Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19968 articles
Browse latest View live

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зарчсөн барилгуудын үйл ажиллагааг зогсоолоо

$
0
0

МХЕГ-ын даргын 01/40 тоот "2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу НМХГ-аас Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Пи Ай Эм Эм ХХК-ний захиалгаар Номт Эрдэм ХХК-ний гүйцэтгэж буй 9-н давхар орон сууцны зориулалттай барилга мөн Алтан булаг трейд ХХК-ны гүйцэтгэж буй зочид буудлын барилгуудад хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар тухайн барилгууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт, 6.1.1 заалтуудыг зөрчсөн байх тул барилгын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар



Оюутолгойн зэсийн олборлолт буурч, алтных нэмэгджээ

$
0
0

Оюутолгой  II улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2019 оны II улирлын байдлаар 2.4 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 оны эхний хагас жилд 107 сая ам.долларыг татварт төлсөн байна.  “Оюу толгой” компани 2019 оны эхний хагас жилд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 484 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010 оноос 2019 оны II улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 488 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ оны эхний хоёр улирлын байдлаар 222 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ.

Тэгвэл энэ оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаар 39156 тонн зэс олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 0.6 хувиар бага байгаа бол алтны олборлолт нэмэгджээ. Тухайлбал, энэ хугацаанд  71825 унци алт олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 43.7 хувиар илүү байгаа юм. 

Үүний дараагаар гүний уурхайн бүтээн байгуулалт, хугацаа, санхүүтэй холбоотой мэдээлэл өгөв. Одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтай байна. Гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээ ирэх оны хоёрдугаар хагаст бэлэн болно. Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойш билээ. Босоо ам II-ын бүтээн байгуулалтын явцад геотехникийн болон бусад хүндрэл гарах магадлалтай эрсдлийн 8 сарыг тус хугацаанд оруулж тооцсон болно. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна. Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдсэн юм. 

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Монголчууд харанхуй бүдүүлэг тул ятгаж байгаад пуужингаа байршуулж магадгүй гэв

$
0
0

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эспер нь Америкийг ойрын хугацаанд дундын зайн тусгалтай баллистик пуужингаа БНХАУ-д аль болох ойртуулан байршуулах сонирхолтой байгаа тухайгаа мэдэгдсэн. Энэ мэдэгдэл дэлхийн нийт, түүний дотор БНХАУ-ын эрх баригчдын анхаарлыг хамгийн ихээр татсан. Тиймдээ ч тэр даруй хариу мэдэгдэл хийж Америкийн пуужинг нутаг дээрээ байршуулсан улсын үндэсний аюулгүй байдалд аюул учирч магадгүй шүү гэдгийг сануулсан. Цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай пуужин байрлуулах тухай яригдаж байгаа болохоор ингэхээс ч өөр аргагүй биз.

Иймд Америк нь Азийн ямар улсад дундын зайн баллистик пуужингаа байршуулах талаар янз бүрийн таамаг явж байна. Хавайн арлуудаас эхлээд Өмнөд Солонгос, Япон, Австрали, Филиппин, Тайвань гээд олон нэр гарч байгаа.

Америкийн пуужинг байрлуулна гэдэг болзошгүй дайнд хамгийн түрүүнд цөмийн цохилтод өртөх бай болно гэсэн үгээс гадна эдийн засаг, цэргийн хүчээр өдөр ирэх тусам хүчирхэгжиж байгаа БНХАУ-тай түнжин хагарахыг хэн ч хүсэхгүй байна.

Гэтэл пуужин байршуулж, Хятадын цөмийн цохилтын бай болж магадгүй орнуудын дунд манай улсын нэр ч гарчээ. Оросын "царьград.тв” сайт дээр Америкчууд Монголд пуужингаа байршуулж тун магадгүй тухай эргэцүүлснийг орчуулан хүргэж байна.

Царьград.тв: АНУ нь Монголын нутагт пуужингаа байршуулахаар зэхэж байгаа юу?

Александр Покровский

Америкчууд Дунд ба ойрын тусгалтай пуужинг хориглох тухай гэрээнээс гарсан даруйдаа Пентагон нь пуужингуудаа Азид байршуулахаа амлаад авлаа. Энэ санаархалд нь Хятад уур түгшүүрээр дүүрэн хариу өгсөн. Ингэхээ ч өөр аргагүй бололтой...

"Комсомольская правда”-ийн цэргийн тоймч Виктор Баранец нь Вашингтоны Дунд ба ойрын зайн тусгалтай пуужингийн гэрээнээс гарсны дараа бий болсон цэрэг улс төрийн нөхцөл байдлыг манай сайтад зориулан тайлбарлахдаа "Бирдхэний уяа нь алдуурсан тул хаа хамаагүй давхиад эхэллээ” гэж байна.

Үнэхээр ч тийм бололтой. АНУ-ын хийсэн үйлдлийн дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэд хэдэн чухал тушаал гаргалаа. Нэгдүгээрт, "Калибр” пуужинг газарт буулга гэсэн. Өөрөөр хэлбэл тэнгисийн байршил бүхий үхлийн аюултай эдгээр пуужинг газар байршуулдаг болгох.

Хоёрдугаарт, АНУ-ын бүх үйлдэлд адил хариу барих, түүний дотор Орост байгаа Х-101, "Кинжал”, "Калибр”, "Циркон” гэсэн пуужингуудыг ашиглан найдвартай хариу барих боломжийг хангах.

Гуравдугаарт нь, америкчуудыг дундын зайн пуужингуудаа байршуулж эхэлбэл өөрийн адил пуужинг байршуулж эхлэхийг тушаасан. Гэхдээ Путин тушаалаа "Америкт үйлдвэрлэсэн ойрын ба дундын зайн тусгалтай пуужинг байршуулах бүс нутагт, ийм араг хэмжээ эхлэх хүртэл” газрын байршилтай системүүдээ байршуулахгүй гэсэн дипломат маягийн баталгаа өгсөн нь мэдээж. Ялангуяа, балмагдаад яахаа мэдэхгүй болсон Европт.

Европчуудын хувьд Орос улс нь нэг талаас соёлжсон, угаасаа "өөрийн болсон” дайсан. Тиймээс Дундын ба ойрын зайн тусгалтай пуужинг хориглох гэрээг зогсоосны бурууг Вашингтонтой дуу дуугаа авалцан Москваг буруутгаж байгаа. Нөгөө талаас, америкчууд Европт пуужингаа байршуулаад эхэлбэл одоогийн Москва нь ямар ч эргэлзээгүйгээр пуужингаа тэдний байршил руу онилно.

Виктор Баранецийн хэлсэнчлэн "Хэрэв америкчууд Европт энд тэндгүй дунд ба ойрын зайн тусгалтай пуужингаа зоогоод эхэлвэл Оросын зэвсэгт хүчний дайны үед ашиглах газрын зураг дээр тэр бүх байршлуудыг дугуйлаад эхлэх нь зүйн хэрэг гэдгийг европчууд сайн ойлгож байгаа”.

Ийм учраас тэндэхийн улстөрчид аман дээрээ Москваг муулаад, цаагуураа зэвсгээ байршуулахаа азнаач гэж Вашигнтоноос чимээгүйхэн гуйгаад янз бүр болоод яваа.

Хятадын уур хилэн ба түгшүүр

Гэхдээ бодит байдал дээр Вашингтон бол тийм ч бат бөх цайз биш. Оросоос эмээж байгаа нь илэрхий тул нэрмээс болгоод европчуудын гонгиноо ба Москвагийн хариу аюул дээр толгойгоо гашилгахыг хүсэхгүй байгаа юм. Тэгээд ч АНУ-ыг нэр гарсан гэрээнээс гарах болсон гол зорилгын нэг нь Хятадыг чичих явдал байв. Вашингтоны бодлоор Хятадад дундын зайн тусгалтай хэт олон пуужинтай болсон атал зэвсэглэлийг хязгаарлах ямар ч гэрээний оролцогч  биш тул хориглож саад хийх боломжгүй байгаа юм.

Үүнээс үүдээд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер нь Азийн бүс нутагт дундын зайн тусгалтай пуужингаа байршуулах боломжийг Пентагон хайж байгаа талаар ил тод зарласан. Ингэвэл Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг хориглох хоёр дахь гэрээнд БНХАУ-ын татан оролцуулаад, гурван улсыг хамруулж болно гэж тооцож л дээ.

Харин Бээжин энэ тооцоотой нь санал үл нийлсэн, түүнээ ч нуугаагүй.

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Зэвсэглэл ба зэвсэглэлийг хязгаарлах асуудал хариуцсан департаментын захирал Фун Цун "Хятадын цөмийн зэвсгийн потенциалын 80 хувь нь дундын зайн тусгалтай пуужин гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол эдгээр пуужин АНУ-ын эх газарт хүрч чадахгүй гэсэн ганц л утгатай. Ийм ч учраас Америк нь дурдагдсан баримтаас хамгийн бага айдаг баймаар биз дээ?” гэж зүй ёсоор асуусан. Цаашлаад "АНУ нь тив алгасан нисэгч хэдэн мянган пуужинтай атлаа нутагт нь хүрч чадахгүй хэдхэн пуужинд санаа зовж байдаг. Логик хаана байна? Би ямар ч логик олж харахгүй байгаа тул энэ бүхэн нь Америкийн талын гаргаж ирсэн шалтаг төдий зүйл” гэжээ.

Үүний үр дүнд дэлхий нийт урьд хожид үзэгдээгүй сонин зүйлийн гэрч болсон. Юу вэ гэхээр, одоогийнхтой адил ээдрээ үүсэхэд фэн-шүйн дагуу таг дуугүй өнгөрдөг Бээжин энэ удаад Оростой санал нэг байгаагаа ил тод бүр, дайчин илэрхийлсэн. Харин Америкт хандаад "АНУ-ыг хуурай газар байрлалтай дунд зайн пуужингаа дэлхийн энэ хэсэгт байршуулж эхэлвэл Хятад дуугүй хараад зогсохгүй харин хариу арга хэмжээ авна” гэж сануулаад авсан.

Хариу цохилтын бай болгож Америк хэнийг сонгох вэ?

Фу Цун нь "Карибын хямралын оролцогч орны иргэдийн хувьд америкчууд нь БНХАУ-ын бөөрөнд америк пуужин байршуулах талаар яригдахад Хятадад ямар байгааг ойлгож байх ёстой” гэж хэлэхдээ АНУ-ын түүхэн айдсыг хэлсэн үү эсвэл түүх давтагдаж магадгүйг битүү сануулсан уу гэдэг нь ойлгомжгүй үлдлээ. Тэгэхээр Хятадууд хариу болгоод дундын зайн тусгалтай пуужингаа АНУ-ын эргийн ойролцоо хаа нэгтээ байршуулах эсэх нь (энд бол Кубагаас өөр байршуулах газар ч байхгүй; Никарагуа эсвэл Венесуэлийн битүү ширэнгэн ой л юу юм гэхээс) тодорхойгүй байна.

Гэвч, хэдий хачин санагдаж болох ч америкчуудад ч дундын зайн тусгалтай пуужингаа байршуулах газрын сонголтоор тийм арвин биш юм. Ийм зэвсгийн Хятадын бөөрөнд байршуулахын тулд юу шаардлагатай вэ? Нэгдүгээрт, тухайн улс ба АНУ-ын хооронд холбоотны харилцаатай байх. Хоёрдугаарт, тухайн улс ба БНХАУ-ын хооронд тодорхой зөрөлдөөнтэй байх. Гуравдугаарт, улс төрийн харьцангуй тогтвортой дэглэмтэй, үүнээс үүдээд Азийн хамгийн хүчирхэг гүрэнтэй сөргөлдөхөд татагдан орлоо гэхэд ямар байр суурь баримтлах нь илэрхий байх ёстой. Гурав хагас нөхцөл нь Хятадыг Орос илэрхий дэмжих бөгөөд Оросын дэмжлэг нь сүүлийн жилүүдэд тун ч үр нөлөөтэй, найз нарыг нь гомдоосон улсад тун ч эвгүй байдаг болсон. Харин эцэст нь, тухайн улс нь БНХАУ-ын эдийн засаг ба улс төрийн төвүүдээс 2-5 мянган км-ийн радиустай газар байх ёстой.

