаж, цаазлуулахын өмнө хагацлын захиа бичиж, захианыхаа төгсгөлд "Чиний Валентин” гэж бичээд сарнай цэцэг хавчуулжээ. Уг захидлыг, уншаад хараагүй охин хараатай болж, гоо үзэсгэлэн нь улам гайхам болон гэрэлтжээ.
Тэр цагаас эхлэн орон бүрийн залуус бие биедээ захиа бичиж, дурлал хайраа илэрхийлж цэцэг бэлэглэдэг уламжлалтай болж. Хайр сэтгэлээсээ болж хэлмэгдсэн Валентиныг 496 онд Ромын пап Геласйүс цагаатган хоёрдугаар сарын 14-нийг гэгээн Валентиний өдөр болгон тэмдэглэж байхаар зарлигдсан гэдэг. Үүнээс хойш дэлхий дахин энэ өдрийг тэмдэглэх болсон билээ.
Хосууддаа гэгээн Валентины өдрийн баярын мэнд хүргэе.
Г.Өсөхбаяр гавьяат "Алуурчин"уулыг эзэлнэ
Өнгөрсөн долоо хоногт Андын нурууны ноён оргил Аконкагуад амжилттай авирсан гавьяат тамирчин "Эверест” Г.Өсөхбаяр К2 уулыг зорихоор болсон байна. Дэлхийн долоон ноён оргилыг эзлэх зорилгоо биелүүлэхийн төлөө яваа тэрбээр уржигдар баярт мэдээгээ хуваалцахдаа "Энэ бол "Алуурчин” уул руу явах өндрийн бэлтгэл байлаа” гэв. Уулчин Г.Өсөхбаяр К2-ыг зорьж буй Монголын хоёр дахь уулчин болно. Өмнө нь 2013 оны долдугаар сард гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд, авиралтаа зогсоосон юм. Б.Гангаамааг К2-ыг зорих үед тэдний багийнхан тухайн жилд оргил руу дайралт хийсэн 14 дэх экспедиц болж очсон ч өмнөх 13 багийн адил байгалийн давагдашгүй бэрхшээлд бууж өгөөд буцсан байдаг. К2 ууланд өвөл авиралт хийсэн тохиолдол маш цөөн. Бараг боломжгүй байдаг аж. Гэхдээ 1988-2012 оны хооронд Полши, Канад, Их Британи, Орос, Узбекистан, Казахстан, Гүрж уулчдын хамтарсан баг гурван удаа авирч, 7200 метр хүртэл олс тавьж байжээ. К2 ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Алейстер Краули, Оскар Экенстейн нар хийжээ. Тэд 68 өдөр буюу хоёр cap гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүртэл очиж чадсан байна. Тэдний туулсан 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан тухай тэмдэглэжээ. Харин К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс бол Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд "Алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш энэ уул 23 жилийн турш оргилдоо дахин хүн хүргээгүй юм. Олон уулчны зориг зүрх мохмоор он жилүүдийн дараа 1977 онд Японы уулчин Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн. Тэгвэл энэхүү уулын оргилыг эзэлсэн анхны уулчин нь Чехийн Жозеф Раконкай. Харин оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин бол Испанийн иргэн Карлос Сория Фонтн. Тэрбээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ.
Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид "Алуурчин” уул гэдэг аж. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршино. Дэлхийн ноён оргил Эверест /8850м/-ээс 239 метрээр бага ч уулчдын хувьд К2-т авирах нь Эверестэд авирахаас хэд дахин илүү эрсдэлтэй гэж ярьдаг байна. Олон шилдэг уулчныг гэрт нь буцаагаагүй догшин ууланд зарим жилд нэг ч хүн оргилд нь гарч чадаагүй тохиодцол бий. Эверестэд авирсан уулчдын таван хувь нь осолдож, амь насаа алддаг гэсэн жилийн дундаж үзүүлэлт байдаг бол К2 оргилыг зорьсон уулчдын 25 хувьд нь энэ харамсалтай зүйл тохиолддог гэх. Эверестийн оргилыг эзэлсэн уулчдын тоо хэдийнэ 5600 хол давсан. Харин К2-ын оргилд тугаа мандуулсан уулчин ердөө 306. Эверестийн оргилд гарч, жинхэнэ уулчдын эрэмбэд хүрсэн ямар ч уулчин К2-ыг зүүдэлж эхэлдэг "бичигдээгүй хууль”-тай. Энэ уул өндрөөрөө Эверестийн дор бичигдэх ч оргилд хүрэх замын бартаа, саад хамаагүй хүнд ажээ.
Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/