Энэ бүх объектив хязгаарлалтуудыг нэгтгээд харахаар сонголт цөөн үлдэнэ. Гуам арал дээр АНУ-ын мэдлийн газар нутгийг авч үзэхгүй. Учир нь, хэт илэрхий тэгээд ч Шанхай хүртэл 3000 км, Бээжин хүртэл 4000 км тул АНУ-ын хувьд дэндүү дотно. Гэхдээ ингэвэл энэ арал нь шууд л илэрхий бай болж хувирах нь өөрийгөө золиосолж сураагүй, боломж гарвал өөр хэн нэгнээр тахил өргөдөг америкчуудад тохирохгүй.

Дурдагдсан шалгууруудын хувьд Япон нь Америкийн пуужинг байршуулахад тохиромжтой гэж санагдаж болно. Гэвч тэнд цөмийн зэвсэггүй гэсэн зарчим үйлчилдэг. Цөмийн зэвсэгтэй болох, оруулж ирэхийг хориглодог. АНУ-ын 7 дугаар флотын усан онгоц дотор цөмийн цэнэгт хошуу байрлах бол өөр хэрэг, бүгдэд ойлгомжтойн дээр зарчмаа зөрчөөгүй. Харин цөмийн пуужин нь ил цагаан газар дээр нь байрших гэдэг огт өөр зүйл. Тэгвэл Хятад шиг улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байлдах нь утгагүй. Америкийн Батлан хамгаалахын сайд юу гэж амлах нь хамаагүй.

Өмнөд Солонгос яах бол? Бас л байж болно. Тэгээд ч тэнд маш олон хүн АНУ-тай найз гэдгээрээ онгирдог. Гэвч Сөүл нь нөгөө талаас Хятадын зах зээлээс ихээхэн хамааралтай тул Вашингтон яаж ч тууштай хүслээ гээд үгүй л гэх байх. Ядаж байхад Америкийн пуужин байршуулаад эхлэхээр тэнэг юм шиг инээгээд зогсохгүй Хойд Солонгос гэж улс хажууд нь байна. Пеньянтай холбоотой нөхцөл байдлыг үзэгдэл төдий залруулаад байгаа Сөүлд БНАСАУ-тай зэвсэгт мөргөлдөөн хийх эрсдэлд орох хэрэг байна уу?

Бүс нутагт АНУ-тай тэгтэл нягт холбоотой өөр улс байхгүй. Филиппин, Индонези, Малайз, Тайланд, Мьянмар? Бүгд л Хятадтай холбоотой асуудалд ордог ч Америкийн ашиг сонирхлын төлөө дайтахад бэлэн гэвэл бодит байдал нийцэхгүй л болов уу. Одоогийн Пакситан бол Вашингтоных гэхээс илүүтэйгээр Бээжингийн холбоотон. Энэтхэг нь Хятадтай холбоотой ноцтой асуудалтай хэдий ч геополитикийн ерөнхий байр суурьнаас аваад үзвэл гуравдагч орны эсрэг чиглэсэн Америкийн зэвсгийг нутагтаа байршуулахыг зөвшөөрөхгүй.

Тэгвэл ямар улс үлдэж байна? Тийм ээ, Тайвань. Вашингтоны цэрэг улс төрийн тун ч богино уяанд оосорлуулсан хүлээн зөвшөөрөгдөөгүй улс. Эх газрын Хятадтай хүйтэн хэдий ч дуусах янзгүй дайны байдалтай. Яг л Өмнөд ба Хойд Солонгосын хоорондохтой адил.

Гэвч Тайвань дэндүү ойр. Хоёр зуун километрийн зай гэж тооцох ч хэрэггүй. Дайн болбол Хятадын арми тэндэх пуужингийн бүх байршлыг ганц минутын дотор л устгана. Эрсдэл өндөр.

Тэгвэл арай Монгол юм биш биз?

Энэ бүх нөхцөлд өнгөц харахад байж боломгүй мэт санагдах нэг хувилбар АНУ-ын хувьд хамгийн ашигтай болж таарч байгаа юм. Тэр нь Монгол.

Ер нь хэний хувьд байж боломгүй юм бэ? АНУ-ын хувьд бол харин ч дээд зэргийн боломжтой. Энд байршуулсан дундын зайн тусгалтай пуужингууд Хятад, Орос гэсэн АНУ-ын хоёр дайсны газар нутгийг гайхамшигтай сайхнаар бүчин авна. Мурманск, Анадырь ч хүрнэ. Энэ улсын газар орны байдал нь дундын зайн тусгалтай пуужингийн ганц хоёр харвах төхөөрөмжийг яагаад ч олохооргүй сайхан нуух боломжийг олгох болно.

Ер нь тэгээд газар нутаг нь том, хүн ам цөөнтэй. Хүн ам нь хөгжиж, боловсорч гавиагүй, сэтгэлгээгээрээ дундад зууны нүүдэлчид. Ний нуугүй хэлэхэд феодализмаас социализм руу хийсэн үсрэлт бүтээгүй. Ингэж бодвол нэг том зарчмын давуу тал гараад ирж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр олон нийтийн ил тод эсэргүүцлээс эмээх хэрэггүй, цөөн тооны элитүүдтэй тун ч үр өгөөжтэй хамтран ажиллах боломжтой. АНУ-д ийм зүйлд хүрэх мөнгө хангалттай бий. Тэгээд ч Монголын элитүүд 1991 оноос хойш илэрхий барууны талыг баримталсан байр суурийг тууштай мөрдөж байгаа. Тэр бүү хэл Улаанбаатар нь Монголын хувьд гарцаагүй байх ёстой гэж санагддаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхээс олон жилийн турш зайлсхийж байгаа.

Яах вэ, Хятадаас бараг бүх талаар хамааралтай байж болно. Гэвч, нөгөө талаас энэ хоёр улсын хооронд газар нутгийн эрт дээр үеэс улбаатай зөрчилдөөн бий. Оростой найрамдалтай харилцаатай тухай дурсамж яах вэ? Больж үз! Түүнийг чинь Чингис хааны тахин шүтэх үзэл сайхан баллаж байгаа. Тэр бүх үгүй болгосон. Залуу үеийн монголчуудын дунд "Оросын эзэлсэн газара нутгийн тухай элдэв яриа дэмий нэг гарч ирээгүй байх. Улс төрийн суртал ухуулгаар Украйны орос хүн амыг арав хорьхон жилийн дотор Оросыг үзэн ядагч, тархиа угаалгасан масс болгон хувиргаж чадсан юм бол улс төрийн хэнээтэй хэдхэн мянган монголчуудыг сэнхрүүлэх бол алга эргүүлэхийн зуур.

Иймд ойрын хэдэн жил Монгол дахь үзэл суртал ба улс төрийн шилжилт хөдөлгөөний талаар анхааралтай ажиглах нь зүйтэй. Юмыг яаж мэдэх вэ...

Эцэст нь хэлэхэд долдугаар сарын сүүлээр Вашингтоноос тун ч гайхалтай мэдээ дуулдсан шүү дээ. Тэнд Ерөнхийлөгч Трамп Монголын Ерөнхийлөгч Халтмаагиийн Баттулгатай хэлэлцээ хийж гэнэ. Цагаан ордноос ирж байгаа мэдээнээс үзвэл хэлэлцээний гол сэдэв нь "Трампын захиргааны төлөөлөгчид Монголын гадаад худалдааг олон эх сурвалжит болгоход нь туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” юм гэнэ.

Урьд хожид үзэгдээгүй өглөгч зан шүү! Албани эсвэл Буркина -Фасо улстай адил ДНБ-тэй, эдийн засаг нь дэлхийд 120-130 хавьцаа явдаг улсын гадаад худалдааг олон эх сурвалжтай болгоход дэлхийд хоёрдугаарт ордог том эдийн засаг сонирхож байгааг өөр юугаар ч тайлбарлах аргагүй юм.

Гэвч янки нарын өглөгч зан нь Монголын Ерөнхийлөгч Трампын хүү Бэрронд морь бэлэглэсний хариу биш юм. Хамаг учир "Трамп ба Баттулга хоёр батлан хамгаалах ба аюулгүй байдлын асуудлуудаар хэлэлцлээ” гэсэн ганцхан өгүүлбэрт байгаа бололтой. Монгол шиг газар зүйн сайхан байршилтай АНУ-гүйгээр улс батлан хамгаалах салбараа байгуулна гэдэг чинь юу гэсэн үг байх вэ.

Ядаж байхад Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх ядаргаатай Жон Болтон саяхан Улаанбаатараар дайраад явсан. Энэ нөхөр ч энх тайванд учиргүй хайртай ... америк маягаар хайртай гэдгээрээ зартай хүн.

Б.Гарьд

Эх сурвалж: newspress.mn

Хоосон популист, зальжин луйварчид, хирээ үл мэдэх онгироо залуусыг л ард түмэн УИХ-д сонгосоор ирлээ

$
0
0

УИХ-ын гишүүний төлөөлөх боломж ба чадавхийн асуудалд

УИХ нь төлөөлөх шинж, байдлаараа бол агшаасан, тунгаасан Монгол улс, Монголын нийгэм, Монгол орон мэт байх ёстой. Сүүлийн 23 жилийн жишээ, баримтаас үзэхэд УИХ-ын хэмжээ, бүрэлдэхүүн, бүтэц тун олон янз байжээ.

1992 оны эхэнд төлөөлөгч, депутатуудын тоо 420-д хүрч, бараг л жалга, дов бүхнээс төлөөлөгч сонгогдон ирж байв. Тэгэхдээ аймаг нэг бүрийн хувьд депутатууд нь ахлах, захлах хүнтэй, дагаж дууриах тэргүүнтэй, гаргах шийдвэрт чанар нэмэх ч хүнтэй, товчилж хэлэх аваас бүх талаараа үхрийн бөөр шиг алаг, парламентын гишүүний түвшин, зиндааны хувьд бол ихэнх нь тун ч жолдохоор, ёстой л “эсгий хийх газар нохойны хэрэггүй” гэдэг үгийг өөрийн эрхгүй хэлүүлчихээр тийм бүрэлдэхүүн, бүтэцтэй байсан юм. Тоо нь ч тун олон, олныхоо хэрээр чанар нь ч тун муу, овооны наадмын оролцогчид шиг л харагдахаар хүмүүс байлаа. Бүтэн хоёр сарын туршид тэдний чуулахыг харж, сонсож, судалж суухад энэ шинж, байдал нь огтхон ч өөрчлөгдөхгүй байсаар чуулган өндөрлөсөн юм. “Нэг голын усанд хоёр орж болдоггүй” хэмээх үгийн утга худлаа ч юм шиг санагдаж байж билээ...

1992 оны эцсээс УИХ-ын гишүүдийн тоо шинэ үндсэн хуулийн дагуу цөөрч 76 болсон хэдий ч эгнээний нь чанаржилтын түвшин бараг л өмнөх байдалдаа үлдсэн юм. Харин нэгэн шинэ шинж ихэд тодрон гарсан нь тэр үеийн Монголын төв төр бараг л дан ганц улаанбаатарчуудаас бүрдэх болсон явдал билээ. Чингэж нэг болохлоор дов жалга болгоноос төлөөлөл орж ирдэг, нөгөө болохлоор зөвхөн “Нийслэл хүү, охид” Монгол орныг хот, хөдөөгүй, говь хангайгүй дагнан төлөөлдөг сонин туйлшрал ажиглагдлаа.

Зөв жишиг, жишээ бол Увс аймгийн оршин суугчдыг Увсад амьдардаг нэг иргэн, Дорноговь аймгийн сонгогчдыг мөн тус аймагт амьдардаг нэг иргэн төлөөлөх ёстой билээ. Дэлхийн бараг бүх орны жишиг ийм юм. Вашингтон хотод амьдардаг америк эр Нью-Иорк хотын сонгуулийн тойргоос Конгресст нэрээ дэвшүүлж өрсөлдье гэвээс заавалчгүй Нью-Иорк хотод шилжин суурьшаад тэнд 2-3 жил ажиллаж амьдарч байж дараа нь тэндэхийн сонгуулийн тойрогт нэрээ дэвшүүлэх ёстой болдог.

Дүрсэлж хэлэх аваас далайгаас далайн амьтан, говиос говийн амьтан, намгаас намгийн амьтан төлөөлөн ирж байж газар газрын амьтны төлөөлөгчдийн хурлын танхимд чуулах нь зөв шийдэл байдаг ажээ. Гэтэл Монголд энэнийг үл хэрэгсжээ. Эсвэл Монголд энэнийг мэддэггүй ажээ. Говь, тэмээ, тэмээчний амьдрал, байдлаас “Нийслэл хүү” хичнээн хол, төсөө болохыг үзүүлсэн кино байдгийг ч шинэ үндсэн хууль баталж байхдаа ядаж санацгаасангүй...

2000 оны сонгуулиар парламентад шинээр орж ирсэн хүмүүсийн ам хэл, ажил төрлийг харахад намууд УИХ-д нэр дэвших хүмүүсээ сонгохдоо чухам юу юуг нь гол шалгуур болгож байгаа болох нь тун ч үл ойлгогдохоор байлаа. Аливаа ажил, зорилгод хүмүүсийг сонгон авахад “зайлшгүй хийгээд хүрэлцээтэй шинж, болзол” гэж байдаг. Монгол төрийн түүхэн уламжлал ёсоор бол төрийн түшээдийг сонгож авахдаа гол шалгуур болгодог зүйл нь Нэгдүгээрт: эрдэм мэдлэг, хоёрдугаарт: туршлага, чадвар, Гуравдугаарт: туулсан зам, туурвисан бүтээл, Дөрөвдүгээрт: цэгц шударга зан авир, Тавдугаарт: түвшин талбиун намба, төрх-энэ тавыг “зайлшгүй хийгээд хүрэлцээтэй шинжүүд”-ийн цогцлол хэмээн үзэж иржээ. Тэгэхдээ тухайн хүний энэ шинжүүд нь түмэнд нэгэнт ил болсон, тиймээс ч олны итгэл хүлээх нь огт маргаангүй байх ёстой байлаа.

Аль нэгэн намын дарга, удирдлага нь зөвхөн өөрөө л сайн мэдэх, зөвхөн өөрт нь үнэнч, зөвхөн өөрийг нь тойрон хүрээлэх, шүтэхээ андгайлсан цөөн хэдэн зуйгар, зальхай нөхдөө зөвхөн нийслэл хотоос “тодруулж” хөдөөгийн тойргуудад нэр дэвшүүлээд араас нь магтаалын үгсийг зохиомжлон цацсаар байгаад сонгуулаад авчихдаг болбол төр, түмэн хоёр хоёулаа хохирох болно. Өнөөдөр бид яг ингэж л хохирч байгаа билээ.

Монголд засгийн газрын үйл ажиллагааны бүх хүрээнд бол нэг аймгийн нийт иргэнийг зөвхөн ганц засаг дарга нь л бүрэн төлөөлж байдаг атал хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд бол нэг аймгийн сонгогчдыг дундчаар 3 хүн төлөөлж байгаа нь хачирхмаар баримт юм. Хууль тогтоогчдын тоо ийм олон байгаагаас монголын хамгийн том нь гэгддэг МАХН хүртэл боловсон хүчний нөөц хүрэлцэхгүйгээсээ болж УИХ-ын гишүүн ба засгийн газрын гишүүний үүргийг нэг хүнд төлөөлүүлэн үүрүүлдэг боллоо. Гэвч УИХ-д авсан суудлынхаа тоонд шууд пропорционалиар олон зуун сая төгрөгийг намынхаа хөрөнгөнд татан авахын шуналд автсан намуудын аль нь ч гэсэн УИХ-ын гишүүдийн тоог боломжит доод хэмжээнд нь хүргэж цөөрүүлэх талаар ганц үг ган гэхгүйгээр 22 жилийн нүүрийг үзээд байна. Үнэндээ бол татвар төлөгчид бид л төрийн удирдлагын зардлын хэмжээ болон парламент ба засгийн газрын гишүүдийн тоог товлон тогтоох эрхтэй билээ. Иймд энэ 2012 онд багтааж ард нийтийн санал асуулга явуулж УИХ-ын гишүүдийн тоог цөөлөх талаар шинжлэх ухааны үндэстэй шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Эс тэгвээс зөвхөн хувиа л бодсон намууд удирдлагын зардал, хангамжийг дааж давшгүйгээр их болгон өсгөж ч чадна. Эрх баригч намын удирдах хэсэг, элит гэгдэх хэсэг бүхлээрээ парламент ба засгийн газрын гишүүн, орлогч сайд, газар, агентлагийн дарга болоод ч цаана нь өч төчнөөн том албан тушаал үлддэг болжээ. Чингэснээр төв төрийн хийгээд орон нутгийн удирдлагын зардал жилээс жилд өссөөр байна.

Нийслэл хотод амьдардаг сэхээтнүүд л дангаараа УИХ-ыг эзлэн суух болсноор авилгал, архидалт, “Чи надад би чамд” гэсэн харилцаа, ер ялзралын бүх элемент төрийн ордныг эзэллээ. Шуналын шүлс, цус ойртолтын согог хоёр хэргээ хэзээ, ямраар гүйцээх бол гэхээс цэгц шударга хүний нуруугаар хүйт даах болжээ. Элдэв балаг нь илчлэгдэх бий гэхээс эмээсэн зарим дарганцрууд иргэдийн мэдээлэл өгөх ба авах эрх чөлөөг хязгаарлах гэж ч оролдох боллоо.

“УИХ-ын сонгуулийн тухайн тойргоос нэр дэвших хүн нь заавалчгүй мөн тойргийн нутаг дэвсгэрт наад зах нь сүүлийн 2-3 жил ажиллаж, амьдарч байгаа иргэн байх” гэдэг амин чухал заалтыг сонгуулийн хуульд оруулж өгөх хэрэгтэй байна. Эс тэгвээс тухайн тойргийн сонгогчдын зовлон, жаргалыг өөрийнхөө арьс, махан дээр огт мэдрээгүй, мэдрэх ч үгүй тийм нэгэн “Нийслэл хүү”, “Нийслэл охин” олон арван мянган сонгогчдыг дам маягаар, амлалт ба авилгын ачаар төлөөлөх болчихоод байна. Тойргийнхоо сонгогчдын уудаг ус, иддэг хоол, эдэлдэг бараа, амьдардаг сууц, тэдний боловсрох ба эрүүл мэндээ хамгаалах орчин, нөхцлийн талаар яс, махандаа шингэсэн үнэн ойлголтгүй “Нийслэл хүү, охид” мөнхүү сонгогчдыг төлөөлж чадна гэж үү? “Нийслэлд өссөн, халхжсан, гахай, тарваганы маханд орсон, архи ба авгайд хөл алддаг тэр муу золиг биднийгээ яаж ч төлөөлж чадах билээ!” хэмээн нэгэн казах эр шүүрс алдахыг судлаач миний бие нүдээр үзэж, чихээр сонсож явсан билээ. УИХ-ын сонгуулийн хууль бол Улаанбаатарын сэхээтнүүдийн овсгоотой, зальжин хэсгийн ашиг, сонирхлыг хамгаалсан хууль мөн гэж хэлэх хүн ч бас тааралддаг. “Хөдөөдөө тунаж үлдсэн, орхигдсон хүмүүсийн нөхцөл, байдал, амьдралын хэрэгцээ, шаардлагыг Улаанбаатар хотоос нэр дэвшээд улиран улиран сонгогдож байгаа эрхэм гишүүд мэдэхээ, ойлгохоо бүр больсон шүү дээ” гэсэн үгийг ч мөн бишгүй сонслоо. Наадамших, эрэмшин танхайрах гэдгийн нэгэн адил “Эрхэмшиж гишүүншиж” гүйцээд аливаа зүйлд ерөнхийлөн даргархаж хандах, амьдралаас хол хөндий сэтгэх, зөвхөн хувийн явуургүй үзэл, бодолдоо хөтлөгдөж, хоосон мэдэмхийрч хандах, ихэмсэглэж томорч хандах, асуудлын уг, учирт орохоос залхуурч, яршиглаж хандах шинэ цагийн өвчин буй болсон талаар хэлэх, сануулах хүн хот, хөдөөд олон болжээ...

“Монголын ард түмний хувьд нэгэн том эмгэнэл бий. Энэ бол төрийн хэрэгт жинхэн ёсоор зүтгэж чадах эрдэмт хүнээ төв төрд огт ойртуулдаггүй хачин үзэгдэл юм. Сүүлийн 20 гаруй жилд эсвэл хоосон популист, эсвэл том дуутай догматикууд, эсвэл овжин, зальжин луйварчингуудад, эсвэл “том” гэгдэх намаас нэр дэвшсэн хэнхэг эрхмүүд, хирээ үл мэдэх онгироо залуус мэтийг л ард түмэн УИХ-д сонголоо. Сонгогдсон хүмүүс нь засгийн газрыг бүрдүүлэхдээ бүүр ч долоо дордуулсан сонголт, томилолт хийж байв.

Чингэж эрдэмгүй эрдэмтэн, чадваргүй сайд бэлтгэх сургууль гэж хэрвээ байдагсан бол тийм сургуулийн бэлтгэл ангийн сонсогч төдийхөн баймаар зэрэг зиндааны хүмүүс савангийн хөөс шиг төр, засгийн өндөрлөгт гарч ирцгээгээд байна. Энэ тухай үнэнийг судлаачид та нар яагаад хэлдэггүй, бичдэггүй юм бэ” гэж судлаач биднийг зэмлэдэг 50-60 насны голдуу хүн ч өнөөдөр олон болжээ.

Өмнө яригдсан зүйлүүдэд тулгуурлан дүгнэх ахул Нэгд: Зөвхөн тухайн тойрогт (нутаг дэвсгэрт нь) амьдарч, аж төрж байгаа (сүүлийн 3-5 жил) хүнийг л УИХ-д сонгуулахаар нэрийг нь дэвшүүлдэг байх, Хоёрт: Мөнхүү нэр дэвшигчид тавигдах ёстой уламжлалт шалгуур үзүүлэлтүүдийг сонгуулийн хуульд тусгаж өгөх, хуулийн эл заалтанд тулгуурлан сонгогчид сонгуулийн кампааны явцад нэр дэвшигчдийг шүүж, шигшиж, шалгаруулж сонгодог мэдлэг ба сурцыг олон түмэнд эзэмшүүлэх, Гуравт: Өөрийн төлөөлөгчөө (депутатаа) хянах, шаардлагатай тохиолдолд түүнийг огцруулах энгийн, хялбар механизмыг Монгол улсын үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн хуульд буй болгож ягштал сахиж байх шаардлагатай байна. Иймэрхүү байр сууринаас хандаж чадах эрмэлзлэл, ойлголт, сурц манай сонгогч олонд буй болж эхэлсэн гэж үзэх үндэс ч бас бий юм. 

Дээр яригдсан бүхэнтэй уялдаа, холбоо бүхий нэгэн зүйлийн талаар товч өгүүлье. Сүүлийн 4-5 жилийн дотор ажиглагдах болсон, цаашид ихэд газар авч болзошгүй нэгэн үзэгдэлд өнөөдөр хүмүүс дасаж эхлээд байна. Энэ бол намдаа их хэмжээний мөнгө хандивлаад УИХ-д болон өөр том албан тушаалд нэрээ дэвшүүлдэг явдал юм. Тэр хүмүүс ийм арга, замаар биднийг, нийгмийг удирдах эрх олж авахыг хичээж буй ажээ. Энэ нь хэрэг дээрээ бол улс төрийн шийдвэр гаргах эрх мэдлийг ганцхүү үндэсний хөрөнгөтөнгүүдэд өгөх гэсэн санаархал, оролдлого мөн.

Улс төрийн эрх мэдлийг өмч хөрөнгөтэй, чинээлэг, цөөн хэдэн хүмүүс, баячуудад өгснөөр хязгаарлах, жирийн иргэд, дундчуудыг II, III сортын хүмүүс болгож шоовдорлох, тэдний төлөө онцолж юу ч хийхгүй байх, зөнд нь орхих, хувь заяаг нь өөрсөд нь даатгаж хаяхыг зөвтгөж үзэх явдал бол элитийн онол болон цөөнхийн авторитаризмаар тугаа хийсэн зарим залууст түгээмэл үзэгдэл болоод байна.

Большевизм нь либерализмын нэгэн (зүүн) туйлшрал байсан шиг элитийн онол, практик ч гэсэн либерализмын нэгэн (баруун) туйлшрал мөн юм. Адам Смитын (1723-1790) эдийн засгийн либерализмыг баруун тийш нь туйлшруулж, элитаризмын онолыг луйврын капитализмын онол болгож хувиргах оролдлого өнөөдөр Монгол оронд ийнхүү буй болжээ. Энэ бол бага мэдэхийн балаг, нялхсын өвчин, улс төрийн гэнэндүү, бүдүүлэгдүү залуу “баатруудын” гарын ажил, бүтээл мөн  болно.

Судлаач, проффесор Д.Чулуунжав

Эх сурвалж: sonin.mn

Ц.Элбэгдорж, С.Баяр нарын авлигын мэдээлэл НҮБ-ын “чих”-нд хүрчээ

$
0
0

Монгол төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байсан олон эрхэм өнөөдөр АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжиж байна. Тэдний холбогдсон авлига, албан тушаалын хэргийн ард улс орны эрх ашгийг хохироож, өөртөө болоод хамаарал бүхий этгээддээ хэдэн арван сая ам.доллар завших боломж олгосон, завшсан асуудлууд яригддаг юм. Тэгвэл манай төрийн өндөр дээд албан тушаалтнуудын авлигын хэрэг Монголоос хальж, дэлхийг дэлдийлгээд эхэлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын авлигын талаарх мэдээлэл НҮБ-ын “чих”-эд хүрчээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаадаас оруулж ирсэн “улс төрийн мөнгө” гэх хэдэн сая ам.доллар, Ерөнхий сайд асан С.Баярын гаднын томоохон компаниас шан болгож авсан гэх хэдэн арван сая ам.долларын тухай мэдээлэл НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 4-5 жилийн өмнө очсон байна.

Өнөөг хүртэл маш нууцлагдаж ирсэн энэ явдал удахгүй олон нийтэд ил болж, томоохон дуулиан шуугиан дэлхийгээр нэг дэгдэх бололтой дог.

НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр нарын мэдээллийг хүлээн авч, судалгаа шинжилгээ хийж суугаа нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд явагдаж байгаа ажээ.

Монгол Улс энэ Конвенцид 2005 онд нэгдсэн. Оролцогч улсын хувьд Конвенцийн “дүрэм”-ийн дагуу хэрэгжилтийнх нь талаар байнга тайлан мэдээлэл өгч ирсэн байдаг.

Мөн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэнээс жилийн дараа буюу 2006 оны Авлигын эсрэг хуулийн дагуу авлигын эсрэг гол байгууллага болох АТГ-ыг байгуулж, 2002 онд шинэчлэгдэн батлагдаж, 2008 онд нэмэлт, өөрчлөлт орсон Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Албан тушаалын гэмт хэрэг” гэсэн бүлэгт АТГ-ын мөрдөгчдийн шалгах хэргүүдийг оруулж өгсөн. Энэ нь албан тушаалтнуудын хүнд суртал, хээл хахуулийн багана ганхахад зохих үүрэг гүйцэтгэсэн гэж манай эрх баригчид хэлдэг юм.

Ер нь бол НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид зааснаар оролцогч улс бүр авлигын эсрэг тэмцлийнхээ талаар бусад оролцогч улс орнууд болоод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд шууд харилцах, НҮБ ч анхаарлаа хандуулдаг юм байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Дуучин Ч.Цэлмүүний "хүү том болжээ"

Азын дугаар зарна гэсэн хуурамч заранд хууртахгүй байхыг анхаарууллаа

$
0
0

Азын дугаар зарна гэсэн хуурамч заранд хууртахгүй байхыг анхаарууллаа

 

Авто тээврийн үндэсний төвөөс УАА гэх автомашины улсын дугаарын шинэ серийг өнгөрсөн сарын сүүлээр задалж иргэдэд олгох ажлыг эхлүүлсэн билээ.

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан Солонгос залуус

$
0
0

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ хоёрдугаарт ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч байсангүй. Энэ нөхцөл байдалд улсаа хөгжүүлэхийн тулд Баруун Герман руу элчин сайдаа илгээн мөнгө зээлэх хэлцэл хийж чадсан байна. Ямар ч улс зүгээр л мөнгөө бусдад зээлдэггүй нь мэдээж.

Тэд Баруун Германд дутагдалтай байгаа уурхайн ажилчид, сувилагч нарыг Өмнөд Солонгосоос хангаж тэдгээр ажилчдын цалингаар нь дэнчин тавьж 140 сая марк буюу одоогоор бол 100 сая доллар зээлэх хэлцэл хийжээ. Солонгос улс нөхцөл байдлаа ард түмэндээ илэн далангүй хэлж, улсынхаа залуу иргэдээс тусламж хүсэхэд 46,000 залуу ажиллахаар хүсэлт гаргалаа. Тэр дотор дээд сургуулийн оюутнууд, ахлах сургуулиа дөнгөж төгссөн сурагчид ч мөн олноороо байв.

Шалгаруулах ярилцлагад орохдоо гар нь булбарайхан байгааг хараад тэнцэхгүй байх вий гэсэндээ шахмал түлш гартаа түрхэж хүчтэй, ширүүн гар болгон харагдуулж тэнцэж байсан тухайгаа хожим нь дурсан тэмдэглэсэн байх юм билээ. Ингэж л тэд улсдаа туслахаар халуун сэтгэлийг өвөрлөн Кэмпугийн онгоцны буудлаас харийн орон Баруун Герман руу хөдөлж. Эмэгтэйчүүд нь хөдөөгийн эмнэлгүүдэд хэд хэдээрээ хуваагдан тараагдлаа.

Хэл ч мэдэхгүй сувилагч нарын анхны хариуцсан ажил бол нас барсан хүмүүсийн цогцсыг арчих ажил байлаа. Марльд спирт шингээн шарилыг нарийвчлан арчих ажил тэднийх. Өдөржин арчина, дахиад л арчина. Үхсэн хүний цогцостой өдөржин хамт байх ямар л сайхан байхав дээ. Тэд уйлж байсан ч эргэж буцаагүй юм. Харин эрчүүд нь уурхайд 1000 метрээс ч гүн газар доор агааргүй халуун нөхцөлд нүүрс ухах ажил хийдэг байлаа.

Герман ажилчид өдөрт 8 цаг л ажиллаж байхад солонгос ажилчид 10-аас дээш цагаар газрын гүнд ажилладаг байлаа. Германы нэвтрүүлэг, сонин сэтгүүлүүдэд хүртэл солонгосчууд бол гайхамшигтай ажилсаг үндэстэн, тэдний агуу их тэвчээрийг биширч байна гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнээс хойш хэдэн жилийн дараа 1963 онд Баруун Германы Ерөнхийлөгч Любкигийн урилгаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи /одоогийн Пак Гэн Хи-гийн аав/ Баруун Германд айлчлах болов.

Мэдээж тэр үед Солонгос ядуу орон байсан учраас Ерөнхийлөгчийн онгоц гэж тэдэнд байгаагүй. Тиймээс АНУ-ын онгоцонд нислэгийн билет захиалсан боловч Пак Жон Хи Ерөнхийлөгч төрийн эрхийг цэргийн хүчээр эзлэн авсан тулд бид онгоцоороо үйлчлэхгүй гэж билетийн захиалгыг цуцаллаа. Энэ мэдээг сонссон Баруун Германы тал өөрийн онгоцоо илгээн ядуу Солонгосын Пак Жон Хи Ерөнхийлөгч Германд айлчлан ирлээ. Хэцүүхэн замыг туулан ирсэн Ерөнхийлөгчөө Солонгосчууд маш халуун дотноор угтан авлаа.

Германд хүрч очоод Пак Ерөнхийлөгч, Любки Ерөнхийлөгчтэй хамт уурхайн ажилчдад урам зориг өгөхөөр уурхай руу явлаа. Солонгос ажилчид Ерөнхийлөгчөө угтаж авахаар 500 хүн багтах хурлын зааланд цугларсан байлаа. Солонгосын Ерөнхийлөгч хурлын танхимд орж ирээд түүнийг угтсан, ажлын хувцсаа өмссөн уурхайчдын царай нь тас хар болтлоо түлэгдсэн байгааг харлаа. Пак Ерөнхийлөгч үг хэлэхийн өмнө төрийн дуулал эгшиглэхэд хоолой нь зангиран төрийн дууллаа ч дуулж чадсангүй.

Пак Жон Хи Ерөнхийлөгч үг хэлэх болоход зөвхөн улс нь ядуу гэдэг шалтгаанаар харь хол газар, бусдын улсад, газар доор хэдэн мянган метрийн гүнд нүүрээ хав хар болтол түлэн, хүнд хэцүү ажил хийж байгаа өөрийн улсын иргэдээ хараад үгээ ч хэлч чадахгүй зүгээр л ”Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллацгаая, хойч үеийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллацгаая” гэж нулимсаа тэвчсэн хоолойгоор дахин дахин давтан хэлж байлаа.

“Улс нь ядуугийн улмаас харь хол хүний нутагт, хэдэн мянган метрийн газар доорх гүнд, хүнд хүчир ажил хийж байгаа уурхайчин залуус, харийн хүний цогцос арчиж буй эмнэлгийн сувилагч охид, эх нутагтаа өлсөж байгаа ядуу иргэдээ бодож илүү цааш тэвчиж чадахгүй байна” гээд “БИД энэ үнэ цэнийг мартах учиргүй” гэж хэлэн хоолой зангируулан нулимсаа арчихад тэнд байсан уурхайчид болон сувилагч нар бүгд уйлжээ. Үүнийг харж суусан Германы Ерөнхийлөгч Любки хүртэл нулимстай байв.

Пак Ерөнхийлөгч гуниглан, зочид буудал руугаа явах замдаа ч машин дотор үргэлжлүүлэн нулимс дуслуулж явлаа. Хажууд нь сууж байсан Ерөнхийлөгч Любки нусны алчуураа сарвайн “Бид тусламж өгнө, германы ард түмэн тусална” хэмээн хүч өгөн тайвшруулж. Баруун Германы УИХ-ын танхимд Пак Ерөнхийлөгч үг хэлэхдээ ”Бидэнд мөнгө зээлээч, Бид ч бас танай улс шиг социалист оронуудтай түнжин хагарчихсан байгаа.

Солонгос улс социалист орнуудыг ялъя гэвэл тодорхойгоор эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй байна. Солонгос улсад мөнгө зээлээч. Бид зээлсэн мөнгөө заавал буцаан төлөх болно. Би худлаа ярьж мэдэхгүй. Манай солонгосын иргэд огтхон ч худалч биш. Социалист орнуудыг ялж чадахад тусалж өгөөч” гэж хэлжээ. Тухайн үед Солонгос улс баялаг ч байхгүй, мөнгө ч байхгүй дэлхийн хамгийн ядуу орны нэг байлаа. Ард нь Энэтхэг л байсан. Тэд Германаас мөнгө зээлж чадсан ба 1965 оноос эхлэн экспортын хэмжээгээрээ дэлхийг цочоож эхэллээ. Өнөөдрийн Солонгос улсын орчин үеийн хөгжлийн эхлэл нь уурхайчид болон сувилагчдаа герман руу илгээсэн томилгооноос үүдэлтэй гэж тэмдэглэн үлдээжээ.

Орчуулсан С.Болортуяа

Эх сурвалж: tuuh.mn 


Халхгол суманд Маршал Жуковын хөшөөг босгов

$
0
0

Эрхүү мужийн мэргэжилтнүүд ЗХУ-ын Маршал Георгий Жуковын хөшөөг Халхгол суманд босгох ажлыг гүйцэтгэж дуусжээ. Энэ тухай Эрхүү мужийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Эрхүү мужийн мэргэжилтнүүд Маршал Георгий Жуковын 4 м өндөр хүрэл хөшөөг Халхгол суманд байршуулах ажлыг гүйцэтгэж дууслаа” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Эрхүү мужийн амбан захирагч Сергей Лавченко нар өнгөрсөн оны 6 дугаар сард хөшөөг босгох тухай тохиролцоонд хүрсэн юм. Гэрээг ОХУ-ын Уран барималчдын академийн гишүүн Александр Мироновтой байгуулжээ. Георгийн Жуковын удирдсан Халхын голын дайнд ЗХУ болон Монголын дайчид ялалт байгуулсны 80 жилийн ой энэ онд тохионо. Халх гол сумын шинэ төвийг барьж байгуулах ажлыг 9 дүгээр сарын 3-нд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд ойн баярын арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирэх юм.

Э.Аянзаяа

2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

$
0
0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

-Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр

-Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр

-Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө

-Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал

-“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дани улс 0 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлжээ

$
0
0

Дани улсын “Nordea Bank” 20 жилийн хугацаатай, 0 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн тухай “Bloomberg” мэдээлжээ.

Энэ бол тус улсын түүхэн дэх анхны 0 хувийн хүүтэй ипотекийн зээл юм байна. Саяхан Данийн өөр нэгэн банк болох “Jyske Bank” нь 10 жилийн хугацаатай, жилийн хасах 0,5 хувийн хүүтэй зээл олгохоо мэдэгдээд байсан юм. Энэ нь байр худалдан авч буй иргэн банканд хүү төлөх бус банкнаас 0,5 хувийн хүү авна гэсэн үг ажээ.

Мөн Данид жилийн 0,5 хувийн хүүтэй, 30 жилийн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байгаа гэнэ.

Данид өмнө нь 2015 онд ипотекийн зээл хасах болж буурч байжээ. Тухайн жил Данийн Төв банкнаас бодлогын хүүгээ хасах 0,35 хувь болгож бууруулахад банкнууд ипотекийн зээлээ хасах руу оруулахаас өөр аргагүй болжээ.

Дани улсын “Nordea Bank” 20 жилийн хугацаатай, 0 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн тухай “Bloomberg” мэдээлжээ.

Энэ бол тус улсын түүхэн дэх анхны 0 хувийн хүүтэй ипотекийн зээл юм байна. Саяхан Данийн өөр нэгэн банк болох “Jyske Bank” нь 10 жилийн хугацаатай, жилийн хасах 0,5 хувийн хүүтэй зээл олгохоо мэдэгдээд байсан юм. Энэ нь байр худалдан авч буй иргэн банканд хүү төлөх бус банкнаас 0,5 хувийн хүү авна гэсэн үг ажээ.

Мөн Данид жилийн 0,5 хувийн хүүтэй, 30 жилийн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байгаа гэнэ.

Данид өмнө нь 2015 онд ипотекийн зээл хасах болж буурч байжээ. Тухайн жил Данийн Төв банкнаас бодлогын хүүгээ хасах 0,35 хувь болгож бууруулахад банкнууд ипотекийн зээлээ хасах руу оруулахаас өөр аргагүй болжээ.

ЭХ СУРВАЛЖ: Sonirholtoi.com 

http://sonirholtoi.com/47532?fbclid=IwAR047GQsgtJX7j2hNLCvOaOiJde8MmaSmLmLmHLkMZe4SpPR1cKy3C_nTbc

Хоёр ажилтан нь амь үрэгдсэн компанийн үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын газраас удаа дараа зогсоож байжээ

$
0
0

Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн уурхайн талбайд 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алдсан билээ. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан 2 хүн усанд унаж осолдсон бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Тус компанид энэ оны гуравдугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтын бүрдэл дутуу, Аюулгүй байдлын арга хэмжээнд хөрөнгө төсөвлөж зарцуулаагүй, Ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, Хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй, Дотоод хяналт хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул 12 заалт бүхий албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Түүнчлэн тавдугаар сард хууль зөрчин, нууцаар ажилласан тул дахин зогсоож, лацадсан. Гэвч баяр наадам, иргэдийн амралт, аяллын үеийг давхцуулан дахин нууцаар, хууль зөрчин ажиллаж, шөнийн цагаар ажилтнуудыг ажиллуулжээ.

Тиймээс компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хоёр хүний амь үрэгдсэн гэж болохоор байна. Хяналт шалгалт үргэлжилж байгаа.

Олимпийн нээлт, хаалтын тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах хүсэлт тавилаа

$
0
0

Монгол Улсын Их Хурлын гишүүн,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ.

Эхний өдөр Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Масахико Шибаяаматай уулзав. Хоёр яамны хооронд 2017 оны хоёрдугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэд хэдэн чухал асуудлыг хөндөв. Тухайлбал, Багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах богино, урт хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх мэргэжлийн хүрээнд соёлын өв, соёлын өвийн барилга байгууламжийг сэргээн засварлахмэргэжилтэн бэлтгэх хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.

              Олимпийн нээлт, хаалтын тоглолтод Монгол уран бүтээлчдээс оролцуулахыг хүслээ

Мөн Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж, дэмжлэг хүслээ. Тухайлбал,  "Хост таун" хөтөлбөр, олимпийн наадамд оролцох Монголын тамирчид, Олимпын үеэр Токиод Монголын талаас ажиллуулахаар төлөвлөж байгаа "Монгол хауз" соёлын сурталчилгааны ажил,  олимпийн нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сүзүки  Монголын талаас санаачилга гаргаж, олимпийн асуудлаар идэвхитэй ажиллаж байгаад талархаад, дэмжихээ илэрхийлэв.

                       “Коосэн” загварын сургуулиудыг нэмж байгуулах боломжийн талаар хэлэлцлээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Танигүчи Исаотай уулзав. Салбарын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Коосэн сургуулиудтай хамтран хэрэгжүүлж  буй “Коосен” хөтөлбөрийг үргэлжлүүлэн цаашид  Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон Өмнөговь аймагт загварын коллеж нэмж байгуулахад  дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ үеэр  хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдаж байгааг Японы Коосэн нийгэмлэгийн удирдлагууд онцолж байлаа.

Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тэргүүн эгнээнд зогсох инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилготой уг Төсөлд  200 оюутныг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 25 оюутан төгсөж, Япон улсад 88,  Коосэн сургуульд 27, бэлтгэл хөтөлбөрийн 1-2 дугаар дамжаанд 45 оюутан суралцаж байна.

Монгол оюутнуудыг  3 дугаар курсээс нь  Япон Улсын Коосэн сургуульд шилжүүлэн суралцуулахын тулд ШУТИС-д 1.5 жилийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хоёр улирал хичээллэсний дараа оюутнууд механик, цахилгаан, электроник, мэдээллийн систем, хүрээлэн буй орчин, барилга, архитектур мэргэжлээс сонгон суралцдаг байна.

                                                   ЖАЙКА-гийн дэд ерөнхийлөгч Н.Сузукитэй уулзлаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгч, хатагтай Н.Сузукитэй уулзлаа.

Манай улс энэ онд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг баталж, сургууль бүр стандартын шаардлагад нийцсэн гал тогооны орчин бүрдүүлэх, 1-12 дугаар ангийн сурагчдад өдрийн хоолоор үйлчлэх, хоол зүйч, тогооч гээд мэргэжлийн хүний нөөц ажиллах эрх зүйн орчин бүрдүүлсэн гэдгээ танилцуулав.

Япон Улс сургуулийн хоолны газар, хоол, шим тэжээлийн стандарт, эцэг эхийн хяналт, оролцоог амжилттай нэвтрүүлж чадсан туршлагатай учраас хоолзүйч, тогоочийн сургалт, хоол үйлдвэрлэлийн жишиг загвар орчныг бүрдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр Япон-Монголын сургалтын эмнэлэг, бага, дунд сургуулийн барилга барих, хүүхэд төвтэй боловсролыг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр нийт найман төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 

Авлигыг “цэцэглүүлсэн” Ардын нам

$
0
0

Эрх баригчдад өнөөдөр амлалт, мөрийн хөтөлбөрөө нэгд нэгэнгүй хянаж, бүтээн байгуулалтаа бүртгэж, ашиглалтад оруулахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байх үе. Хаана л бүтээн байгуулалт өрнөж байна, хаана юунаас болоод гацаж байгаа зэргийг шалгаж, асуудлыг шуурхай шийдээд, шийдээд явдаг үе. Басхүү иргэдийн амьжиргаанд анхаарч, эдийн засгийг сэргээдэггүй юм гэхэд өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байхад анхаарч, өрхийн хэрэглээг ерөнхий индексээр хянаж, наанадаж, мах, гурилын үнэ ханшийг бууруулж чадахгүй юм гэхэд нэмэхгүй байхад анхаарч ажиллах үе.

Атал өнөөдөр дэлхийн зах зээлд, тэр дундаа шатахуун импортлогч хойд хөршид шатахууны үнэ буурч, энэ хэрээр манай улсад ч буурдаггүй юм гэхэд нэмэгдэхээргүй байгаа.  Ашигт малтмал, газрын тосны удирлагууд шатахууны үнийг долдугаар сард дахин 50 төгрөгөөр бууруулах боломжтоай гэж хоёр сар орчмын өмнө мэдээлж байсан. Ямартай ч өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг дахин буурлаа сонсоогүй. Харин ч эсрэгээрээ мах, гурилын үнэ нэмэгдсээр ирсэн.  Шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг бичигдээгүй хууль манай үйлчилдэг. Нэгэнтээ, ачаа тээвэрлэлтийн зардал нэмэгдэхээр бараа таваарын ханш нэмэгдэхээс аргагүй.  Харин дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч  байхад манайд өргөн хэрэглээний барааны ханш өссөөр байгаа гаж тогтолцоо өнөөдөр үйлчилсээр байна.

Ханш нь тэнгэрт хадаад бгаа махны үнийг буурууллаа гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан наадмын өмнө мэдээлсэн. Гэвч монголын хууль гурав хоног гэгчээр сайдын хэлсэн үг салхинд хийсч, маргаашнаас нь л махны үнэ дахин нэмэгдсээр, өнөөдрийг хүртэл буурахгүй, буурна гэдэгт ч итгэхэд бэрх болоолд байна. Гэхдээ энэ нэмэгдсэн үнэ малчдын амьдралд эергээр нөлөөлж, амьжиргаанд нь нэмэр болж байвал аштай юу. Гэвч мал,  мах өндөр үнээр борлогдоод, бидний амьдралд дэмтэй байна гэж малчдын амнаас л сонсогдоогүй. Харин урьдын адил цөөн хэдэн ченжийн халаасыг түнтийлгээд гэсэн хардлага бий. Тэр дундаа мах экспортлох компаниуд малчны хотноос бус ченжийн гараас нөөцийн махыг бэлтгэсэн нь тодорхой болсон. 

Ирэх намраас  гурилын үнэ нэмэгдэх сураг дуулдана лээ. Тэгээд ч талх, нарийн боовны үнэ 50, 100 төгрөгөөр үл ялиг нэмэгдсээр нэг л мэдэхэд хэдэн жилийн өмнөхөөс 500, 1000 төгрөгөөр давсан байх юм. Хэдхэн жилийн өмнө 1200 төгрөг байсан талхны үнэ өнөөдөр 1500 төгрөгт хүрээд байгаа.

Дөрвөн жилийн өмнө амьжиргааны түвшин доогуур өрх хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо хүүхдийн мөнгөөрөө сарын хүнсээ авахад хүрэлцэхгүй, цаашлаад амьжиргааны түвшин доогуур өрхөд олгодог хүнсний талоноор авдаг бараа ч жилээс жилд хумигдсаар байгаа гэдэг юм билээ. Арга ч үгүй биз, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөөр худалдан авалтын хэмжээ ч буурна.

Эрх баригчид эдийн засгийн санхүүгийн хямралд орж, дефольт  зарлах гэж байсныг бид сэргээсэн гэж чанга дуугаар хэлдэг. Гэвч  эрх баригчдийн өсгөсөн таван хувь өрхийн амьжиргаанд мэдрэгдээгүй, цалин, тэтгэвэр нэмлээ ч нөлөөлөөгүй. Учир нь эдийн засгийн өсөлт, цалин тэтгэвэрийн нэмэлтээс үл хамаараад өргөн хэрэглээний барааны үнэ ханш алгуур өссөөр ирсэн. 

Өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, эдийн засгийн үзүүлэлт дээшилснээс бус эрх баригчид хуруугаа ч хөдөлгөөгүй гэж экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн чин үнэн үг шүү. 

Харин өнгөрсөн хугацаанд эрх баригчид Засгийн газраа хоёронтаа байгуулж, УИХ-ын даргыг чөлөөлж, томилж, салбарын сайдыг хэдэнтээ огцруулж, дараагийн томилгоог шуурхай хийж, хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг нийгмийн шаардлагаар чөлөөлж, нөхөн сонгуулийг зарласан ч явуулахгүй цаг хожиж чадлаа.

Цаашлаад энэ парламентын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан тэрбум  тэрбумаар нь зээл авсан нь  илэрч, зөвшөөрөл өгч, гарын үсэг зурсан  салбарын сайдыг огцруулсан нэр зүүгээд асуудлыг чимээгүй орхисон.  Шалгагдаж байгаа уг хэргийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "ЖДХҮС-гаас гурван хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэй өсгөж, банк бус санхүүгийн байгууллага, ломбард ажиллуулсан гурван гишүүн байгаа"-г онцоллоо. Тэгвэл энэ гурван эрхмийн ард агаар нэгэн 37 эрхэм бий. 

Саяхнаас МХЕГ-ын Газрын дарга нарын авлига авсан бичлэг цацагдаж, бие, ажлын байр, гэрээс нь нийтдээ нэг тэрбум төгрөгийн  авлигын мөнгө илэрсэнээс 10 мянган ам.доллар оймсноос нь гарсныг тэр бичлэгээс бид түмнээрээ харсан. Тэрбум төгрөгийн авлигын хэргийг 40 сая төгрөгөөр торгож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан юм билээ.

Олон нийтэд бичлэг цацагдсантай зэрэгцээд УИХ-ын дарга авлига, албан тушаалын хэргийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг  байгуулаад байгаа. Гэхдээ энэ нь нэр төдий ажиллаж, хуулийг эргэж үйлчлүүлэхгүйгээр, цаг хугацаа хожсон үйлдэл гэж олон нийт харж байгаа.

Дараагийн сонгуулийн жил хаяанд ирсэн энэ өдрүүдэд  эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хүлээлт нэгэнтээ арилсныг эрх баригчид эрхбиш тааварлаж байгаа биз.  Ийнхүү эрх баригч намын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар анх “ардын”  тодотголыг өөрсдөдөө оноож байсан бол өнөөдөр авлигын Засаг гэж ард түмэн цоллох боллоо. Ардын намын үед авлига ч газар авч, ард иргэдийн амьжиргаа улам доройтлоо. Авлигыг цэцэглүүлснээ эдийн засгийг сэргээсэн гэж эндүүрэх нь том алдаа. Хүссэн ч, эс хүссэн ч  тойрон хүрээлэгчидтэй хамт ваакумжилтаасаа гарч, хөрсөн дээр бууж, ард иргэдийн амьдралыг мэдрэх сонгуулийн цикль ойртож л байна. 

Н.Энхбат

Эх сурвалж: shuud.mn

 

 

АНУ-аас олдсон “ЦУС СОРОГЧ”-ийн цогцосны нууцыг тайллаа

$
0
0

АНУ-ын Коннектикут мужаас 1990 онд олдсон нэгэн цогцсыг “цус сорогч”-ийнх хэмээн шуугиж байсны нууцыг эрдэмтэд ДНК-гийн шинжилгээний тусламжтайгаар тайлахад 1826 онд нас барсан бодит хүний яс болох нь илэрсэн байна. 

The Sun хэвлэлд бичсэнээр бол маш бохир авсанд хийн оршуулсан энэ шарил нь 1700-1800 онуудад цус сорогчидтой ид тэмцэж байсан үед хамаарч байна. Энэ хүн Шинэ Английн дунд эргэм насны нэгэн фермер Жон Барбер гэгч байсныг судлаачид олж тогтоожээ. Энэ үед америк даяар сүрьеэ өвчин ихэд тархаж хүмүүс цусаар ханиалгадаг байсан нь бусдад цус сорогч шиг харагддаг байж. Ингээд л Барберийг үхсэний дараа өвчнийг нь бусдад халдварлуулахгүйн тулд биеийг нь усанд буцалгаж, зүрхийг нь шатаасан байна. 

Эх сурвалж: inews.mn


Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлж эхэллээ

$
0
0

Дэлхийн номер нэг болон хоёрт эрэмбэлэгдэж буй эдийн засгуудын хороон дахь худалдааны дайн өнгөрсөн жил гаруйн хугацаанд даамжирсаар оргил цэгтээ хүрэв.

Энэ нь түүхий эдийн экспортоос голлох орлогоо олдог манай улсын хувьд бэрхшээл болох магадлалтайг “Голомт” банкны шинжээчдийн баг онцолж байна. Гадаад худалдааны дайн манай эдийн засагт зэсийн уналтаар дамжин аль хэдийнээ сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлсэн.

Тэгвэл АНУ-ын зүгээс ирэх сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн тариф тогтоохоор болсон нь манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн ханшид дарамт үзүүлэх төлөвтэй. Мөн импортын зарим барааны ханш өсөх байдлаар манай улсын эдийн засагт нөлөөлөх юм.

НҮҮРСНИЙ ХАНШ УРТ ХУГАЦААНДАА ТОГТВОРТОЙ БАЙХГҮЙ

Дээрх мэдэгдлийн дараа уул уурхайн түүхий эдүүдийн ханш суларч эхэлсэн. Худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн хамгийн том түүхий эд импортлогч БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил суларна гэж үзсэнтэй холбоотой ийм хандлага гарах болсон байна.

Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн хэрэглэгч орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, худалдааны дайны нөлөөгөөр зэсийн эрэлт буурах хүлээлтийг үүсгэж, ханшийг сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч буурчээ.

Түүнчлэн газрын тосны эрэлт буурах хүлээлттэй байгаа. Монгол Улсын хувьд түүхий газрын тосоо экспортод гаргаж, гаднаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаг учраас алдагдал нь авдагтайгаа дүйх болов уу гэх таамаг гарчээ.

Харин Хятадын гангийн үйлдвэрлэл эргэн өсөж байгаа нь нүүрсний эрэлтийг бага зэрэг дэмжиж байгаа аж. Урд хөршийнхөн дотоодын нүүрсний уурхайнуудад шалгалт хийгдэж байгаа болон Монголын нүүрсний экспортын хэмжээ хязгаарлагдмал байгаа нь нийлүүлэлтийг бууруулснаар ханш дэмжигджээ.

Өнгөрсөн хугацаанд Хятад улс Австрали нүүрсний импортод хязгаарлалт тогтоосон нь ч нөлөөлсөн бөгөөд нүүрсний ханшид гарсан бага зэргийн өсөлт тийм ч удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдэг таамаг шинжээчдийн дунд давамгайлах боллоо.

Учир нь гадаад худалдааны дайнаас үүдэн Дэлхийн банк, Олон улсын валютын сан тэргүүтэй байгууллагууд дэлхийн эдийн засгийн төлөв байдал, цаашдын өсөлтийн талаарх хүлээлтээ өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд бууруулсаар байгаа аж.

2019 оны эхний хагас жилийн хугацаанд ОУВС нь Дэлхийн, тэр дундаа манай түүхий эдийн гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг гурван удаа бууруулаад байна.

Үүнтэй холбогдуулан АНУ төдийгүй дэлхийн олон орны төв банк бодлогын хүүгээ бууруулж эдийн засгаа тэтгэх арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн банк сүүлийн 10 жилийн туршид анх удаа хүүг бууруулах шийдвэр гаргаад байна.

Холбооны нөөцийн сан хэдхэн хоногийн өмнө бодлогын хүүг 0.25 хувиар бууруулсан. Ингэхдээ худалдааны дайн тодорхой бус байдлыг бий болгож буйгаар онцолсон тайлбарласан юм. Нөгөө талд нь БНХАУ-ын Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ам .доллартай харилцах ханшийг 2008 оны түвшиндээ аваачаад байгаа. Ингэснээр тус улсын экспортод эергээр нөлөөлнө гэж тооцож буй.

Эдгээрээс гадна Европын хэд хэдэн орны төв банк бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авсан. Зарим нь бодлогын хүүгээ бүр хасах хувьд болгон эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч эхэлсэн байна.

Монгол Улсын хувьд мөнгөний зөөлөн бодлого баримтлахаас болгоомжилж байгаа бөгөөд шинжээчдийн таамгийн дагуу зэс, нүүрсний ханш ирэх жилүүдэд буурвал, тэр нь их хэмжээний гадаад өрийн эргэн төлөлттэй давхцах магадлал өндөр байгаа юм. Ялангуяа манай экспортын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг зэс, нүүрсний ханшид шинжээчид найдлага тавихгүй байгаа нь дээрх эрсдлийг улам нэмэгдүүлжээ.

“Дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас шалтгаалаад зэс, нүүрсний ордуудад хөрөнгө оруулах сонирхол буурна. Зэс, нүүрс гэх мэт түүхий эдийн үнэ унаад ирэхээр манай зээлжих зэрэглэл буурах үндсэн шалтгаан болдог. Тиймээс гаднын зах зээлээс бид санхүүжилт татаж, бонд гаргахад илүү өндөр хүүгээр авна гэсэн үг.

Ийм сувгуудаар дамжиж гадаад худалдааны дайн Монгол Улсад нөлөөлөхөөр байна. Америк, Хятадын худалдааны дайн Монголд ийм бодит эрсдлийг бий болголоо. Алтны ханш өсөх боломжтой.

Тэгвэл манай валютын нөөц нэмэгдэнэ. Гэхдээ нийт экспортод эзлэх алтны хэмжээ 10 хувь ч хүрэхгүй тул үнэ өссөн ч нүүрс, зэсийн уналтын зөрүүг нөхөж чадахгүй. Түүнээс гадна манай улс алтны татвараа таван хувь болгосон энэ үед алтан дээр найдлага тавиад нэмэргүй” гэдгийг “Голомт” банкны шинжээч Г.Мөнх-Эрдэнэ онцолж байсан юм.

ХУДАЛДААНЫ ДАЙН ЦААШИД ХЭРХЭХ ВЭ

АНУ, БНХАУ улсын төлөөлөгч нарын хамгийн сүүлийн уулзалтын дараа Дональд Трамп “Манай төлөөлөгч нар Хятадаас эргэн ирсэн.

Уулзалт үр бүтээлтэй өнгөрлөө. Бид Хятадтай гурван сарын өмнө хэлэлцээрт хүрсэн гэж бодож байсан ч Хятад хэлэлцээрийн дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр АНУ-аас худалдан авсангүй” хэмээн жиргэв.

Улмаар Хятадын 300 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 10 хувийн тариф тогтоох талаараа мэдэгдлээ. Ингэснээр Хятадын АНУ-руу экспорт хийгддэг бүх бүтээгдэхүүнд татвар ногдож байгаа юм.

Ийнхүү жиргэхдээ Трамп “Бид худалдааны хэлэлцээрийн талаар яриагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Манай хоёр улсын ирээдүй маш гэрэлтэй байх болно” хэмээн дипломат арга хэмжээ авчээ. Түүний мэдэгдлийн дараа дэлхийн хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд ганхаж эхэлсэн бөгөөд худалдааны дайн анх эхэлсэнтэйгээ зүйрлэшгүйгээр хурцадлаа гэдгийг олон улсын хэвлэлүүд онцлох боллоо.

Худалдааны дайн явц дундаа технологийн салбарыг ч хамарсан. Хятадын талаас АНУ-ын зүгээс “Huawei” компанид тавьсан хоригийг цуглуулж, одоо ногдуулаад буй бусад төрлийн татварыг хуучин хэмжээнд н ь аваачихыг хүсэж буй.

Харин Вашингтоны эрх баригчид их хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспорт хийх байдлаар худалдааны тэнцлийн зөрүүг бууруулах, АНУ-ын технологийн компаниудын оюуны өмчийг хамгаалахыг БНХАУ-ын эрх баригчдаас шаардаж байгаа юм. Улс төр, эдийн засгийн сөргөлдөгч талуудын бусад орнуудад халдварлаж буй нь хамгийн ноцтой аж.

Тухайлбал, Япон-Солонгос, Энэтхэг-Пакистан тэргүүтэй олон жилийн турш сөргөлдөж буй талууд зөрчлөө бага худалдааны дайн маягаар хурцатгах болоод байна.


2018 оны долоодугаар сарын 6. АНУ Хятадын 34 тэрбум ам. долларын экспортод 25 хувийн татвар ногдуулж эхлэв. Хятад ч АНУ-ын 34 тэрбум ам. долларын экспортод 25 хувийн тариф тогтоов.

2018 оны наймдугаар сарын 6. АНУ Хятадын 16 тэрбум ам. долларын бүтээгдэхүүний татварыг 10-аас 25 хувь болгон өсгөв. Хариуд нь Хятад 16 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тогтоосон.

2018 оны есдүгээр сарын 24. АНУ Хятадын 200 тэрбум ам. долларын бараанд 10 хувийн тариф тогтоов. Хятад АНУ-ын 60 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулав.

2018 оны арванхоёрдугаар сарын 2. “G 20” уулзалтаар АНУ, Хятадын төрийн тэргүүнүүд ирэх 90 хоногийн хугацаанд дахин нэмэлт татвар ногдуулахгүй байхаар тохиролцсон. Энэ хугацаанд гадаад худалдааны талаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрвэл тарифаа нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон.

2018 оны арванхоёрдугаар сарын 14. Хятад АНУ-ын автомашины экспортод тогтоосон 25 хувийн татвар, автомашины хэрэгсэлд ногдуулсан таван хувийн татвараа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаатайгаар татвараас чөлөөлсөн. АНУ-аас дахин шар буурцаг импорт хийх шийдвэрт хүрэв. Шар буурцагны импортыг 2018 оны долоодугаар сард зогсоогоод байв.

2019 оны гуравдугаар сарын 31. “G 20” уулзалтаар худалдааны дайнд 90 хоногийн завсарлаад байсныг тодорхой бус хугацаагаар сунгасан. Ингэхдээ Хятадын зүгээс АНУ-ын автомашин болон түүний тоног төхөөрөмжид тогтоосон татварын хөнгөлөлтөө сунгав.

2019 оны тавдугаар сарын 10. АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварыг 10-аас 25 хувь болгож өсгөсөн бөгөөд нэмэлтээр 325 тэрбум ам. доллар бүхий бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлэв.

2019 оны тавдугаар сарын 16. АНУ Хятадын “Huawei” компанийг АНУ-ын технологийн компаниудаас худалдан авалт хийхийг хориглолоо.

2019 оны зургаадугаар сарын 1. Хятад АНУ-ын 60 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварын хувиа нэмэгдүүлэв.

2019 оны зургаадугаар сарын 28. Дональд Трамп, Ши Жиньпин нар “Их-20”-ийн уулзалтаар цаашид нэмэлт тариф тавихгүйгээр хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болоод байв.

2019 оны наймдугаар сарын 2. Дональд Трамп, Ши Жинпинь нар Шанхай хотноо хэлэлцээр хийсэн. Уулзалтын дараа Трамп ирэх сарын 1-нээс эхлэн нэмэлтээр 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тавина гэдгээ мэдэгдлээ.

Д.ДОРЖ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Үндсэн хуулийг өөрчлөх аархал

$
0
0

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хоёр ч хуулийн төсөл зэрэгцэж, УИХ өөрийн үзэмж, тааллаар Ерөнхийлөгчийн хуулийн төсөл, улс төрийн намуудын санаа оноог “саналын түвшин”-д л харгалзан үзэх нь тодорхой. Уг нь Үндсэн хуулийг өөрчлөх олон хувилбар бий. Улс орон, нийт ард түмнийхээ эрх ашгийг төрийн институци нь хамгаалж чадах эсэх нь Үндсэн хуулийн гол асуудал. “НИЙТ АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ” гэдэг асуудал бизнесийн сэтгэлгээтэй хэдэн улс төрчдийн ханцуй дотроо эрх мэдэл наймаалцах 

хэмжээний жижиг асуудал огтхон ч биш. Яг үнэндээ бол тэд ард түмний оролцоогүйгээр, ард түмний эрхийг өөр хоорондоо наймаалцан аархаж байна. Шинээр өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “иргэдийн эрх ингэж хөндөгдөж байгаа учраас”, эсвэл “төрийн байгууллага, сонгогдсон албан тушаалтнууд нь улс үндэсний эрх ашгийг дээдлээгүйн улмаас” гэсэн ганц ч бодитой үндэслэл алга. Үүний оронд харин өөрсдийн идэж уух сонирхол, олигарх бүлэглэлийн гадны захиалгад үйлчлэх сонирхлоо хориг саадгүйгээр гүйцэлдүүлэх санаагаар, “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой” гэж номчирхох юм. Хэвлэл мэдээлэл ч энэ дууг нь даган “найрал дуу”-гаар түрж, ёстой л нэг тархи угааж байна. Ямар ч нөхцөлд муу ажиллаж байгаа Засгийн газар, УИХ-тай хариуцлага тооцох боломж ард түмэнд нээлттэй байх ёстой.

Ерөнхийлөгч парламенттай, парламент нь засгийн газартайгаа хариуцлага тооцож чаддаг байг. Ард түмэн бол сонгуульд өгсөн саналынхаа хариуг 4 жилийн амьдралаараа хариуцчихаад байгаа шүү! Засгийн газар огцорно гэдэг бол нийгэм, ардчилалын тогтолцоо эрүүл байгаагийн, нийгэм нь авлига хээл хахууль, үр ашиггүй зарлагатай санал нийлэхгүй байгаагийн, гүйцэтгэх засаглалаас хариуцлага нэхдэг хэн нэгэн байгаагийн, ард түмэн илүү ихийг хүлээж, шаарддагийн илрэл. УИХ-ын гишүүдийг буцааж татна, УИХ-ын батлах хуулинд хориг тавина гэдэг бол болохгүй байна, сайжруул аа л гэсэн үг. 1993 оноос хойш Монгол Улсын долоон Ерөнхийлөгч нийт 63 удаа Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжид хориг тавьж, үүнээс 39-ийг нь УИХ хүлээж авчээ. 
1993-2017 онд Ерөнхийлөгч нарын тавьж байсан хориг
Анзаарч байгаа бол УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь улам л багасч, толгой нь улам л томрон данхайсаар… 
УИХ гадны компанийн шахалтад автаж, баталсан хуулиа хоёр ч хонолгүй цуцалж байсан цаг саяхан. Судалгаа үндэслэлгүй, алсаа бодоогүй, аль нэг олигарх бүлэглэл, эсвэл гадны бүлэглэлийн захиалгаар хууль баталж байгаа бол улс үндэсний эрх ашгийг гол болгож хориг тавих ямар нэгэн субьект зайлшгүй хэрэгтэй. 63 хоригоос 39-г нь УИХ хүлээж авсан нь эдгээр хоригууд үндэслэлтэй, зөв гэдгийг хууль тогтоох байгууллага өөрөө хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. УИХ-д хориг бас хэрэгтэй л байгаа биз дээ. Үе үеийн Ерөнхийлөгчид бас зөв л шаардлага тавьжээ. 
Тойргоос сонгогдсон улс төрч, улс төрийн нам, бүлэглэл, тойргийн эрх ашгийг чухалчилдаг бол нийт ард түмнээс сонгогдсон, улс төрийн намаасаа татгалзсан Ерөнхийлөгч нийт ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүрэгтэй. Гучин мянган иргэнээс сонгогдох, 3 саяын хүний саналыг авч сонгогдохын гол ялгаа нь энэ. 
Ерөнхий сайд С.Баяр толгойгоороо хариуцна гэж амлаад Оюутолгойн гэрээг хийсэн, тэгээд юу болов? Одоо Оюутолгойгоос алдагдал хүлээж байна. Тухайн үед хориг хэрэгтэй л байж! Монгол Улсын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Монголд төрийн бус байгууллагын урилгаар Далай лам ирсний төлөө гадны шахалтад автан толгой бөхийж, уучлал гуйсан удаа ч бий. Төрд хамаагүй, төрийн бус байгууллагын урилга заллагын өмнөөс ардчилсан улс гадныхны өмнө бөхөлзөх дотоодын асуудлаараа тайлан тавих шаардлага байгаагүй. Том толгойлсны л гай! 2000 оны Үндсэн хуулийг дордуулсан 7 өөрчлөлтөөс хойш Улсын Их Хурлын эрх мэдэл улам ихсэж, үр дүнд нь гэмт хэрэг хийхдээ үйлдэл дээрээ баригдаагүй бол ялгүй гэсэн ойлголттой, хүчирхийлэл үйлддэг, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг булаадаг, тэр ч бүү хэл “Эх орноосоо урвах” гэдэг зүйл заалтыг эрүүгийн хуулиас авч хаяад төрийн нууцыг гадны байгууллагад өгсөн, задруулсан нөхцөлд гадны байгууллагатай хамтран ажилласан хэмээн баталдаг парламенттай болчихоод байна. 60 тэрбумын авлигын сүлжээ ч мөн л хууль тогтоох байгууллага, засгийн газар бүхэлдээ Улс төрийн нам, олигарх бүлэглэлийн мэдэлд орсны гай юм. 
Сүүлийн үед элдэв аархалууд бүр дийлдэхээ байлаа. Зах зухаас дурьдвал, 7 сарын 1-нийг хүчээр дарах ААРХАЛ, Оюутолгойн гэрээг хийхдээ толгойгоо тавих С.Баярын ААРХАЛ, УИХ-аа давж Дубайд гэрээ хийдэг Ч.Сайханбилэгийн аархал, Ц.Элбэгдоржийн АСЕМ-ийн ААРХАЛ, төрийн албыг худалдсан М.Энхболдын 60 тэрбумын ААРХАЛ, сонгуульд ялсны учир Сонгуулийн Ерөнхий хорооны даргыг шагнах ААРХАЛ, олонхи болсон 65-ын талцсан ААРХАЛ, ЖДҮ-чин гишүүдийн ААРХАЛ, авлига авдаг захын хурган дарга нарын Ланд 200 худалдаж авах ААРХАЛ, Ж.Мөнхбатын концессийн ААРХАЛ, албан шугамаар олж авсан мэдээлэлдээ дулдуйдах Хурцын ААРХАЛ, Эрдэнэт үйлдвэрийг хулгайлж авсан МАНАН бүлэглэлийн ААРХАЛ, хүчирхийлэгчдээ хамгаалах УИХ-ын ААРХАЛ, үгэнд ордоггүй УИХ-ын гишүүдээ намаасаа хөөж бүлгээ тараах С.Эрдэнийн ААРХАЛ, Үндсэн хуулийг өөрчлөх Г.Занданшатарын ААРХАЛ… дахиад ямар аархал хүлээж буйг мэдэх юм алга. Их л аархаж байна даа… 
Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхой, хязгаартай байх нь мэдээж чухал. Тэгэхдээ Улсын Их Хурал өөрөө тавьсан хоригуудыг нь хүлээн зөвшөөрчихөөд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа болохоор бид ажиллаж чадахгүй байна гэх нь утгагүй. Эрхэлж гэдийгээд нуруугаараа савж унасан айлын хүүхдээс ялгаа алга. Тэгсэн мөртлөө аархахдаа ямар гаргууд гээч! 
Их хурлын 76 гомдоллож, эрхэлж, хойшоо савж унаад байхын оронд хуулиа л чанартай батал! Хэн ч та нарт саад хийгээгүй! 
Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аль аль нь харилцан хяналттай чиг үүрэг нь холилдоогүй тус тусдаа байвал л улс үндэсний эрх ашиг хамгаалагдана. Дор дороо хариуцсан ажлаа л сайн хийвэл болох нь тэр. Түүнээс хэн нэг нь эрх дарх болгоныг өөр дээрээ овоолж, аархсанаар сайн юм болохгүй. Ээ дээ, энэ аархах өвчин үү…? 
Үндсэн хуулиар байгуулагдсан Монгол улсын төрийн тогтолцоо гэдэг том утгаар нь авч үзвэл өнөөгийн хямралын гол үндэс болсон дутуу дулимаг хууль баталдаг УИХ-ын хариуцлага сахилга батыг дээшлүүлэх, чадвар муутай Засгийн газрыг шахахад л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт чиглэх ёстой. Аль ч талыг барилгүйгээр хөндлөнгийн нүдээр харахад бодит байдал ийм л харагдаж байна. 
Үндсэн хуулийн өөрчлөлт бол Ц.Элбэгдоржийн хэлдгээр “Оюутолгой” гэдэг охиноо гадныханд найр тавин үнэгүй шахам өгч буй хэрэг огт биш, эсвэл А.Баатархуягийн хэлдгээр хүүгээ өгч байгаа хэрэг бас л биш, харин мөрөн дээрх бөндгөрөө хэнд тушаах вэ гэдэг асуудал юм шүү! Улс үндэсний эрх ашгийг хэн нэгэн ганцаараа хамгаалахгүй. Хэн нэгэн хүн дангаараа үүрэх ч ачаа биш.
Харилцан тэнцвэртэй, хяналттай төрийн тогтолцоо л хэрэгтэй! 
Хориг тавьдаг Ерөнхийлөгч, хуулиа сайжруулдаг УИХ, ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээдэг Засгийн газартай больё. Аль аль нь л ажлаа хийж чадахгүй бол огцордог байг! Зүгээр л 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтөө л буцаачих. Хүчингүйд тооцсугай гэсэн ганцхан өгүүлбэр л батална. Илүү шунах хэрэггүй.
Өрөөлийн үгийг авдаггүй, зөвхөн өөрөө л хүсвэл огцордог болох гэж зүтгэхээ УИХ боль, ямар эзэн хаан биш! УИХ өөрөө өөрийнхөө эрх мэдлийг нэмэх нь ч ашиг сонирхлын зөрчилтэй л харагдаад байна. ААРХААД БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ…! Эхлээд ард түмнийхээ амьдралыг сайжруулж, бүгдийг нь аархуулчихаад дараа нь өөрсдөө аарх л даа… 
Монгол Улсын иргэн М.Хастөр

Эх сурвалж: sonin.mn

Б.Хурцын хэргийг хуулийнхан “хаачуулах” бол...

$
0
0

Олны анхаарлыг татсан шүүх хурлуудын нэг нь ТЕГ- ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнтэй холбоотой. Тэд төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаад байгаа. Шүүх хурлыг өнгөрсөн сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан учраас шүүх хурал энэ сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Харин Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн хуралдаж, шүүгдэгч нарын гомдлыг хүлээж авахаас татгалзжээ. Тиймээс шүүх хуралд өмнөх бүрэлдэхүүн орно гэсэн үг. Шүүх хуралдааныг маш нууц учраас хаалттай хийнэ. Гэхдээ энэ хурлыг нээлттэйгээр зохион байгуулж болно гэдгийг зарим өмгөөлөгч өөрийн цахим хуудсандаа ч бичжээ.
Тухайлбал, өмгөөлөгч Б.Мэргэн “Нэгэнт улстөрчид нь хэрэгтэй хэсгүүдээ Засгийн газрын тогтоолоор ил болгочихсон. Хүсвэл цаашид ч ил болгоно. Нууц, далд байх ёстой тагнуулын туслах ажилтнуудыг ч ил болгочихсон учраас одоо бол нуугаад байх зүйл бараг үлдээгүй” гэх агуулгатай пост оруулжээ. Үнэхээр ч С.Зоригийн амийг хороосон хэрэг 1999 оноос хойш улстөрийн шоу болж, нэр дэвшигч бүр илрүүлэх талаар ярьдаг байсан.
Арайхийн илрүүллээ гэтэл дахин эрүүдэн шүүсэн гэх асуудал дэлгэгдсэн гэх зэргээс харвал энэ тавилттай жүжиг байх магадлалтай гэх хардлагыг төрүүлж байна. Түүнчлэн асуудлыг нэг мөр дуусгаж, хэргийг шийдвэрлэе гэж байгаа бол тодорхой хүрээнд ил болгох боломж хуульд байгаа бололтой. Тиймээс энэ сарын 12-нд олон хүний хувь заяаг шийдэхдээ хэрхэхийг бид харах л үлдэв бололтой.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn

Б.Чойжилсүрэнгийн уурхайг сайд Д.Сумьяабазар нууцаар СТРАТЕГИЙН ОРДОД оруулжээ

$
0
0

Засгийн газар 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 30 тоот тогтоолыг баталсан. Үүгээр нийт зургаан орд газрын хилийн заагийг тогтоосон байдаг. Тэдгээр зургаан ордын нэг нь Нарийн сухайтын нүүрсний орд газар юм.

Стратегийн ангилалд багтдаг уг бүлэг ордын чухам аль хэсгийг стратегийн ангилалд багтааж хил заагийг тогтоох вэ гэдэг асуудлыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дагуу Засгийн газар шийдсэн гэсэн үг юм. Ашигт малтмалын тухай хуулиар орд газрын хил заагийг тогтоох эрх нь Засгийн газарт бий ч УИХ яаж тогтоохыг нь тогтоолд тодорхой зааж өгдөг. УИХ-ын тогтоолдоо тусгахдаа Нарийн Сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг Чинхуа Мак компанитай өмнө нь байгуулсан тогтвортой байдлын гэрээний нөхцөлийн хүрээнд тохирсон хил заагийг хэвээр хадгалахыг тодорхой зааж өгсөн юм байна.

УИХ ийм тодорхой чиглэлийг тогтоолдоо тусган баталсан байтал Нарийн Сухайтын орд дээр хилийн заагийг дур мэдэн өөрчилж, Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар олборлолт хийсээр байгаа “Сауд Гоби Коэл транс” компанийн лицензтэй талбай болох 153 мянган га газрыг Нарийн сухайтын стратегийн ордын хилийн заагт оруулсан “Хавсралт-1” гээчийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Засгийн газрын тогтоолд “шургуулжээ”.

УИХ 2015 онд тогтоол баталж, Тост Тосон бумбын нурууны 893 мянган га газрыг байгалийн нөөцөд төрийн тусгай хамгаалалтад авах, ингэхдээ хилийн заагийг Засгийн газар тогтоохыг даалгасан байдаг. УИХ-ын уг тогтоол батлагдсанаас жилийн дараа буюу 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын газрын хилийн заагийг тогтоохдоо танхимынхаа Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд гоби коэл транс” компанийн уурхайн лиценз бүхий 153 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдээсэн байсан.

УИХ-ын шийдвэрийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрээр давуу эрх олж, байгаль орчныг сүйтгэсэн, хууль бус уурхайн олборлолт эрхэлж байгаа “Сауд гоби коэл транс” компани нь яг өмнөх мэхээ давтаж, энэ удаад Стратегийн ордын ангилалд орж авлаа. Стратегийн орд газарт төр тодорхой хувийг нь эзэмших зохицуулалттай. Тэгэхээр “Сауд гоби коэл транс” компани нь тодорхой хувиа төрд шилжүүлж, төртэй хамтран эзэмших нөхцөл үүссэн гэсэн үг юм.  Говийн эмзэг эко систем Тосонгийн нурууны усны хагалбар дээр олборлолт явуулж байгаа хууль бус үйлдлээ тийнхүү төрийн нэр дор халхавчлах заль сэдсэн байна.

З.Боргилмаа 

Эх сурвалж: zindaa.mn

 

Монгол морь ямар агуу хүчтэй юм бэ?

$
0
0

Ахлагч Тагаев Айбек (Киргиз улс)

Адууны асар их соёлтой Монгол Улсад ирсэндээ маш их баяртай байна. "Аравт” уралдаанд оролцсноо их хувь заяа гэж бодож байна. Цэрэг хүний ур чадварыг сорьсон хамгийн хүнд даалгавар нь 130 км алсын зайн морин марш байлаа. Бид ч бага зэрэг ядарч, морь ч гэсэн бага зэрэг цуцсан.

Гэхдээ монгол морь ямар агуу хүчтэй юм бэ гэдгийг харлаа. Монгол, Киргиз улсын хувьд газар нутаг болоод цаг агаарын хувьд тун ойролцоо болохоор хүндрэл бэрхшээл гараагүй. Манай өвөг дээдэстэй өнө мөнхийн нөхөрлөл харилцаатай байж ирсэн Монгол оронд дахин саатах болно. Монгол орон нь үзэсгэлэнт сайхан байгальтай, цэрэг дайчид нь ур чадвар, тэсвэр хатуужилтай шилдэг хөвгүүд юм байна.

Эх сурвалж: tusgaar.mn

Viewing all 19968 articles
Browse latest View live